Мэдээ мэдээлэл

“Ногоон автобус”-ны хэргээр 13 хүнийг шалгаж байна

Хуваалцах:

“Ногоон автобус”-ны хэргээр 13 хүнийг шалгаж байна

 

УИХ-ын намрын чуулганы нээлттэй зэрэгцэн, нийтийн тээврийн авлигатай холбоотой асуудал сөхөгдөж улс төр нэлээд бужигнав.  Засгийн газар энэ асуудалд арга хэмжээ авч, хоёр ч дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байна.  Мөн дараагийн Хот хариуцсан сайдыг томилж,  Хотын дарга ч ажилдаа ороход бэлэн боллоо.  Энэ хэрэг сөхөгдсөн даруйд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж нийтийн тээвэртэй холбоотой авлигын  хэрэг дээр АТГ, ЭЦГ хамтарсан ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.  Одоогоор хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг “Ногоон автобус”-ны хэргээр 13 хүнийг мөрдөн шалгаж байна.

 

Мөн өнгөрсөн амралтын өдөр НЗДТГ-аас “ногоон автобус”-ны худалдан авалттай холбоотой материалыг нуун дарагдуулж, авч гарахыг завдсан гэх мэдээлэл цацагдсан.  Энэ асуудлыг ч хуулийн байгууллагаас  хэрэг нээн шалгаж эхэлжээ.   Ер нь нийтийн тээврийн авлигатай холбоотой асуудалд Засгийн газар ч “хүч хаяж”,  хуулийн хяналтын байгууллага ч нэлээд шуурхайлан шалгаж байгаа бололтой.

Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд нийслэлийг онцгойлон дэмжиж, Түгжрэлийн эсрэг үндэсний хороо байгуулж, 27 жилийн дараа анх удаа Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг батлуулж, эрх зүй, төсвийн бие даасан байдлыг нь бүрдүүлсэн байдаг.  Түүнчлэн хоёр жил дараалан 420 тэрбум төгрөгийг мөн л анх удаа төсөвлөсөн.  Энэ төсвөөр энэ салбарыг босгоод ирнэ хэмээн танхимын сайд болон Хотын удирдлагуудад итгэж найдсан биз. Гэвч асуудлууд шийдэгдсэнгүй, бүр худалдан авалтын түвшинд  хулгай гарч, хууль хяналтын байгууллагадаа туллаа.

 

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанд хэлсэн үгэндээ “Нийт хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын 30 гаруй жил ужгирсан системийн авлигыг цогц хэмжээнд цэгцлэх цаг болжээ. Хууль хяналтын байгууллагууд ч том шатны авлигын хэргүүдийг шүүхийн шатанд шилжүүлж, дунд шатны авлига руу ханцуй шамлан орох итгэл үнэмшил, цаг хугацаатай болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тийм ч учраас Нийслэл Улаанбаатар хотын талаар Засгийн газрын тусгай тогтоол гаргаж, зургаан сарын хугацаанд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлийн ужгирсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд нь онцгой анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн” гэсэн байдаг. 

Асуудал гарах бүрд хамгийн ихдээ нэг сайд, дарга огцроод л өнгөрдөг. Хүн нь явсан ч асуудал нь үлддэг, алдаа нь давтагддаг байлаа. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүнийг нь явуулж, асуудлыг нь ч хурдан шуурхай шийддэг, алдаа дахин давтагдахаас урьдчилан сэргийлдэг жишиг тогтоож чадах уу гэдэг нь энэ асуудлаас бас харж болохоор байна. 

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 202 (7187)

скачать dle 12.0