Онцлох мэдээ

Салбарынхан нь амь үрэгдэж байхад сайд нар гүрийсээр сууна

Хуваалцах:
Зэвсэгт хүчний албан хаагч барилгын ажилд оролцож байгаад хүнд даацын автомашинд дайруулж нас барсан тухай мэдээлэл өнөөдөр өглөө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгэв. Ерөөсөө төрийн болон хувийн аж ахуйн нэгжид харъяалагддаг, нэг үгээр тэдний хамгаалалтад байдаг хүмүүс албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдах, зарим нь амиа хорлох тохиолдлыг бараг өглөө босоход шинээр сонсдог боллоо.
Албан үүргээ гүйцэтгэж байсан цэргүүд, уурхайд ажиллаж байсан уурхайчид, хорих ангид саатуулагдаж байсан хуульч нар. Эдгээр хүмүүсийн үхэл зүгээр нэг золгүй явдал, дотроо яриад салбар ангийн дарга нартай хариуцлага тооцоод өнгөрөх хэрэг биш. Нэг салбарт нэг биш шил дараалан ийм золгүй явдал тохиолдож байна. Уул уурхай, батлан хамгаалах, хууль зүйн салбарынхан хамгийн их факттай байна. Баримт хэлье.
Уул уурхай:
2019.02.28. Төв аймгийн Заамар суманд алт олборлож байсан “Эко Алтан Заамар” ХХК-ийн 80 метрийн гүнтэй ил уурхайд нурал болж ажил үүргээ гүйцэтгэж байсан 4 уурхайчны халуун амь эрсдлээ. Дөрвөн гэр бүл хагацлын нулимстай, харууслын зултай байна. Осол гараад 5 хонож байхад 2 уурхайчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.
Амиа алдсан уурхайчдын ар гэрт туслах хандивын аяныг энгийн иргэд сошиал сүлжээнд өрнүүлснээс өөрөөр ам ангайсан албан тушаалтан өнөөдрийг хүртэл алга. Хуулийнхан хуулийнхаа дагуу шалгаж байгаа  л гэсэн. Тэдний үүрэг нь тэр.
Уг нь “Эко Алтан Заамар” гэх компани удаа дараа хууль зөрчиж, БОАЖЯ-наас тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх санал гартлаа асуудал өндрөө аваад байсан юм. Гэвч өнөөдөр 4 уурхайчин нэг дор амиа алдсан ноцтой явдлын мөрөөр хариуцлага ярихгүй байна.
Батлан хамгаалах:
2019.02.28: Зэвсэгт хүчний албан хаагч энэ салбарын томоохон албан хаагчийн хувийн хаусыг засварлах ажилд дайчлагдаж яваад золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарав. Үүнийг ЗХЖШ-аас “Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр 310 дугаар ангийн сарын төлөвлөгөөт ажлын дагуу “Найман шарга” сувиллын газар хайрга татахаар хоёр ажилтан томилогдсон. Тодруулбал, нэг энгийн жолооч, туслах жолооч нар томилогдон ажиллаж байсан. Гэвч харамсалтай нь ахлах ахлагч, 51 настай, эрэгтэй Я.Ганболд нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орсон. Тухайн үед ачааны машин дээр хайрга ачиж дуусаад хөдөлсөн байна. 100 мод орчмын элсний карьер дээр хөрс нь элсэрхэг, газар нь гулгамтгай нөхцөл байдалтай байсан учраас машин дээшээ өгсөж явахдаа хүч алдан зогсжээ. Ийм нөхцөлд машинаа хөдөлгөхийн тулд ахлах ахлагч Я.Г нь буугаад эв хийн туслахаар болсон. Энэ үед жолооч, ахлах ахлагч хоёр үл ойлголцсоны улмаас машин ухарч, гулган осол гарсан байна. Манай 310 дугаар ангийн харьяа “Найман шарга” сувиллын газрын барилгын үйл ажиллагаанд буюу цахилгааны шугам татах ажилд туслахаар явж байсан” гэж тайлбарлав.
2019.01.22: Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсан хэрэг гарав. Орхон аймгаас өнгөрсөн 11 дүгээр сард татагдсан 19 настай байлдагч учир битүүлгээр өөд болсон юм. Талийгаачийн үхлийн шалтгаан гадны нөлөөгүй гэж албаныхан мэдэгдсэн ч зодуурын ул мөр үлдсэн зураг сошиал сүлжээнд тархаж олон нийтийн дунд маргаан үүсгэсэн юм.
Хууль зүй:
2019.02:24: ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан хуульч Б амиа хорлов. Хэргийн сэжигтнүүдийг түр хугацаагаар саатуулдаг, нэг үгээр төрийн хамгаалалтад авдаг энэ тусгай обьектод хүн амиа хорлож байхыг мэдээгүй байдаг. Шалгалтын ажиллагаа үргэлжилсээр байгаа.
Ингэж л тэд амиа алджээ. Тэдний алтан амийг салбарын сайд нараас нэхэх учиртай. Уурхайчдын амийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас, зэвсэгт хүчний албан хаагчдын амийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос, хуульчийн амийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хариуцах учиртай. Тийм тангараг өргөж тэд сайд болсон юм.
Өнгөрсөн оны наймдугаар сард Зам тээврийн хөгжлийн яаманд газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн хэргийн улмаас салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ ажлаа өгч байв. Гэвч өнөөдөр эдгээр сайд нар таг чиг гүрийсээр л сууна.
Б.ЗАЯА
Эх сурвалж: news1.mn
 
скачать dle 12.0