Мэдээ мэдээлэл

Бригадын генерал Б.Амгаланбаатар: Зүүнбаянд цагдаа, тагнуулынхан ажиллаж байна

Хуваалцах:
Зэвсэгт хүчний жанжин штабаас өнөөдөр амиа алдсан цэргийн алба хаагчийн талаар мэдээлэл хийлээ. Бригадын генерал Б.Амгаланбаатар “Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир хэн нэгний нэрийг дурдах боломжгүй.
Уг хэрэг явдал 2019 оны нэгдүгээр сарын 22-ний өдрийн 14.30-16.00 цагийн хооронд болсон. Энэ хугацаанд ангийн захирагчийн тогтоосон журмын дагуу тав зургадугаар цагийн хичээл орж байсан. Энэ үед салбарын ахлагч нар цэргийн ангид үзлэг хийсэн. Үзлэгийн явцад  эмх замбараагүй хадгалсан эд зүйлс, гар утас олдсон. Салбарын захирагч дотоод журмыг зөрчиж гар утсаар ярьсан байна хэмээн цэргүүдэд сахилгын арга хэмжээ авхуулах үүрэг өгсөн. Ахлагч цэргүүдийг талбай дээр гүйлгэсэн.
Тухайн үед талийгаачийн дотор эвгүйрхээд гүйж чадахгүй байна гэсэн тайлбарыг өгсөн. Дараа нь талийгаач гүйж байх хугацаандаа дотор нь эвгүйрхэж биеийн байдал нь мууджээ. Талийгаачийн бие муудахад орон дээр хэвтүүлж, дэргэд нь байсан ахлагч нар гар хөлөнд нь массаж хийн, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Дараагийн хичээл ороход талийгаач таталт өгсөн тул багийн эмчийг дуудаж талийгаачийг Зүүнбаянгийн эмнэлэг рүү авч явсан. Тэгтэл эмнэлэг рүү явах замдаа нас барсан. Ингээд багийн эмч үзээд зүрх нь зогссон талаар хэлж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Ар гэрийнхэнд нь бид өглөө дуулгаж ар гэрийнхэн нь удирдлагуудтай уулзсан.
Ажлын хэсгийн дүгнэлтээр хэд хэдэн зөрчил илрүүллээ. Тухайлбал, ангийн удирдлага сахилга, хяналт сул байсан. Хоёрдугаарт салбарын захирагч шийдвэр гаргахдаа цэргийн сахилгын дүрмийг зөрчсөн байсныг тогтоосон. Гуравдугаарт, эмнэлгийн анхан шатны тусламжийг хожимдож үзүүлсэн. Иймээс ажлын хэсгийн дүгнэлтийг салбарын сайдад танилцууллаа. Одоо Зүүнбаянд цагдаагийн байгууллага, тагнуулынхан хэргийн газар ажиллаж байна" гэлээ.
 
скачать dle 12.0