Онцлох мэдээ / Улс төр

Сонгууль 2020: тойрог & тулаан

Хуваалцах:
УИХ-д гурван мандаттай сэлэнгэчүүдийн сонголт ихэнхдээ “алагладаг”. Тус аймаг 106.854 хүн амтайн 69.990 нь санал өгөх насны иргэн гэж оны өмнө бүртгэгдэж байсан. УИХ-ын 2020 оны сонгуульд сэлэнгэчүүдэд сонин, содон төрхүүд очих тухай намуудын эх сурвалжууд хэлэх болсон. Учир нь дархлагдсан гишүүд нь “дээлээ нөмөрчих” магадлалтай болсон тул тойргийн мандатаараа тохиролцоо хийх байх гэж байгаа аж.
Сэлэнгэчүүдийн ихэнхийн итгэлийг олсон хүн бол МАН-аас УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат. Түүний хувьд өмнө нь Сэлэнгэ аймгийн Засаг даргаар улиран сонгогдож, аймгаа гаргууд сайн мэддэг болсон нэгэн. Тиймдээ ч өмнөх сонгуулиар иргэд нь түүнийг парламентад илгээсэн. УИХ-ын гишүүн болмогцоо, давхар дээл “углаж” Ерөнхий сайд болсон Ж.Эрдэнэбат богино хугацаанд өндөр албанд очсон шигээ бас хурдтай “доошилж” явна. Түүнийг Засгийн газрын тэргүүнээс буулгахдаа тендер, концессыг дур мэдэн, ойр тойрныхондоо бүр өөртөө ч авсан гэх “тодотгол” зүүж” өгсөн. Тиймээс ч энэ нь түүнийг ирэх сонгуульд нэр дэвшихэд нь намаасаа квот авах эсэхэд нэлээд нөлөөлнө гэх болжээ. Гэхдээ МАН-ын дарга тойргийн иргэдийн санал бодлыг бас харгалзан үзнэ гэх агуулгыг хэлчихсэн учраас намдаа ганц ч болтугай суудал авч ирэх хүнээ “хөөчихгүй” байх гэсэн яриа ч байгаа аж. 
Ж.Эрдэнэбаттай хамт парламентад орж ирсэн хүн бол Н.Оюундарь. Хэний ч танихгүй шахам энэ эмэгтэй өвөөгөөрөө овоглож, алдрын үзүүрээс атгасан. Харамсалтай нь бас л ЖДҮ-тэй холбоотой нэгэн. Тэр хүүгийнхээ компанийг зээл авахад нөлөөлсөн гэгдэж байснаа хугацаанаас нь зээлийг нь төлчихсөн гэж “бардамнасан”. Тэгэхлээр мань хүн олон нийт мэдээгүй байсан бол чимээгүйхэн ашигласаар байх байсан гэдгийг нь бататгах биз. Гэвч түүний парламентад тухлах үе тун бага үлдсэн гэдгийг олон нийт хэлдэг. Учир нь түүнд энэ удаа квот олдохоосоо өнгөрсөн гэнэ. Гэхдээ л тэр эцсээ хүртэл үзнэ гэж зүтгэж байгаа сурагтай.
Гол нь Н.Оюундарийн квотыг Сөүлийн гэгдэх Д.Өнөрболор авахаар төлөвлөж, эртнээс тойргоо усалсан. Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь салбарын даргын албыг хашиж байгаа нэрээр аймгаа бүхэлд нь тойрсон гээд тоочвол “сууриа” их л сайн тавьж яваа. Гэхдээ түүний хувьд М.Энхболдын хүн гэгддэг учраас намын даргын аяыг харахаас өөр аргагүй. Ядахад 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Ард түмэн бол цагаан цаас” гэж хэлээд олны дургүйцлийг хүргэчихсэн. Сайдаар зүтгүүлээд ч бүтэлгүйтэж, бүдэрч явсан түүхтэй. 
Тэдэнтэй зуузай холбохоор зүтгэж байгаа хүн бол Зам тээврийн хөгжлийн дэд сайн асан Б.Цогтгэрэл. Түүний хувьд сэлэнгэчүүдэд аль эртнээс хайр зарласан ч нэр дэвших квотоо халааслаж амжихгүй явсан. Харин энэ удаа “Хөтөл”-өөр “занималдаж” байгаад эрхээ авчихна гэх горьдлого тээж яваа. Сэлэнгэчүүд АН-ынхныг ч тэгтэл гомдоож байгаагүй хүмүүс. Тэд С.Баярцогт, Д.Эрдэнэбат нартаа бол байнга итгэл үзүүлсээр ирсэн.
Тиймээс ч АН-ынхан энэ удаа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг багаа ахлан тойрогтоо очихыг зөвлөж байгаа аж. Түүнтэй хамт Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа өгсөн, АН-ын ахлах зөвлөх З.Энхболдын нэр яригдах болсон. Харин нэг квотыг эмэгтэй нэр дэвшигчид өгөх санаархал яваа ч Сэлэнгэд сойчихоор эмэгтэй АН-д байхгүй аж.     

Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0