Албан ёсны мэдээллээр цар тахлын эхэн үеэс 2023 оныг дуустал Ковид-19-ийн улмаас долоон сая гаруй хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн ч уг өвчнөөр нас барсан хүний бодит тоо 21 саяд хүрч магадгүй гэж ДЭМБ-аас мэдээлжээ.
Хэдийгээр коронавируст хүмүүст санаа зовохоо больсон ч урт хугацааны нөлөөллөөс болж чимээгүйхэн зовж байгаа хүмүүс байсаар байгаа юм. ДЭМБ цар тахлын нас баралтын дүн шинжилгээ хийж байгаа аж. “Бидэнд 2021 оны эцэс хүртэлх тоо байгаа бөгөөд эдгээрийг 2022 оны нас баралтын тоог харгалзан шинэчилж байгаа. 2023 оныг ч багтаах болно" гэж ДЭМБ-ын Ковид-19-ийн бэлэн байдал хариуцсан захирал ярьжээ.
ДЭМБ-ын доктор Мария Ван Керхове нэгдүгээр сарын 12-нд хийсэн виртуал хэвлэлийн бага хурал дээр "Бодит тоо дор хаяж гурав дахин их байна гэж бид таамаглаж байна” хэмээсэн. Цар тахлын оргил үед Энэтхэг, Хятад зэрэг улс орныг Ковид-19-ийн мэдээллийг хуурамчаар үйлдсэн гэж судлаачид буруутгаж байсан. 2019 оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын Ухань хотод анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш дэлхий даяар Ковид-19-ийн 712 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. ДЭМБ 2020 оны нэгдүгээр сараас эхлэн Ковид-19 халдварын тохиолдол, нас баралтын бүртгэлийг хөтөлж эхэлсэн. Гэхдээ доктор Ван Керхове мэдээлсэн тоо нь мөсөн уулын зөвхөн орой нь байж магадгүй гэдгийг онцлоод байгаа юм.
Нэгдүгээр сарын 14-ний байдлаар Орос, Сингапур, Итали улсад сүүлийн 28 хоногт Ковид-19-ийн хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд дэлхийн хэмжээнд нийт 941 265 тохиолдол бүртгэгдсэн байна. Гэвч нэгдүгээр сарын 14 хүртэл 28 хоногийн дотор Ковид-19-ийн улмаас 6100 хүн нас баржээ. Дэлхий даяар 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар Ковид-19-ийн улмаас 10 мянган хүн нас бараад байжээ.
Сингапурын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн (NCID) эмнэлзүйн захирал доктор Шон Васу хэлэхдээ нас баралтын тоо динамик байгаа бөгөөд тоо нь бүс нутаг, түүнчлэн дэд популяциас хамаарч өөр өөр байж болно. Ковид-19 халдварын талаар дутуу шинжилгээ хийж, дутуу мэдээлснээс болж үнэн зөв тоо гарахад төвөгтэй болж байна гэжээ.