Мэдээ мэдээлэл

Өндөр халуурч, хатгалгаа үүсгэдэг аденовирусний халдвар дэгджээ

Хуваалцах:

Өндөр халуурч, хатгалгаа үүсгэдэг аденовирусний халдвар дэгджээ

 

Вирусний шалтгаантай, огцом өндөр халуурч, уушгины хатгалгаа үүсгэдэг ханиад дэгдсэн талаар өрхийн эмч нар харьяа сургууль, цэцэрлэгүүдийн багш нарт анхааруулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлж байгаа аж. Энэ талаар өрхийн эмч нараас тодруулахад “Ханиад, томууны улирал хаяанд ирлээ. Ачаалал ч өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Одоогоор хүн амын дунд, ялангуяа бага насны хүүхдүүдэд өндөр халуурч, гүйлгэж, бөөлжүүлдэг вирусний халдвар зонхилж буй. Халуурч, гүйлгэсэн хүүхдүүд нийтээрээ л аденовирусээр өвчилж. Энэ нь биеийн хэмийг аажмаар бус, огцом нэмэгдүүлдэг, бусад ханиадтай хавсарсан тохиолдолд богино хугацаанд хатгалгаа үүсгэх эрсдэлтэй. Өвчтөнүүд эхний гурав хоногт 39 хэмээс дээш халуурч байна. Халуун даадаггүй хүүхдүүд татах ч эрсдэлтэй тул эмчид цаг алдалгүй хандан, эмчлүүлэх нь зүйтэй” гэлээ.

Аденовирусний шалтгаант халдвар нь өндөр халуурахаас гадна өвчин хүндэрвэл амьсгалын дутагдалд ч оруулдаг байна. Мөн жил ирэх тусам эмд тэсвэртэй болж буйг эмч, мэргэжилтнүүд сэрэмжлүүлсэн. Тодруулбал, эл вирус нь амьсгалын зам, нүд болон гэдэсний салст бүрхүүл, тунгалгийн эдүүдийг гэмтээж, халуурах, хордлогын шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин аж. Томууны оргил дэгдэлтийн үед уг вирусний халдвар 25-30 хувийг эзэлдэг гэнэ.

скачать dle 12.0