Мэдээ мэдээлэл

Нарны аймгийн гаригууд дээр амьдрахын тулд хүн төрөлхтөн юу хийх шаардлагатай вэ?

Хуваалцах:

Хүн төрөлхтний хувьд өөр гариг орчинд шилжин очиж амьдрах боломж хэр их байдаг юм бол? Бүх л бүтэн хүн төрөлхтөн биш юмаа гэхэд хэсэгхэн хүнд зориулсан жижиг суурин байгуулах боломж байгаа эсэх талаар нарны аймгийн долоон биетийг жишээ болгон авч үзье.

1Буд

Наранд хамгийн ойрхон орших Буд гаригийг эхэлж сонирхъё. Энэ гариг нь наранд маш ойрхон учир хүн амьдрах тухай яриа үгүй, бас сартай адил нар луу нэг л талаараа харах учир тэр хэсэгт 450 хэм халуун байхад нөгөө хэсэгт нь ямар ч амьдралын хэлбэр байх боломжгүй хүйтэн байна.
Гэхдээ ийм аймшигт гаригт ч харьцангуй амьдрах боломжтой хэсэг олж болох бөгөөд энэ нь гэрэлтэй болон харанхуй хэсгийн зааг болсон тэр хэсэг билээ. Энэ хэсэгт хүн ая тухтай амьдрах боломжгүй, өвс ургамал ургахгүй, хүн тусгай өмсгөлгүйгээр зугаалах аргагүй боловч ямар нэг хэмжээгээр жижигхэн колони байгуулах газар олдож л таарах байх. Гэхдээ энэ аймшигт газар колони байгуулах гэж зүтгэх ямар ч шаардлага үгүй билээ.
Сонирхуулахад буд гаригийн цөм нь нийт гаригийн эзлэхүүний 83%-ийг эзэлдэг байна.
Буд

2Сугар

Олон зуун жилийн турш хүн төрөлхтөн энэ гариг дээр өвс ургамал халиуран, ан амьтан гүйлдэн, далайн ус давлагаалан байгаа хэмээн үзэж байсан юм. Сугар нь эх дэлхийтэй маань ихээхэн төстэй учир ингэж бодох нь ч аргагүй байсан байх. Ер нь энэ гаригийг амьдрах боломжтой бүст байрлах гурван гаригын нэг гэж үздэг байсан ба нарнаас хэт хол, ойр биш учир амьдрах нөхцөл байж магадгүй юм гэж үздэг байжээ. Гэхдээ энд хамгийн чухал үг нь “магадгүй юм” гэсэн үг юм шүү. Өөрөөр хэлбэл амьдрах нөхцөл байхгүй ч байж болох нь гэсэн үг билээ.
1960-аад оноос энэ гариг руу олон хиймэл дагуул илгээсэн бөгөөд тэдний илгээсэн мэдээгээр тэр газар хүн амьдрах боломж үгүй гэдэг нь тодорхой болсон юм. 450 хэм хүртэл халах орчинд ямар ч амьдрал байх билээ. Ийм халуунд хар тугалга хайлах ба дээр нь дэлхийн даралтаас 100 дахин их даралт байна гээд төсөөлөөд үз. Олон хиймэл дагуул энэ гариг дээр буух гээд агаар мандалд нь ороод л бяц дарагдан дуусч байсан гэдэг. Ийм газар бүрэн битүүмжилсэн, хүн амьдрах боломжтой орчин байгуулж болох ч яах гэж тийм юм хийх хэрэгтэй вэ гэдэг асуулт хамгийн гол зүйл байх болов уу.
Сугар

3Ангараг

Энэ бол хүн амьдарч болох хамгийн боломжит гариг гэж үздэг бөгөөд сүүлийн үед бас өөр чиглэл бий болж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ гаригийн татах хүч дэлхийнхээс 3 дахин бага байдаг нь байж болох хэмжээ бөгөөд зарим талаар бүр ашигтай шинж чанар юм. Байр сав барихад амар, пуужин хөөргөн нарны системийн гүн рүү аялахад илүү хөнгөн гэх мэт. Гэхдээ энэ бүхнийг бий болгохын тулд дэд бүтэц байгуулах хэрэгтэй бөгөөд хамгийн гол бэрхшээл нь энэ юм. Ангараг гаригт хүн төрөлхтөн бүгдээрээ нүүн шилжин очиж болох боловч энэ нь хэдэн зуун жил дамжин үргэлжлэх явдал болохоос гадна амжилттай болно гэсэн баталгаа үгүй.
Ангараг гаригт очлоо гэхэд олон бэрхшээл үүсэх бөгөөд үүний нэг жишээ нь соронзон орон үгүй учир амьд бие организмыг цацраг туяанаас хамгаалах зүйл гэж байхгүй. Агаар мандалтай холбоотой асуудлыг шийдэж болохоор гэмээр зарим нэг санаа эрдэмтдэд байгаа бол харин соронзон орны тухайд юу ч алга. Тэгэхээр хүн төрөлхтөн тэр чигээрээ нүүн очих тухай лав л одоогоор ярих нь утга багатай ба харин жижиг колони байгуулах газар энэ гариг дээр олон бий.
Ангараг

