Залуучууд ажил хөдөлмөрийн талаар өөдрөг бөгөөд романтик төсөөлөлтэй байдаг хэдий ч хүн дуртай ажлаа хайрлаж, жаргаж хийх ажлаа олохын тулд хэд хэдэн хүсээгүй ажил хийх үе ч тулгардаг талаар Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Г.Тэгшбүрэн онцлов.
- Сайн байна уу. Тэгэхээр их, дээд сургууль төгссөн, ажлын талбарт гараад удаагүй байгаа залуучуудыг хөдөлмөрийн ямар нөхцөл байдал, зах зээл хүлээж, хүрээлж байна вэ?
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд 100 гаруй мянган хүн идэвхтэй ажил хайж байдаг. Нөгөө талд бизнесийн байгууллагууд 75-85 мянган хүн ажилд авах хэрэгцээтэй байдаг. Математикаар бодохоор хэрэгцээ нь шууд хангагдахаар. Гэвч тоо биш, чанар агуулгын хувьд маш асуудалтай. Өөрөөр хэлбэл, бизнесийн байгууллагын ажлын байранд тавигдах шаардлага сургууль дөнгөж төгссөн, ажил идэвхтэй хайж байгаа хүмүүсийн нөхцөл байдалтай тэр бүр тохирдоггүй. Ганц хоёр байгууллагад ажилласан, хөдөлгөөнтэй байгаа хүмүүс мөн л тохирдоггүй. Шалтгаан нь компаниуд диплом биш ур чадварт нь суурилж сонголт хийдэгтэй холбоотой.
Компани бол бизнесийн байгууллага. Ажилд авсан хүн нь зах зээлийн хурдыг гүйцэж, компанид гүйцэтгэлтэй ажиллахгүй бол цаг хугацаа, үргүй зардал урсах болчихдог. Ийм учраас зах зээлд идэвхтэй ажил хайж байгаа 100 мянган хүн байдаг ч компаниудын зарласан ажлын байранд дийлэнх нь тохирдоггүй.
- Залуучууд аль нэг байгууллага, компанид ажилласнаас өөрөө гарааны бизнес хийх нь дээр гэж бас үздэг болжээ. Энэ талаарх таны бодол?
Харвардын тухайн орны бизнесийн орчныг дүгнэдэг 1-4 хүртэлх үнэлгээнээс Монгол Улс 4 буюу төр засгийн бодлого, эдийн засаг, бизнесийн салбарын бодлого тогтворгүй гэсэн муу үнэлгээтэй. Эдгээр орчин тогтвортой бол Сингапур, Америк, Канад шиг хөрсөн дээр үр тариад цэцэг ургуулдагтай л адил гарааны бизнесээ “ургуулж” болдог. Гэтэл одоо бол залуучууд Монголд гарааны бизнес эхлүүлэхийн тулд зах зээл рүү маш харанхуй ордог. 100-д эсвэл 1000-д нэг л онох магадлалтай. Тэгэхээр 4-р зэргийн муу орчинд гарааны бизнес хийнэ гэж явж байхаар оюутан байхаасаа дадлага хийх байгууллагаа зөв сонгоод, ажиллаж явсаар төгсөөд яг ажиллах газраа олох хэрэгтэй.
Мянган бээрийн аялал нэг алхмаас л эхэлнэ гэж үг бий. Энэ бүх зүйлд хугацаа шаардана гэдгийг ойлгох хэрэгтэй. Манай залуучууд маш их яардаг. Яарвал даарна шүү дээ. Багаасаа хэрсүү аргаар, алхам алхмаар урагшилж, ажиллах компаниа сонгох хэрэгтэй.
- Ихэнх залуучууд бага цагаар бүтээмжтэй ажиллаад ахиу цалин авах хүсэлтэй байдаг. Мөн шинэ үеийн залуус ажил амьдралын тэнцвэртэй байдлыг эрхэмлэдэг гэж олон судалгаанд дурджээ. Монголд ийм хэв маягаар ажиллах боломжтой юу?
Ажлынхаа эхний 1-5 жилд бол ажил амьдралын тэнцвэрээ өөрөөр буюу ажил 10 гэвэл амралт 1 гэсэн харьцаатай тодорхойлох нь арай бодитой. Яг үнэндээ бага цагаар ажиллаад ахиу цалин авах боломжгүй. Залуучуудын хувьд аль болох олон цагаар ажиллаж, ахиу цалин авна гэж л ойлгох хэрэгтэй. Азийн орнуудаас Сингапурт нэг цагийн үнэлгээ 40 доллар. Харин Монголд шинэхэн ажилтны цагийн үнэлгээ 3 доллар. 2 болон 3 дахь жилээс арай ахиу болдог. Тиймээс карьерынхаа эхний жилүүдэд нэг биш, хэд хэдэн ажил хийж, өөрөө цагаа зохицуулах замаар хувийн санхүүгээ авч явж болно.
