Эдийн засаг:
Сэтгэл зүйч хүнийхээ хувьд маш хариуцлагатай байх шаардлагатай байдаг. Энэ оныхоо ажлыг дүгнээд дараа жилийнхээ ажлын болон хувийн төлөвлөгөөг гаргачихлаа. Та ч бас аль хэдийн хуучин оноо дүгнэж, шинэ оны төлөвлөгөөгөө гаргасан байх аа.
Надад олон дэвтэр байдаг ба хувийн ажлын сургалтын дэвтрүүд байдаг. Энд тэнд сургалтад суухад тараадаг бал дэвтрийн эсрэг байдаг. Дэвтэр хөтлөх нь өөрийгөө удирдаж чаддаг. Цагаа төлөвлөх нь амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл байдаг.
2019 онд сэтгэл зүйн зөвлөгөөнөөс хамгийн их анзаарч байсан зүйлүүдээ та бүхэндээ зөвлөгөө хэлбэрээр хүргэж байна.
Зорилго мөрөөдөлтэй байх
Зорилгогүй амьдрал бол гансрал билээ. Энэ хорвоод, өөрийн амьдралдаа, бусдад жижиг гэлтгүй ямар нэгэн зүйлээр туслах, эсвэл нийгэмдээ орчиндоо эерэг байх гэсэн хүсэл мөрөөдөл, туйлын зорилготой байгаарай. Энэхүү зорилго нь таныг хөглөж, өдөр бүр түүндээ хүрэх нэг алхам болж танд аз жаргалыг мэдрүүлнэ. Зорилго, хүсэл мөрөөдөлтэй танд амьдралын хором мөч бүр үнэтэй байх тул та өдөр бүрийг нэгэн хэвийн байдлаар урсган өнгөрөөх дэндүү хайран биш гэж үү?
-Тиймээс өдрөөс өдрийн хооронд аргацааж өнгөрөөхийн оронд өөртөө зорилго тавьж, мөрөөдөлтэй байгаарай. Мөрөөдлийнхөө төлөө явахад өдөр бүр шинэлэг, утга учиртай өнгөрдөг.
Амжилт төлөвлөхөөс эхэлдэг
Ихэнх хүн төлөвлөгөө мөрөөдөлгүй байгаа нь анзаарагдлаа. Та урт хугацаандаа болон богино хугацааны төлөвлөгөө гаргаарай. Төлөвлөгөө нь амьдралыг утга учиртай, үнэ цэнэтэй болгохоос гадна тогтвортой, аз жаргалтай, тайван, сэтгэл хангалуун амьдрах боломжийг өгдөг. Төлөвлөдөг хүн амжилтанд хүрч, аз жаргалтай байхын тулд амьдралынхаа бүх зүйлүүдийг хамтад нь хөгжүүлдэг.
-Яг үнэндээ мөнгө, албан тушаал ахих тусам асуудал бүр л ихэсдэг. Сэтгэл санаа амгалан, өөртөө хангалуун, тайван амьдрах нь л АМЖИЛТ шүү.
Дурсамжгүй хүн амьдраагүйтэй ижил
Өөртөө маш гоё дурсамж бүтээгээрэй. Дурсамжгүй амьдрал амьдраагүйтэй ижил. Залуу нас, гоо үзэсгэлэн, эрх мэдэл, танил тал, албан тушаал, хөрөнгө мөнгө тэр ч бүү хэл хайрлаж байсан нэгэн орхиод явах гээд бүгд өөрийн гэсэн цаг хугацаатай. Харин та хөөрхөн алаг үртэйгээ, халамжит ханьтайгаа, найз нөхөдтэйгөө, өөртөө дурсамж бүтээгээрэй. Зөвлөгөөнд ирж байгаа хүмүүсээс дурсамж байгаа юу гэж дандаа асуудаг. Дурсамж ярихаараа хүмүүсийн царай гэрэлтдэг. 5 настай хүүхэд хүртэл дурсамж ярихдаа уйлж байсан юм шүү.
-Дурсамж ганцаардлыг давах хүч, өөрийгөө баясгах энерги, бэрхшээлийг давах сэтгэлийн хат болж үүрд үлдэнэ.
Эрүүл мэнд ба сэтгэл санаа
Таны үнэт зүйл юу вэ гэж асуувал аав ээж үр хүүхэд гэж хариулах байх. Үгүй ээ, таны эрүүл мэнд юм. Эрүүл байх нь гэр бүлдээ, өөртөө хариуцлагатай байна гэсэн үг. Эрүүл хүн өөртөө аз жаргалтай, сэтгэл хангалуун, санаа амар амьдардаг. Та өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдах билээ. Өөртөө болон гэр бүлийнхээ өмнө хариуцлагатай байгаарай. Өнөөдөр таны тоогоогүй, анхаараагүй, санаа тавиагүй орхисон эрүүл мэнд маргааш таниас гэр бүл мөнгө эрч хүч сэтгэл санаа тайван байдал ажил аз жаргалыг тань булаавал яах вэ?
-Та нойр хоолоо зохицуулж, хөдөлгөөнтэй байж чаддаггүй, уур бухимдал стрeсстэй байдаг бол эрүүл мэндээ алдсаар байх болно. Өөрийгөө хайрладаг, санаа тавьдаг хүн бусдыг хайрладаг. Эрүүл биeд, саруул ухаан оршдог.
