Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас дүүргүүдэд шар усны эрсдэлийн үнэлгээг хийхэд эрсдэл их гэсэн дүгнэлт гарчээ. Шар усны үер буух эрсдэлтэй байршлуудыг тогтоож, урьдчилан сэргийлэх ажлуудыг холбогдох байгууллагуудаас хийж хэрэгжүүлж байна. Уг асуудлаар НОБГ-ын дарга, хурандаа А.Дашнямаас тодрууллаа.
НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням:
-Нийслэл хотод жил бүрийн гуравдугаар сард шар усны үерийн эрсдэл үүсдэг. 2023 оны зун 60 жилийн түүхэнд байгаагүй хэмжээний үер болсон. Үүнээс шалтгаалж хөрсний усны түвшин 2-3 дахин нэмэгдсэн. Мөн энэ өвөл өнгөрсөн 50 жилд ороогүй их хэмжээний цас орсон гэх судлаачдын дүгнэлт гарсан. Тиймээс 2024 оны гуравдугаар сард их хэмжээний шар усны үер болох эрсдэл үүсээд байна. НОБГ-аас дүүргүүдэд шар усны эрсдэлийн үнэлгээг хийсэн. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт их, Хан-Уул, Баянгол дүүрэгт бага гэсэн дүгнэлт гарсан. Ерөнхий нийлбэр дүнгээр 3.75 буюу шар усны эрсдэл их гэсэн үнэлгээ гарсан. Тиймээс НОБГ-аас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян болон бусад ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
НОБГ дээр мэргэжлийн байгууллагын хамтарсан шуурхай бүлэг томилогдон ажиллаж байна. “Шар усны үерээс урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя” гэх аяныг гуравдугаар сарын 11-нээс тавдугаар сарын 15 хүртэл зохион байгуулахаар ажиллаж байна. Шар усны үерийн эрсдэлтэй бүс дэх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх мэдэгдлийг хүргүүлж байгаа. Мөн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд чанга яригчаар иргэдэд сэрэмжлүүлэг анхааруулгыг өгч байна. Цаг агаар огцом дулаарвал уулан дээр байгаа тэр их хэмжээний цас хайлж, шар ус айл өрх рүү урсаж орно. Хэчнээн хэмжээний шар ус орохыг тооцоолж хэлэх боломжгүй. Тиймээс иргэд гэр, орон байрандаа ч хувьдаа сэргийлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Гэрээ тойруулж бага хэмжээний суваг татах гэх мэт.
Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрийн 24 хорооны 33 байршил, Сэлбэ гол, голуудын сав дагуу халиа тошингийн нөхцөл байдал үүссэн. Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 айл байгаагаас 388 айл зөвшөөрөлгүй, 1097 айл газрын гэрчилгээтэй байна. Шар усны үерийн эрсдэлтэй бүс дэх айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх чиглэлийг Хотын дарга Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өгсөн. Энэ хүрээнд тус газраас нийслэлийн эрсдэлтэй зургаан байршлыг тодотгож, нүүлгэх мэдэгдлийг хүргүүлж байна гэлээ.