Эдийн засаг:
Монгол улс коммунист дарангуйллаас салж, ардчилсан нийгэмд шилжээд тийм ч их удаагүй. Мэдээж өнгөрсөн хугацаанд улс орон асар их өөрчлөгдөж, дэлхий ертөнц ч Монголыг хүлээн зөвшөөрч, энэ улс хөгжил дэвшлийн тодорхой үе шатанд хүрсэн. Тийнхүү улс орон маань бүхлээрээ өөрчлөгдөн шинэчлэгдэж өнөөгийн хүмүүсийн хэлдгээр тэр үед зүгээр л хоосон цагаан цаас шиг байсан улс маань шал өөр нийгэм рүү шилжсэн нь басхүү бахархал байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. 1921 онд Монгол оронд ардын хувьсгал ялахад олон зуун жилээр хоцрогдмол бүдүүлэг байсан энэ улс хөгжил дэвшилдээ хүрэх анхны зам нь тавигдсан гэж өнөөгийн Монголын болон гадаадын эрдэмтэд үздэг. Гэхдээ тэр үед ганц Монгол ч биш бас дэлхийн бусад олон улс орнууд адилхан дорой буурай байсан гэдгийг хэлэх нь зөв байх. Нэгэн түүхийг уншиж байснаа тод санадаг юм. Хувьсгалаас өмнө Хаант Орос улсын хэсэг эрдэмтэд Монголд ирээд бичиж үлдээсэн номон дээр байдаг. Судалгаа шинжилгээний ажлаар тэр үед Монголд ирсэн тэрхүү эрдэмтэд маш өндөр боловсролтой, түүхийн талаар өргөн мэдлэгтэй, Монголын эзэнт гүрний тухай маш сайн мэддэг тийм хүмүүс байсан гэдэг. Тэгээд Монголд ирээд нэгэн цагт дэлхийн талыг байлдан дагуулж байсан энэ ард түмэн ийм балиар заваан, бүдүүлэг улс болчихсон байхыг хараад гайхан цочирдсоноо бичиж үлдээсэн байдаг.
Мөн ардын хувьсгалын дараа Оросын хувьсгалчид, большевик намын дарга нар ч гэсэн Монголд ирээд үнэн хөгийн улсыг харснаа бичсэн байдаг. Тэр үед Монгол улс нь бөөн яр тэмбүү, нуль өвчин бас тэгээд ямар ч боловсролгүй, нийтээрээ шахуу ямар учиртай нь мэдэгдэхгүй төвдийн шарын шашны хачин ном уншсан нэг тийм аймшгийн улс байсан нь үнэн юм. Түүний дараа Монгол улс нийгэм журамт нийгмийг байгуулах замыг сонгон, улс орон хөгжиж дэвших замдаа орсон билээ. Монголын их зохиолч Дашдоржийн Нацагдорж тухайн үед хөмөрсөн тогоонд байсан энэ улс шинэ Монгол боллоо гэж бичиж байснийг бид бүгдээрээ мэднэ. Юуны учир оршил болгож энэхүү зүйлийг бичвээ гэвэл аливаа улс орон хөгжиж дэвшихийн тулд нэгэн үеийнхэн амь бие хайргүй зүтгэж өөрсдөө хохирч байж, улс орон нь хөгждөг гэдгийг сануулах гэсэндээ тэр. Ямар ч байсан тэр цаг үеэс хойш өнөөг хүртэл Монгол улс алдаа оноотой замыг туулан хөгжиж иржээ. Өнгөрсөн гучин жилийн түүхэнд ч гэсэн үүнтэй адил төстэй зүйлүүд ажиглагддаг.
