Мэдээ мэдээлэл

Хятадын соёлын “нэрийн хуудас” шаазан

Хуваалцах:
Намар
Гайхамшигт шаазан аяганд цай ууж суугаад
Цүүгийн уянга хүүхдийн цээжинд хаданшмой
Салхины чимээнд шаргал навчис өнчин хүрээг сахин
Намрын санааг ганцхан өт хорхой л мэдэрмой.

 

        Шаазан эдлэл Хятад улсаас үүсэлтэй. Хятадын хамгийн эртний хөх шаазан Шаньши мужийн Шя шяний соёлын бууриас олдсон бөгөөд ойролцоогоор 4200 жилийн түүхтэй. Хятадын жинхэнэ шаазан Зүүн Хань улсын үед(МЭ 23-220 он)бий болсон байна. Шаазан эдлэл эхлээд Хятадын Жэжян муж зэрэг өмнөд нутагт үүсэж, дараа нь умард нутагт уламжлагдан түргэн дэлгэрсэн байна.

        МЭ Х-ХIII зууны эхэн үеийн Тан, Сун улсын үед Хятадын шаазангийн техник үргэлжлэн хөгжсөн байна. “Тан улсын гурван өнгө” гэдэг нь нэг төрлийн өнгөт вааран гар урлалын бүтээгдэхүүн юм. Тан улсын үеийн гурван өнгийн бүтээгдэхүүн нь Хятад зураг, баримал зэрэг дүрслэх урлагийн онцлогийг ашиглан наах, сийлэх зэрэг хэлбэрээр хээ зураг гарган урлаж, нэг бүтээгдэхүүнээ цэнхэр, ногоон, шар гурван өнгөөр буддаг байжээ. Өндөр халуунд шатаасны дараа энэ гурван өнгө нь харилцан уусаж, олон төрлийн өнгө болон хувирдаг.

        Мин улс(1368 - 1644), Манж Чин улсын (1644 - 1911) үе бол Хятадын шаазангийн үйлдвэрлэлийн хамгийн хөгжсөн үе болно. Энэ үеийн үйлдвэрлэлийн тоо болон чанар оргилдоо хүрсэн байна. Өмнөд нутгийн Жиндэ суурин “шаазангийн төв” болж, Мин, Чин улсын үед тус суурин энэ байр сууриа хэдэн зуун жил хадгалсан байна. Өнөөдөр ч гэсэн Хятадын хамгийн уран нарийн шаазан мөн эндээс гарч байна. VIII зуунаас хойш Хятадын шаазан гадагшаа борлуулагдахын хэрээр Хятад улс “шаазангийн орон” хэмээн алдаршсан. Хятад улсын шаазангийн соёл өрнүүн хөгжиж байх үед өрнөдөд жижгээр бичсэн “chinа” нь шаазанг, томоор бичсэн “Сhinа” нь Хятад улсыг төлөөлөх өвөрмөц үзэгдэл бий болж байжээ.

        Шаазан эдлэл нь үеэс үед уламжлагдан үлдэж, өнөөг хүртэл эрэлт хэрэгцээ нь тасрахгүй хэвээр байна. Хятадын шаазан урлаг нь баялаг агуулга, өнгөлөг, өвөрмөц байдлаараа сэтгэл татам байдлаа хадгалсаар байгаа юм. Энэ бол Хятадын уламжлалт соёлын чухал хэсэг төдийгүй Хятадын соёлын “нэрийн хуудас” юм.

 

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: СОЛОНГО
скачать dle 12.0