Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байх тул зам даваанд мөстөлт, халтиргаа, гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна. Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр /2023.10.06/ нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн уулархаг нутгаар 18-20 м/с, зарим үед 24 метрийг давж, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр хүйтэрч, Монгол Алтайн уулархаг нутгаар -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их Нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -1…-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.
Аравдугаар сарын 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, аравдугаар сарын 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи аравдугаар сарын 6-нд зарим газраар, аравдугаар сарын 7-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор 16-18 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -9…-14 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Хал голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -6…-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна.