Нийтлэл

Хотын залуусын гоёл, соёл иймхэн байх гэж

Хуваалцах:

Хот хөгжиж байна гэдэг ч залуус  маань хоцрогдоод байна уу даа. Уг нь бол хамгийн сүүлийн үеийн гар утас барьчихсан, хувцасны мода үзүүлсэн шигээ, гадаад хэлээр ус цас шиг ярьсан шигээ яваа нь ганган юм аа.
Зарим нь дэлхийн том сургуулиуд төгсөөд ирсэн, зарим нь дотоодынхоо их, дээд сургуульд суралцаж байгаа нь үнэхээр бахархмаар. Сүүлийн үед залуус шаардлагаа зөв тавьдаг болсон, талбайд жагссан ч үзэл бодлоо соёлтойгоор илэрхийлж байна гээд магтах болсон. Гэхдээ зарим нь хувцсаа тайлж нүцгэлж, гахай нохой шиг орилж ёс бус авир зан гаргах энүүхэнд. Гэрэл гэгээ түгээсэн, сайн сайханд уриалсан юм ч зөндөө. Саяхан л гэхэд МУБИС-ын урд талын нүхэн гарцыг угааж цэвэрлэж, автобусны буудлуудын тоос шороог залуус сайн дураараа цэвэрлэж, нийгэмд сайн үйлсийн хонх цохисон.
Хотын залуусын гоёл, соёл энэ мэтээр өөрчлөгдөж, шат ахиж байгаа ч шалдаа унасан нь ч байна.
Хоёрхон жишээ хэлье. Мартын 8-ны өмнөхөн “Хүүхдийн 100” гэж нэрлэгддэг  худалдааны гудамж руу очлоо. "Наран Молл" дэлгүүрийн нэг давхар дахь “кофе шоп”-д таван үг солихоор танил эгчтэй болзсон юм. Үүдээр оруут суудал алга гэсэн хүмүүс хүлээгээстэй. Цааш харвал дөрвөн суудал бүхий ширээн дээр нэг охин бичиг цаас дэлгээд тэгнээд хэвтчихэж. Сул байгаа гурван суудлын хоёр дээр сууж болох, эсэхийг асуутал “Би хичээлээ хийж байна” гэнэ. Уучлаарай, саад болохгүй кофе уучихаад гарна гэлээ. Таван үг аяархан сольтол өнөөх охин “Би хичээлээ хийж байна, битгий саад болоод бай” гээд ном, дэвтрээ шидэх нь тэр. “Тийм бол чи номын санд очиж суух хэрэгтэй дээ” гэтэл “Хаана суух нь миний эрх” гэж хашгирав. Уг нь тэнд мөнгөө төлөөд үйлчлүүлж байгаа хэн ч суух эрхтэй, түүнд өмчлүүлсэн ширээ биш байлтай.
Тэндээс гараад автобусанд суулаа. Том үүргэвч үүрсэн залуугийн үүргэвчиндээ зүүсэн олон гархин гоёлд зургаан настай жаахан охины үс орооцолдчихсон ээж нь салгах гэж үйлээ үзэж явна. “Чи үүргэвчээ буулгаад салгаад өгчихөөч” гэж залууд хэлтэл “Би орооцолдуулсан биш” гээд жишим ч үгүй гар утсаа ухаад цаашаа харж зогсоно. Манай хотын залуусын гоёл, соёл ийм л  байна даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0