4Сар

Жижигхэн телескоп аваад сарны гудамжийг харна гээд нэг төсөөлөөд үзээрэй. Бас саран дээрээс хэн нэг нь биднийг дурандаж, хоорондоо сошиал сүлжээгээр харилцаж, дараа нь сарны талбай дээр болзож, улмаар тойрог замд хуримаа хийх... гэх мэт. Саран дээр том хотууд байх нь ядаж л сонин байхсан.
Ер нь бол ийм байдал боломжтой бөгөөд сар маань Ангараг гаригийг бодвол илүү ойрхон гээд давуу тал их бий. Сар луу хүссэн өдрөө нисэж болох бол улаан нүдэн гариг руу хоёр жилдээ л нэг удаа аялах боломжтой. Гэхдээ бас мундахгүй бэрхшээл гарах  ба саран дээр агаар мандал огт байхгүй, соронзон орон гэж үгүй, агаарын халуун хүйтний хэлбэлзэл маш өндөр, бас тэнд хот суурин байгуулаад яах ч юм билээ гэх мэт.
Сар бол хүн амьдрах хамгийн боломжтой биет (мэдээж дэлхийг тооцохгүйгээр) бөгөөд 1970-аад оноос АНУ, ЗХУ, одоо Хятад зэрэг улсууд энд колони байгуулах тухай янз бүрийн төлөвлөгөө гаргасаар байгаа билээ. Хэдхэн хүн амьдрах жижигхэн суурингаас эхлээд бүхэл бүтэн том колони байгуулах хэмжээний олон арван төсөл бий. Эдгээрийг хэрэгжүүлэх анхны алхмыг хийсэн гэж ойлгож болох ба сарны тойрог замд ажиллах станцыг барих Gateway төсөл нь үүний эхлэл юм. Энэ нь "Мир" болон ОУСС маягийн байх боловч харин сарны тойрог замд ажиллах гэдгээрээ ялгаатай билээ. Энэ нь хэдий сайхан сонсогдож байгаа ч манай дэлхийн дагуул дээр хүн амьдрах суурин байгуулах хүртэл мөн ч их хол зай байна даа гэдгийг харуулж байгаа билээ.
Сар

5Титан, Энцелада, Европа

Дэлхийтэй төстэй гариг болон сартай холбоотой асуудлуудыг авч үзлээ. Тэгэхээр өөр бусад гариг, дагуул ямар байж болох тухай бодоход Ангарагын дагуулууд хэт жижигхэн, Бархасбадь болон Санчир зэрэг аварга том гаригийн ихэнх дагуулуудад хатуу хөрс байхгүй гээд асуудал зөндөө. Гэхдээ энэ том гаригийн дагуулууд нь том хэмжээтэй төдийгүй зарим нь бүхэл гаригаас дутахгүй байх нь элбэг. Иймэрхүү олон арван дагуулууд бараг бүгд адилхан шинж чанартай байдаг гэдэг билээ.
1655 онд нээсэн Титан нь зүгээр ч нэг ийм нэр аваагүй бөгөөд Санчирын энэ дагуул нь хэмжээгээрээ Буд гаригаас том юм. Агаар мандалтай, бага ч гэсэн татах хүчтэй (дэлхийн татах хүчний 1/7) зэргээс гадна нарны систем доторх тогтвортой хэлбэртэй шингэн агуулж байдаг хоёр дахь биет гэж тогтоосон дагуул юм. Энд шингэн метан, этан бүхий бороо орж, нуур, гол ус тогтсон гэж үздэг байна. Магадгүй асар том мөсөн бүхүүлийн дор далай шиг их ус байж магадгүй юм. Ийм далай байхгүй байлаа ч титан дээр хамгийн энгийн амьдралын хэлбэр бий болгож болно гэж үздэг билээ.
Титан, Энцелада, Европа

Дараагийх нь Санчирын бас нэг дагуул болох Энцелада. Энэ дагуулын гадаргуу дээр шингэн байхгүй боловч битүү мөсөөр хучигдсан байдаг нь амьдралд хэрэгтэй ихээхэн зүйлийг яг байрлах гараасаа авах боломжтой гэдгийг харуулж байгаа юм. Мэдээж гараад л мөснөөс нь эмтлэн авч вискиндээ хийгээд ууж болно гэсэн үг биш нь ойлгомжтой. Тэрхүү мөсөнд тухайн газрын хачин жигтэй микро организмууд байж болохоос гадна мөс маань өөрөө нэлээд олон мянга, сая жилийн настай байж таарна. Гэхдээ л энэ нь хаа байсан дэлхийгээс ус зөөхөөс илүү хямд, хөнгөн байх билээ.

Дэлхийд амьдрахаас уйдсан бол Европа явж болох юм. Европа гэдэг маань Бархасбадь гаригийн зургадугаар дагуул. Тэнд соронзон орон байхаас гадна Бархасбадь гаригын туйлын нөлөө бий. Сийрэг агаар мандал нь хүчилтөрөгчөөр баян, битүү хучсан мөсний дор 100 км гаруй гүн далай байж болох магадлалтай гэдэг. Гэхдээ тэрхүү далайг хучсан мөсний зузаан ч гэсэн 2-30 км хүрдэг юм байна. Нэг ёсондоо тэнд амьдрах бол өрөмдөөд л байх хэрэгтэй болох нь. Тэр тусмаа Европа нь биднийг урьж байгаа юм шиг үе үе олон км үргэлжилсэн урт гейзерийг гариг хоорондын дагуулуудын маань дуран дор цацаж байдаг билээ.

скачать dle 12.0