Өвөлдөө цэвдэгт баригдаж, хавартаа шар усны уруйд автаж, зуны их борооноор үер, шавхайд боогдон сандардаг хэсэг бүлэг айл нийслэлийн тойронд бий болоод удлаа. Ямар аргаар боловч Улаанбаатарт хүрчихвэл ажил, амьдралтай залгана гэж мөрөөдсөн, үр хүүхдээ сургууль соёл бараадахад нөмөр түшиг болох гэсэн, эрүүл мэндийн шалтгаанаар гээд олон замаар тэд энд ирсэн.
Ирсэн хойно буух газар олно гэдэг бэрх тул амь насаа золиод ч болтугай буурьтай болсон нь үерийн ам, цэвдэг, намагтай хоосон газар. Ийм газар олдсонд олзуурхан хашаа хатгаад мөнхийн мөс, усан дундах амьдралаа эхэлнэ. Сонгууль дөхөхөөр нэр дэвшигчид юу хүссэнийг нь биелүүлж өгдөг шидтэний дүрд хувилдаг зангаараа нөгөөх айлуудад газар эзэмших эрхийг нь өгчихнө. Ингээд цэвдэг, үерийн хооронд хоног төөрүүлдэг, нөгөө талаараа хүний өмнөөс амьдарч буй мэт байнгын зовлон тоочиж, тусламж нэхэж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө эрсдэл үүрсэн бүлэг айл цөөрөх бус нэмэгдэнэ.
Сонгинохайрхан дүүргийн “Хилчин” хотхоны өмнөх хэсэг газар 2000 оноос өмнө Намаг гэдэг нэртэй хоосон талбай байлаа. Намаг шалбаагтай, байнгын халиа тошин үүсдэг тийм л орчин. Бороо хур элбэгших үед үерлэж хүний аминд ч хүрчихдэг гол Баянхошууны зүүн салаанаас Намаг тийш урсдаг. Тэр голын адгийг одоо дараад айлууд суурьшсан ч байж мэднэ. Тэнд буусан айлуудаас өвөлдөө халиа тошингийн, зундаа үер усны дуудлага тасрахгүй. Өнгөрсөн өвөл халиа гүйж хөлдсөөр голын хөлдүү толион дээр амьдарч буй мэт байдалд хүрч, дүүргийн онцгой, тохижилт үйлчилгээнийхэн мөсөн ангал дундуур хөгшид хүүхдийг нь үүрч дүүрч хуурай газарт гаргаж буйг зурагтаар харцгаасан. Гэр орон, машин тэрэг нь мөсөнд барьцалдаад хөлдчихсөн, өөрсдөө мөнхийн усны гуталтай амьдардгаа оршин суугчид хэлж байв.
Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооныхон гэж мөн ийм нөхцөлтэй айлууд бий. Газар заагаад өгөхөд “Хотоос хол” гэдэг шалтгаар нүүдэггүй. Гэтэл ядаж л байнгын ус, цэвдэг, шалбааг дунд өсөж буй хүүхдийн цаашдын эрүүл мэнд ямар байх вэ гэдэг хэн бүхэнд ойлгомжтой. Аюул эрсдэлтэй байршилд газар эзэмших эрх өгсөн байлаа ч тэр айлууд ядахдаа үр хүүхдийнхээ эрүүл мэнд, ирээдүйн төлөө хотын төвөөс алсдуу боловч аюулгүй байршил сонгох үүрэг хүлээх ёстой. Нэгэнт үерийн ам, булгийн эх, намагтай газарт хашаа хатгачихаад хүчээр тэнд буулгасан мэт “Авар, тусал, уснаас гаргаж өг, мөснөөс эд хогшил татаж аль, хүүхдийг минь үүрээд яв, үерт гэр буулаа, үлдсэнийг нь шавраас сугал, гэрэл цахилгаан тасарлаа, залга” хэмээн гуйх, зандрахын хооронд аж төрж суудаг тэдэнд дахиад л ээлжит аюул ирж яваа.
Зуны сар гарлаа. Үер усны аюулаас сэрэмжлэх тухай анхааруулгыг холбогдох газраас нь өгөөд эхэлчихлээ. Нар буцсаны дараанаас бороошино. Үер бууна. Эд хөрөнгө бүү хэл амь насаараа хохирно. Намар тийшээ мартагнаж суутал өвөл халиа гүйнэ, цэвдэгшинэ. Хавар нөгөөх нь хайлж шар усны үер залгана. Байгалийн хууль хэцүү. Булаг шанд хэчнээн даруулсан ч оргилж гарна. Намаг гэсэхээрээ шалбааг татаж шавхайтах л болно. Гол ус дарагдсан ч судлаа даган ил гарч, уулын энгэрийн уруу газарт үер бууж л таарна.
Өөрсдөө хариуцлагатай байж амь насаа бодон ахин дахин аюулд өртөхгүй байхыг иргэд өөрсдөө анхаарах ёстой. Үерийн цаг дөхөж явааг тэр айлууд мэдэж л байх учиртай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН