Уг нь бид 2022 онд газрын тос боловсруулах үйлдвэртэй болчих байлаа. Гэвч тэгсэнгүй. Дараа нь 2023 онд болгож нэг жилээр сунгаад, дараа нь дахиад л нэг жилээр сунган 2024 онд боловсруулах үйлдвэрийн барааг харахаар болсон. Сүүлд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн албан ёсны цахим хуудаснаас харвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2027 онд ашиглалтад оруул” гэж үүрэгдсэн гэх шив.
Үе, үеийн Засгийн газрын мөрөөдөл нь газрын тос байсаар ирсэн. Дотоодын багахан хэрэгцээгээ урд, хойд хөрш гэж царай алдалгүй өөрсдөө хангах хүсэл тээсээр ирсэн ч эвээ олохгүй байсаар 2015 онтой золгосон юм. Тэр жилийнх нь тавдугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчлан, найман жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно гэдгээ амлав.
Модигийн амлалтаас жил хүрэхгүй хугацааны дараа манай төлөөлөгчид 2016 оны IV сард Шинэ Делид айлчилж зээлийн нөхцөлөө хөнгөвчлөхийг гуйжээ. Гуйлт ёсоор болж зээлийн хүүг жилийн 1.75 хувь, хугацааг 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаанд долоон жил байхаар тохролцсон юм. Уйтгартай тоон мэдээлэл хүргэдэг учир нь бид ийм хэмжээний хөрөнгийг төлнө гэдгийг л сануулах гээд байгаа хэрэг. Гэвч гуйлт үүгээр дууссангүй. Манай талаас зээлийг 236 саяар нэмэгдүүлэхийг хүсэж улмаар үүнийг нь Энэтхэг улс зөвшөөрсөн. Зээлийн төлбөрийг бид энэ оноос төлөх байсан боловч УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 онд айлчлахдаа зээл төлөх хугацааг 2025 он болгож хойшлуулжээ. Тус зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг 2023 оны хоёрдугаар сараас эхлэн жил бүр 64.5 сая ам.доллароор төлөх хуваарьтай байсан юм. Гэвч 2023 оны хоёрдугаар сарын байдлаар зээлийн нэг тэрбум ам.доллароос 112 сая ам.долларыг авч ашиглаад байна. Тиймээс маш бага ашиглалттай байгаа уг зээлийн эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх саналыг Энэтхэгийн талд тавьж, 2023 оны наймдугаар сарын 17-нд дэд зээлийн гэрээнүүд байгуулж, эргэн төлөлтийг хойшлуулаад байна. Дэд зээлийн гэрээ нь зээлийн үндсэн төлбөрийг 64.5 сая ам.доллар байсныг 13.1 сая ам.доллар болгон бууруулж байна. Мөн EPC-02, EPC-03 багц ажлын зээлийн санхүүжилт болох 789.0 сая ам.долларын үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг дахин долоон жилээр сунгажээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллахдаа хэлсэн үгийг нь харвал зээл төлж эхэлснээс хойш хоёр жилийн дараа үйлдвэр ашиглалтад орох бололтой. Гаднын талаас зээл өгдөг юм байж. Хөрсөн дээр юу болж байгаа вэ гэдэг нь нэг асуудал. Одоо манай талаас боловсруулах түүхий тосны эх үүсвэр, нөөцийн тасалдалгүй байдлыг шийдэх ёстой. Түүнчлэн хий мөрөөдлийн тооцооллоо чамбайруулж, үндэслэл бүхий тооцоолол гаргах шаардлагатай. Үүнийг мөхөс бичээч би бус мэргэжлийн хүмүүс нь хэлээд байгаа юм. Төслийн албан ёсны мэдээллийг харвал Тосон уул, Тамсагийн ордоос түүхий тос татаж боловсруулна гэж мэдээлжээ. Дорнодын талаас татах түүхий тосны тээвэрлэлтэд, боловсруулах үйлдвэрийн стандартыг хангаж чадах эсэх нь нэн бэрх аж. Жилдээ 1.5 сая тонн газрын тос боловсруулах зорилготой энэ үйлдвэрээс шингэрүүлсэн шатдаг хий, авто бензин, дизель түлш, онгоцны түлш, зуухны түлш гарах ёстой.
Мөрөөдөл, гуйлга ийм байдаг юм байж. Харин Алтанширээд юу болж байгаа вэ гэдэг асуулт гарч ирнэ. Бүтээн байгуулалтын ажлыг үндсэн дөрвөн хэсэгт хуваажээ. Эхний багц ажил буюу Технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг энэ онд багтаан дуусгах зорилттой байгаа. Харин хоёр, гурав дахь багц ажил болон түүхий тос дамжуулах хоолой байгуулах ажил энэ оны дөрөвдүгээр сард албан ёсоор эхэлжээ. Одоо дөрөв дэх багц ажлын барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаад байна. Уг нь өдийд ашиглалтад орох байсан бүтээн байгуулалт хойшлоод байгаа нь нэг талаас “Ковид-19” цар тахал байна. Энэтхэгийн талд ковидын халдвар их, манай талд дотоодод халдаад байсан хүнд цаг үед бүтээн байгуулалтын ажил 1.5 жилээр хойшилжээ. Түүнчлэн хөрөнгө оруулагч тал болон манай талд өрнөсөн улстөрийн үйл явдлууд ч нэрмээс болсон нь дамжиггүй.
Дорноговь аймгийн Алтанширээ суманд барих газрын тос боловсруулах үйлдвэрийн явц нэг ийм байна. Таван жилийн дотор их юм өөрчлөгджээ. Бид зээлийн хэмжээг 236 саяар нэмэгдүүлж, зээл төлөлтөө ч хойшлуулж, үйлдвэрийн ажил эхэлж байхад цар тахал дэгджээ. Цар тахлын өнгөн засаг солигдож, Ерөнхий сайд байсан нь Ерөнхийлөгч болж, Засгийн сайд байсан нь Ерөнхий сайд болжээ. Энэ хооронд гэхдээ нэг зүйл өөрчлөгдөөгүй юм шүү. МАН засагласан хэвээр...
Цагийн өнгөн дээр улстөрчдийн байр байдал, зэрэг зиндаа дээшилсэн болохоос Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсонгүй. Үеийн үед их гүрнүүдийн ашиг сонирхол нь газрын тосны салбар байсаар ирсэн. Сонгуулийн өнгөөр бүрэлдсэн Засгийн газар бүр 2011 оноос хойш найман жилд таван удаа газрын тос боловсруулах шийдвэр гаргаж байлаа. Гэвч шийдвэрүүд цаасан дээр үлдэж, хөрөнгө оруулагч хайсаар байсан. Зарим эдийн засагчид газрын тосны үйлдвэр барих нь эдийн засгийн үр өгөөж багатайн дээр, импортлогчдын татварын орлогыг алдах эрсдэлтэй гэлцэх нь ч бий. Ямар ч гэсэн үйлдвэрийн ажил эхэлдгээрээ эхэлсэн. Харин хэзээ вэ гэдэг нь асуулт хэвээр үлджээ. Нэг сонгуулийн өнгийг үзсэн энэ төсөл одоо дараагийн сонгуулийн өнгийг үзэх нь…
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН