Мэдээ мэдээлэл

“E-Police” аппликейшн нэвтрээд таван жил болсон ч урамшуулал олгож эхлээгүй байна

Хуваалцах:

“E-Police” аппликейшн нэвтрээд таван жил болсон ч урамшуулал олгож эхлээгүй байна

 

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, уулзвар гарц хаах явган хүний зам дээр зогсох зэргээр бусдын хөдөлгөөнд саад учруулах, хөдөлгөөний хэт их ачаалал үүсэх голлох шалтгаан болдог. 

Замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн газар хамтран “E-Police” аппликейшныг 2018 оноос нэвтрүүлж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 150 гаруй мянган хэрэглэгч тус аппликэйшныг гар утсандаа татан ашиглаж байна. Он гарснаар 35 мянган зөрчлийн мэдээлэл илрүүлж, хариуцлага тооцжээ. Тэгвэл үүний үр дүнд иргэдэд хэдэн төгрөгийн урамшуулал өгч байгаа талаар бид сурвалжилсан юм.

 

91 МЯНГАН ЗӨРЧИЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА

 

Илрүүлж байгаа зөрчлийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд 2018 онд 708, 2019 онд 10 мянга гаруй, 2020 онд 11 мянга, 2021 онд 35 мянга, 2022 онд 91 мянган зөрчил бүртгэгджээ.Урьд нь өдөрт дунджаар 700 орчим зөрчлийн мэдээлэл “E-Police”-оор дамжин ирдэг байсан бол өмнөх оны арван сард урамшуулал олгоно гэх мэдээлэл гарсны дараа өдөрт дунджаар дөрвөн мянга болж өссөн талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Аппликэйшнд бүртгүүлж буй дийлэнх зөрчлийг бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, түр буюу удаан зогсох, тэмдэгтэй автобусны зогсоолд зогсох зэрэг зөрчил бүртгэгддэг. Өмнө нь хүмүүс ихэвчлэн шаардлага хангахгүй зураг илгээдэг байсан бол аппликэйшнд шинэчлэл хийж автомашины дугаараар таньдаг болсон байна.

“E-Police аппликейшн одоогоор урамшуулал олгож эхлээгүй байгаа. Засгийн газрын хуралдаанаар аппликейшнаар зөрчил ирүүлсэн тохиолдолд урамшуулал олгох тухай дагалдах журмыг боловсруулах үүрэг даалгавар өгсөн. Одоогоор журам боловсруулагдаж байна. Журам эцэслэж гараагүй учир урамшуулал олгох ажил хэрэгжиж эхлээгүй байгаа гэдгийг албаны хүн хэллээ.   

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар 200 нэгжээс доош хэмжээний торгуультай зөрчил илрүүлэхэд иргэнд 20 хувийг нь, 200 нэгжээс дээш тохиолдолд 10 хувийг нь буцаан олгох хуулийн зохицуулалт бий. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэрэгжиж байгаагүй шалтгаан нь дагалдах журам батлагдаагүйтэй холбоотой гэнэ. Уг журам нь гарсны дараа Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны оролцоотойгоор урамшуулал олгодог тогтолцоо нь бүрэн хэрэгжих юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0