Хөххотын Цагаан суварга олон улсын нисэх онгоцны буудлыг хүмүүс сайн мэдэх ч түүнээс зүүн өмнө зүгт 6 км орчим газар орших мянган жилийн түүхтэй цагаан суваргын тухай цөөхөн нь мэдэх байх. Хөххотын хувьд Цагаан суварга нь газарзүйн тэмдэг төдийгүй түүх соёлын бэлгэдэл юм.
МЭ Х зууны эхээр Кидан үндэстэн Ляо гүрнийг байгуулжээ. Тухайн үед Хөххотын одоогийн байгаа газар нутаг нь Ляо гүрний үед байгуулсан Фэнжөү хотын харьяанд байсан. Хожим нь Фэнжөү хотын ихэнх хэсэг нь цэрэг дайны хөлд сүйрч, үгүйрэн хоосорсон ч хуучин хотын баруун хойд буланд байрлах Цагаан суварга нь тэр хэвээрээ сүндэрлэн үлдсэн байна.
Цагаан суваргад Буддын шашины ном судар болох ”Цэцгийн чимэгт судар”-ыг 10 мянга гаруй жил хадгалж байсан болохоор "Түмэн боть цэцгийн чимэгт судрын суварга” гэж бас нэрлэдэг.
Ляо гүрний Фэнжөү хотоос үлдсэн цорын ганц бүрэн бүтэн барилга бөгөөд Хятад улсад одоо байгаа Ляогийн суваргын хамгийн тансаг нь юм. Цамхагийн гадаргуу нь цагаан өнгийн шохойн шороон давхаргаар бүрхэгдсэн тул "Цагаан суварга" гэж нэрлэдэг.
Цамхаг нь сүр жавхлантай, өнгөлөг бөгөөд энгийн. Найман өнцөгт хэлбэртэй, 55.6 метр өндөртэй, тоосго, мод холимог хийцтэй. Цамхагийн суурийн ихэнх хэсэг нь газар доор булагдсан, суурь, хашлага, бадамлянхуа дэнж гэсэн 3 давхраас бүрддэг. Цамхагийн их бие нь долоон давхар бөгөөд давхар бүрийн дээвэр дор салхин хонх өлгөөтэй, нийт 272 салхин хонх жингэнэж, эндэх нам гүм, тайван байдлыг хаяа эвдэнэ.
Урд хаалгаар цамхаг руу орж, цамхагийн шатаар өгсөн цамхаг доторх түүхэн зураг, ханын бичээсийг сонирхож болно.