Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн гишүүн хийдүүд болон бусад дацан хийдүүдэд X Богд Жэвзүндамба хутагтын шүтээн дүрийг залж, "Богд Гэгээний өлмий бататгахын залбирал"-ыг өдөр тутам унших уриалга, айлтгал бичиг илгээсэн байна.
Уг айлтгал бичгийг 2024 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр батлан соёрхжээ.
Монголын бурханы шашны сүм хийдүүдэд X Богд Жэвзүндамба хутагтын хөрөг дүрийг арслант ширээнд нь залах ёслол /2023.12.29/болсон. Дээрхийн гэгээнтэн Далай лам 2023 оны гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Дарамсала хотын "Зүглаг Хан" дуганд Монголын Гандантэгчэнлин хийд болон Төвөдийн зарим хутагт хувилгаадын хүсэлтээр Дэмчог Нагбува / Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээсэн юм.
Энэ үйл явдлын үеэр Далай лам Монголын X Богдын дүрийг олонд харуулсан ба Богдын дүр хэмээгдэх найман настай хүү Дээрхийн гэгээнтэн Далай багшид мандал өргөсөн юм. Тодруулбал, Далай лам авшиг хүртээхээс өмнө нь номын үйл хийснийхээ дараа өөрийн зүүн гар талд нь сууж буй хүүг заан, хурсан олонд “Өнөөдөр бидэнтэй хамт Монголын Жавзундамба хутагтын дүр сууж байна. Түүний өмнөх дүрүүд Дэмчогийн Кришначаряа язгууртай ойр холбоотой. Тэдний нэг энэ уламжлалд зориулж, Монгол Улсад сүм хийд байгуулж байсан. Богдын шинэ дүр өнөөдөр энд бидэнтэй хамт байгаа нь маш их өлзий дэмбэрэлтэй хэрэг юм” хэмээн мэдэгдсэн.