Хоол ба нойр
Тайван, тогтвортой амьдралын гурвалжин гэж бий. Үүнд хоол 80%, хөдөлгөөн 20%, сэтгэл санаа+нойр100%. Бидний амьдралд бэлэн болон сахарын орц найрлага өндөр хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ улам өссөөр байна. Бага насны хүүхдүүд төдийгүй томчуудын дунд тохиолдож буй хоол тэжээлийн дутлын дийлэнх хувь нь тэдний зохисгүй хооллолт эзэлж байна. Хүүхдийн хооллолтонд аав ээжийн хайр, харилцаатай холбоотой байдаг байна. 0-6 нас буюу сургуулийн өмнөх насанд нь хүүхдийг зөв, тогтмол цагт хооллож сургах нь тэдний эрүүл мэнд, сэтгэл санаа, ирээдүйн амжилт, амьдралынх нь хэв маягийг зөв тодорхойлж өгдөг.
Хэт орой унтах нь тархинд хөнөөлтэй. Бага насны хүүхэд маш орой унтаж байгаа нь хүүхэд илүү санаатай, сэтгэл санаа тайван бус, стресс ихтэй байдаг ба алсдаа олон хорт нөлөөг дагуулдаг. Нас ахих тусам нойргүйдэж эм ууж унтах нь элбэг боллоо. Эмээр дарангуйлсан нойр эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ба ой тогтоолт сэтгэл санаанд муугаар нөлөөлж, унтаж чадахгүйгээсээ болоод амиа хорлоход ч хүргэж болно.
-Хоол, нойр маш хүчирхэг зүйл. Аав ээж өөрийн гараар сэтгэлээ шингээн хийсэн хоолоо хамтаараа ширээ тойрон суун хооллох, эрт унтах нь хүүхдэд сэтгэлийн тэнхээ, хүний мөн чанар, зориг, итгэл найдвар, хайр, хүч болж суугддаг.
Харилцаа хандлага ба хүн байх
Бусдад таалагдах албагүй гэж хэлж байгаа олон хүнийг бид өдөр тутамдаа сонсож л байсан байх. Тиймээ бусдад таалагдах албагүй л дээ. Гэхдээ бид ганцаар амьдрах боломжгүй. Таалагдаач гэж хэн ч гуйгаагүй. Ингэж битгий бардам загна. Танд ч бас бусдад таалагдахгүй сөрөг зан авир байгаа л байх. Бусдад таалагдах албагүй гэж зөрүүдлэж байхаар өөртөө байгаа сөрөг зангаа бодож үзээрэй. Зүгээр л бусдыг хүндэл, бусдад нийцдэггүй юмаа гэхэд байгаагаар нь хүлээн зөвшөөр.
-Бүгд л шүүмжилдэг ч өөрийгөө нэг харсан уу? Хүн бүр өөрсдөө хичээх юм бол бүх зүйл сайхан болно. Харанхуйг зүхэж байхаар нэг ч гэсэн гэрэл асаа.
Өөрийгөө хайрлах
Өөрийгөө хайрладаггүй, өөртөө цаг гаргаж чадахгүй, ажилдаа хамаг цагаа зарцуулдаг бол та аз жаргалыг бараг л мэдрэхгүй. Өөрийгөө аз жаргалтай болгодог зүйлсэд цаг зав, мөнгө, сэтгэлээ зориулж зарцуулаарай. Завгүй амьдралаасаа түр ч болов завсарлага аваад өөрийн хувийн хөгжил, сэтгэл санааны өөдрөг байдлаа нэмэгдүүлэх, хайртай хүмүүстэйгээ хамт байж, өөрийн дуртай зүйлсээ хийгээрэй. Амьдралын чимэг болдог өөрийгөө хайрлах зүйлээс та татгалзаж, хэзээ нэг өдөр гэж хойшлуулах тусам өөрийнхөө аз жаргал, сэтгэл ханамжаас хумслаад аз жаргал өөрөө тань дээр ирэхгүй.
-Ажлын төлөө махрах биш өөртөө, гэр бүлдээ зав гаргаарай. Ийм байж чадах аваас аз маргааш биш яг одоо таны дэргэд, таны гарт байдаг юм шүү.
Өөртөө болон бусдад хариуцлага хүлээх
Хүн буруугаа бусдаас хайдаг. Ямар нэг асуудал тулгарахад юуны өмнө хэнээс тусламж авахаасаа өмнө би өөрөө үүнийг хэрхэн шийдвэрлэж чадах вэ? гэж асуугаарай. Ямар нэг зүйл буруугаар эргэхэд хэн нэгнийг буруутгахаасаа өмнө өөрөөсөө эхэлж алдааг хайж олох үед та илүү тайван байж чадна. Бусдыг буруутгаж гомдоллодог хүн ер нь л жаргалтай, тайван байж чаддаггүй. Харин өөрийн нөлөөлж чадахгүй, хүч хүрэхгүй зүйлсийг зөнгөөр нь орхи. Их бага гэлтгүй хариуцлага хүлээлгэж, хүлээж сураарай. 40, 50 хүрчээд аав ээжтэй амьдраад байгаагийн буруу нь хариуцлага хүлээлгэж сургаагүйн гай.
-Хүн өөртөө бус бусдад бас хариуцлага хүлээдэг. Хариуцлагыг чи хүлээж байгаа мэт боловч угтаа бусдын сэтгэл, цаг, нэр төр, мөнгө, итгэл хамт явж байдаг шүү. Хариуцлага бол сэтгэл юм.
Бүх зүйл хоёр талтай. Олон зүйл нуршихгүй гэсэн ч нилээн урт зөвлөгөө боллоо. Уншигч авхай та авах, гээхийн ухаанаар хандаж уншаарай.
Ухаан тань хурц мэргэн
Мэлмий тань тунгалаг ариун байх болтугай.
Сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэ
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46
CONNECTED олон улсын хурлын нээлт
19-10-2024, 14:37
CONNECTED-2024: Ирээдүйн дүр төрхийг
17-10-2024, 18:01
Ирээдүйд юу болох бол?
16-10-2024, 09:11