Дэлхийд

АНУ Украинд 250 сая долларын цэргийн тусламж үзүүлнэ

Хуваалцах:

АНУ Украинд 250 сая долларын цэргийн тусламж үзүүлнэ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Украинд 250 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээ лхагва гарагт зарлажээ. 2023 оны эцсийнх болж буй уг тусламжийн багцад агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг, хуягт танк эсэргүүцэх зэвсэг, "M142 HIMARS" пуужингийн системд зориулсан сум, жижиг зэвсгийн 15 сая гаруй сум багтана гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч CBS телевизэд мэдээлсэн байна. Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Оросын түрэмгийллээс улс орноо, эрх чөлөөгөө хамгаалж буй Украины түншүүдэд бидний тусламж маш чухал байсаар ирсэн хэмээн мэдэгдээд, Украинд цаашид үзүүлэх тусламжийг “түргэн шуурхай” батлахыг Конгресст уриалжээ.

 

“АНУ Украинд нутаг дэвсгэр, ард түмнээ хамгаалахад нь зориулан нэмэлт зэвсэг, техник хэрэгслийн тусламж үзүүлэхээ зарласнаар Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг хамгаалах тууштай үүрэг амлалтаа нотлон харуулсаар байна” гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна. Ж.Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг энэ сарын эхээр Цагаан ордонд хүлээн авсны дараа дээрх мэдэгдлийг хийлээ. Украинд олгох санхүүжилт эрс багассантай холбоотойгоор холбоотнуудын тус улсад үзүүлж буй тусламжийн хэмжээ өдгөө дайн эхэлснээс хойших хамгийн доод түвшинд хүрээд байгаа тухай Германд төвтэй Kiel хүрээлэнгээс мэдээлсэн байна.

 

Энэ сарын эхээр Сенатын танхим дахь бүгд найрамдахчууд АНУ-ын хилийн аюулгүй байдлын асуудлаар Ардчилсан намынхантай санал зөрөлдсөнтэй холбоотойгоор Украинд нэмэлт санхүүжилт олгоход хориг тавьсан юм. Түүнчлэн 12 дугаар сарын 14-нд Унгар улс Европын Холбооноос Украинд үзүүлэх 55 тэрбум орчим ам.долларын тусламжид хориг тавьжээ.

скачать dle 12.0