Монголын ширээний теннисний холбоо, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар хамтран Улсын аварга шалгаруулах Ширээний теннисний 58 дахь удаагийн тэмцээнийг энэ сарын 25-28-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээний хаалтын ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Монголын Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга, дэд ерөнхийлөгч Б.Баярмагнай, Дундговь аймгийн Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч О.Ганбат нар оролцов. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат аймаг орон нутагтаа ширээний теннисний спортыг дэлгэрүүлэх, олон нийт сурталчлах тал дээр хамтарч ажиллахаа мэдэгдэн, 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Мөн Монголын Ширээний теннисний холбооноос Дундговь аймагт хоёр иж теннисний ширээ, иж бүрэн дагалдах хэрэгслийн хамт гардуулжээ.
Тэмцээний эмэгтэй нэг бүрчилсэн төрөлд Спортын мастер М.Ундрам тэргүүн байр эзэлсэн бол дэд байрыг Спортын мастер Б.Должинзуу, гутгаар байрыг Олон улсын хэмжээний мастер Б.Болор-Эрдэнэ, Спортын дэд мастер Г.Сэлэнгэмөрөн нар тус тус эзэлжээ. Эрэгтэй нэг бүрчилсэн төрөлд тэргүүн байрыг Г.Сэр-Од эзэлж Спортын мастер цолны болзол хангасан бол дэд байрыг Олон улсын хэмжээний мастер Э.Лхагвасүрэн, гутгаар байрыг Спортын дэд мастер М.Манлайжаргал, Спортын мастер Ж.Мөнхзориг нар эзэлсэн байна.
Эмэгтэй багийн төрөлд:
1-р байр Топспин клуб
2-р байр Эрдэнэт
3-р байр Ухаалаг агуулах баг
Эрэгтэй багийн төрөлд:
1-р байр Мастерс клуб
2-р байр Топспин клуб
3-р байр Мираж клуб
Эмэгтэй дан хос төрөлд:
1-р байр Г. Сэлэнгэмөрөн /СДМ/, М.Цэцэн /СДМ/
2-р байр Б.Норовбанзад /СДМ/, Ц.Мөнхшүр
3-р байр Б.Эгшиглэн /СДМ/, М.Ундрам
Эрэгтэй дан хос төрөлд
1-р байр Б.Билэгт /ОУХМ/, Ж.Мөнхзориг /СМ/
2-р байр А.Билгүүн /СДМ/, М.Манлайжаргал /СДМ/
3-р байр Я.Бэгз /ОУХМ/, Э.Лхагвасүрэн /ОУХМ/ нар тус тус шалгарчээ.
Багийн нэгдсэн дүнгээр Б.Баярмагнай ахлагчтай Топ спин клуб түрүүлж, Я.Бэгз ахлагчтай Мастерс клуб удаалан, Ч.Нямаа ахлагчтай Хангарьд спорт клуб гуравдугаар байрт шалгарсан байна.