Компаниуд бол хөдөлмөрийн хуулиа бариад яг 8 цаг л ажиллуулдаг болчихсон. Хөдөлмөрийн хуулиар хүн ажил гүйцэтгэлээр хэдэн ч ажил хийх боломжтой болчихсон шүү дээ. Дэлхий дахинд үндсэн ажлын байрнаас гадна дэд ажлын байр гэсэн ойлголт хүртэл үүссэн байгаа.
- Тэгвэл дэд ажлын байрнаас гадна үндсэн ажлаа хийх байгууллага, компаниа хэрхэн сонгох вэ?
Хүн мэдээж дуртай мөн чаддаг ажлаа сонгож хийх нь зөв. Гэхдээ залуучуудын хувьд шууд мөрөөдлийн ажлаа, компаниа олно гэдэг хэцүү. Хүссэн ажлын байранд хүрэхийн тулд дургүй, хүсэхгүй байгаа хэд хэдэн ажлыг хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд олон залуучууд ордог. Гэхдээ зүгээрээ, энэ бол хүний ажлын карьерын л нэг хэсэг. Энэ хугацаандаа хичээл зүтгэлтэй, хариуцлагатай, тэвчээртэй байж чадвал яг өөрт тохирсон, жаргаж хийдэг албан тушаал, ажил, компанидаа орох үүд хаалга нээгддэг.
Харин ажиллах байгууллагаа сонгохдоо хүн төвтэй буюу хүнлэг хүний нөөцийн бодлоготой, бүтцийн хувьд багаар ажилладаг, ажилтнаа шударгаар үнэлдэг газар ажилд орчихвол л болох нь тэр.
- Хүн үндсэн ажлын байрандаа хэр хугацаанд ажиллах хэрэгтэй вэ? Нэг компанид урт хугацаагаар ажиллах нь тухайн хүнд өгөөжтэй юу?
Залуучууд аль болох эрт буюу оюутан байхаасаа дадлагаар, туршилтаар, эсвэл үндсэн ажилтнаар ажиллаж үзэх нь маш чухал. Дунджаар 5 жил ажиллахад тухайн байгууллага нь тухтай бүс болдог гэсэн судалгаа ч бий.
Үндсэн ажлын хувьд дараах 4 төрлийн сонголт байна гэж ойлгох хэрэгтэй. Нэгд. Том группт ажиллах. Тухайн групп компанийн охин компаниудад 2-3 жилийн хугацаатай дамжин ажиллах. Ингэснээр ажилтан ур чадварын хувьд өсөж хөгжих боломж нэмэгддэг гэж үздэг. Хоёрт. Гэр бүлийн бизнестэй, жижиг байгууллагад цөөн хүнтэй багийн гишүүн болж зөвхөн нэг ажил биш, өөр өөр ажлыг хийх чадвартай болох. Гуравт. Том компанид туршлага хуримтлуулаад жижиг компаниудад менежер, удирдлагын түвшинд ажиллах. Дөрөвт. Жижиг компанид өндөр ур чадвар эзэмшээд том компанид орж, карьераа ахиулах боломжтой байдаг.
Эцэст нь миний хувьд хүн ямар насны бүлэг, ямар үед хамаарч байгаа нь тийм ч чухал биш. Угаасаа цаг хугацааны эрхээр үе солигдож л байдаг. Гол нь өөрийнхөө зан төлөв, оюун ухаан, бие бялдрын төлөвөө зөв тодорхойлоод, өөрийгөө эхлээд таньж мэдэх нь чухал. Тэгээд өөртөө зорилго тавьж түүнийхээ төлөө тэмүүлэх хэрэгтэй. Мөн зөв төлөвшил хүмүүжилтэй, эерэг хандлагатай, хүндэтгэлтэй харилцаатай, үнэнч чанар зэрэгт суралцвал энэ бүх зүйл зөв ажлаа, зөв компаниа олох суурь болж өгдөг шүү гэж захимаар байна.
АЖЛАА ЗӨВ СОНГОХООС АМЖИЛТ ЭХЭЛДЭГ
Сэтгүүлч: А.Уянга