Нэг их удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгууль. Сонгогч олон түмэн ямар хүн, улс төрийн хүчнээр улс орноо удирдуулахаа шийддэг чухал хариуцлагатай сонгууль. Сонгуульд ялсан хүн өөрийн багийг бүрдүүлж, тэр нь улс орныг ирэх дөрвөн жилд удирдан чиглүүлдэг. Мэдээжийн хэрэг тухайн намаас сонгогдсон хүмүүс өөр өөрсдийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж оролцдог. Тэр нь ч тэд нарын сонгуульд оролцох гол хүчин зүйл болдог. Өөрөөр хэлбэл энэ нь ард түмэн сонгогчдод нөлөөлөх намын гол баримт бичиг юм. Мэдээжийн хэрэг сонгогч түмэн сонгуульд оролцохдоо улс төрийн намуудын нэр дэвшигчид болон тэдний мөрийн хөтөлбөрийг голлон анхаарч байж сонголтоо хийдэг. Харин өнгөрсөн хугацаанд улс орныг маань удирдаж байсан тэдгээр нам улс төрийн хүчнүүд өөрсдийн гаргаж дэвшүүлж байсан нөгөө амлалтуудаа биелүүлж чадсан болов уу. Үүнийг л харин тэд нараас асуумаар байгаа юм. Өнөөдөр УИХ дээр олонх цөөнх болж байгаа намуудын өмнөх мөрийн хөтөлбөрүүдийг эргээд нэг санацгаая. 1 сая төгрөгийн хувьцаа, 1.5 сая төгрөгийн хувьцаа, ажилтай орлоготой Монгол хүн, Монгол хүн 20, Хөгжлийн мод гэх мэт. Иймэрхүү зүйлүүдийг цааш нь үргэлжлүүлэн дурдаж болно.
Харамсалтай нь эдгээрээс ганц нь ч биелээгүй гэдгийг та бид бүхэн мэдэж байгаа. Биелэх ч боломжгүй гэдгийг анхнаасаа ард түмэн ойлгож байсан. Тэр ч бүү хэл намууд мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхээ ч амласан байсан. Харин энэ удаа нөгөө сайхан юм ярьдаг намууд дахиад л ард түмнийг хуурахаар ээлжит худал хуурмаг зүйлээ ярьж эхэллээ. Бусад намууд ч бас адилхан байгаа. Ер нь ингэж ард түмнийг доромжилж байдаг ийм нам улс төрийн хүчин Монгол улсад байх шаардлага байна уу. Тэгээд бас дээрээс нь хууль бусаар сонгууль будлиантуулж зэвсэг хэрэглэн ямар ч гэмгүй хүмүүсийг буудаж алдаг ч байх шиг. Үнэндээ бол энэ нь эмгэнэл юм. Тэртээ тэргүй хөгжүүлж, сайжруулж, сайн сайхан болгож чадахгүй байж ингэж худлаа ярьж байдгаа болих хэрэгтэй.
Дэлхийд шинээр аж үйлдвэржсэн гэгддэг Азийн бар улсуудын төр засаг, Засгийн газрууд ийм үл гүйцэлдэх юм ярьж яваагүйг бид бүхэн түүх, ном судраас сайн мэднэ. Далай шиг энэ том газар нутагтай, 70 сая мал сүрэгтэй, ийм их байгалийн баялагтай энэ улсыг эдгээр намууд хөгжүүлж үнэхээр чадахгүй байна. Хөгжүүлэх хүсэл сонирхол ч алга. Тийн байтал тэд нар дахиад л өнөөх улигт юмаа ярьж хүмүүсийн тархи толгойг угааж Засгийн эрхэнд гарахаар улайрч явна. Ингэж явсаар байгаад Монгол улс хэдхэн тооны олигархууд болон улс төр бизнесийнхэнтэй нягт холбогдсон мафийн бүлэглэлийн гарт ороод дуусах нь. Ийм бүлэглэлүүд удирдаж байсан улс орнуудын сүйрсэн жишээ өчнөөн төчнөөнөөрөө бий. Тийм учраас тэгж ард түмнийг хуурч мэхэлдэг улсуудаас Монгол улс, монголчууд салах цаг нь одоо болсон гэж хэлмээр байна. Ард түмэндээ хандаж хэлэхэд луйварчдыг сонгож болохгүй, сонголтоо хийхдээ маш ухаалаг хандаж, эх орноо аврах цаг нь болсон шүү гэдгээ ойлгох шаардлагатай байна.
Ж.Батдорж
Эх сурвалж: Guren.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49