НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Ногоон барилга” хакатоны бүртгэл эхэллээ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Барилга хот байгуулалтын Яам хамтран “Ногоон барилга” хакатоныг зарлажээ. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шинэлэг санаа, шийдлүүдийг нээх, олонд нийтэд таниулах зорилготой энэхүү уралдаанд эрдэм шинжилгээний салбарт ажиллаж буй 45 хүртэлх насны их, дээд сургуулийн оюутан, инженер, энэ чиглэлийн судлаач, сонирхогч нар 3-6 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж оролцох боломжтой.
Уралдааны сэдвийн хувьд иж бүрэн барилга, төвлөрсөн инженерийн хангамжид холбогдоогүй хувийн сууц, төвлөрсөн инженерийн хангамжид холбогдсон хувийн сууц гэсэн үндсэн гурван сэдвээс сонгон оролцох аж.
Уралдааны бүртгэл өчигдрөөс цахимаар эхэлсэн бөгөөд ирэх тавдугаар сарын 26-нд бүртгэл дуусна. “НОГООН БАРИЛГА” хакатон нь хоёр үе шаттай . Эхний шатнаас зургаан багийг сонгон шалгаруулж дараагийн шатанд оролцуулах юм. Харин уралдаанд эхний гурван байр эзэлсэн багуудыг өндөр үзүүлэлттэй зөөврийн компьютерээр урамшуулах аж.
АНУ-ын ЭСЯ:
Монгол Улс дэлхийн өндөр технологийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээнд нэгдлээ
Монгол Улс албан ёсоор дэлхийн G7 24/7 өндөр технологийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний гишүүн улс боллоо. АНУ-ын ЭCЯ-ны Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Жоэл Ортез энэхүү сүлжээний гишүүн болсно албан ёсны гэрчилгээг өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гардуулан өгчээ. Энэхүү G7 24/7 сүлжээг ашигласнаар Монгол Улсын цагдаа нар гэмт этгээдүүд өөрсдийн ул мөрөө устгахаас өмнө дэлхий даяарх цахим нотлох баримтыг хадгалах боломжтой болж байна. Өндөр технологийн гэмт хэрэгтэй тэмцэх дэлхийн хэмжээний энэхүү сүлжээний гишүүн болоход АНУ-ын Хууль зүйн яамны болон БНСУ-ын Дээд прокурорын газраас томоохон дэмжлэг туслалцаа үзүүлсэн нь Монгол, АНУ, БНСУ-ын үр дүнтэй хамтын ажиллагааны тод жишиг боллоо хэмээн гэрчилгээ гардуулах үеэр ноён Жоэл Ортек онцолж байлаа.
-АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн ноён Мэйтью Фэрэнс Эрдэнэт үйлдвэр, уурхайн музейтэй танилцаж, Эрдэнэтийн баялаг түүх, эдийн засгийн ач холбогдлын талаар мэдээлэл авчээ.
Францын ЭСЯ:
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн жил Францад хийсэн төрийн айлчлалын үеэр Версалийн хааны ордны дуурийн театрт Морин хуурын чуулгын тоглолт эгшиглэсэн. Тэгвэл тус дуурийн театрын найрал хөгжмийн бүрэлдэхүүн өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж нэгэн онцгой тоглолтоо толилууллаа.
Туркийн ЭСЯ:
Монгол Улсад айлчилж буй Турк Улсын Жандармын Ерөнхий командлагчийн орлогч дэслэгч генерал Халис Зафер Коч, айлчлалынхаа үеэр Дотоодын цэргийн 05-р ангид зочлов. Мөн Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв.
Австрали ЭСЯ:
Австрали улс дайнд амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх "Anzac Day"-ийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-нд тэмдэглэдэг. Энэ жилийн “Anzac day” өдрөөр Дэлхийн нэгдүгээр дайнд хамт тулалдсан Австрали, Шинэ Зеландын цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх ёслолыг зохион байгуулжээ.
Японы ЭСЯ:
Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар иргэдээс ирсэн зарим асуултад тус улсаас манай улсад суугаа ЭСЯ-аас албан ёсоор хариу бэлтгэжээ. Энэхүү асуулт хариултыг товчлон хүргэе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 86 (7330)