Эдийн засаг:
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
-Улс оронд үүсээд буй онцгой нөхцөл байдлын хүрээнд Засгийн газар тодорхой арга хэмжээг аваад эхэллээ. Таны хувьд Засгийн газраас гаргасан шийдвэр дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Засгийн газраас авч буй арга хэмжээ сонгуульд зориулсан шоу болчих вий дээ гэж санаа зовж байна. Сонгуулиар далимдуулаад алдагдал, алдаа оноогоо Төр, засагт үүрүүлэх вий. Эдийн засаг үнэхээр хүнд байгаа гэдэг нь ойлгомжтой. Энэ хугацаанд манай нийт гадаад өр 30 гаруй миллиард ам.долларт хүрчихлээ. Ирэх оноос эхлээд эхний гурван сая ам.доллароо төлөх нь. Мөн бусад өр зээлүүд байгаа. Дэлхийн зах зээлд түүхий эд, эрдэс баялгийн үнэ эрс унах хандлагатай байна. Энэ нь эрэлт, хэрэгцээ багассантай холбоотой. Олон улсын бирж дээр нефтийн үнэ 76 ам.доллар байсан бол өнөөдөр 22-25 ам.доллар болсон байна. Түүнчлэн аж үйлдвэрийн бараа хийдэг түүхий эдийн үнэ 3-4 дахин уначихсан. Манай орны хувьд дотоодоосоо зах зээлд гаргаж байгаа ганц зүйл бол ноолуур. Ноолуурын үнэ мөн адил унаж байна. Одоо нэг зүйлийг ойлгох цаг болсон байх. Аж үйлдвэрээ өөд нь татаж байж энэ байдлаас гарна.
-Ноос ноолуурын эцсийн бүтээгдэхүүнийг Монголд боловсруулахад чиглэж, Засгийн газраас тодорхой хэмжээний зээлийг олгох тогтоолын төслийг баталсан. Энэ бодит дэмжлэг байж чадав уу?
-Энэ нь бодит дэмжлэг биш болчих гээд байна. ХХААХҮ-ийн сайд нь “Ноолуурын үнийг 100 мянган төгрөг болгоно” хэмээн дур зоргоороо ярьж байгаа харагдана лээ. Өнгөрсөн жил ноолуурын дундаж үнэ 60-70 мянган төгрөг байсан. Энэ жилийн хувьд ноолуурын үнэ 20-25 мянган төгрөг байна. 100 мянган төгрөгөөр зарна гэдэг бол үндсэндээ дөрөв дахин өндөр үнэ. Тэрийг авах хүн байхгүй байх. Ийм амьдралаас тасархай, зүйл байж болохгүй. Ноолуур бол хувцас хийдэг л бүтээгдэхүүн.
-Зээл олгоно гэж байгаа шүү дээ?
-Зээл авсан ААН-үүд эргээд зээлээ төлнө. Тийм учраас алдагдалтай бизнес хийж байгаа нөхцөлд яаж зээлээ төлөх вэ. Иймд зээл авахгүй гэсэн үг. Зах зээлийн үнээр явахгүй гэж байгаа бол үүний алдагдал болохуйц 70 мянган төгрөгийг улс гаргах хэрэгтэй.
ХӨНГӨН, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ УСТГАЧИХААД БҮГД ЖДҮ БОЛЧИХВОЛ ЭНЭ УЛС БАЛАРНА
-Нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх шийдвэр гарсан. Энэ талаар Та ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газар шийдвэр гаргаж байгаа нь зөв. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх гэж байгаа яамдууд хариуцлагагүй хандаж байна. Ямар ч судалгаа, үндэслэл байхгүй арга хэмжээ зохион байгуулаад түүнийгээ Засгийн газраар санхүүжүүлэх гэж байна. Үүнийг далимдуулж, хавтгай идэж уусан, үрсэн ажил болох вий дээ. Дэлхийн зах зээлд ноолуурын ханш 25 мянган төгрөг байхад яаж 100 мянгаар зарах гэж байгаа юм бэ. Түүнчлэн ийм хэцүү үед аймаг, орон нутагт худалдан авалт, барилга барьдаг байдлаа одоо боль. Одоо илүү үйлдвэрлэл лүүгээ анхааръя. Жишээ нь, хүнсний үйлдвэрлэлээ өөд нь татах хэрэгтэй байна. Гадаадаас аль болох хүнсний бүтээгдэхүүн авдаггүй болмоор байна. ХАА, газар тариалан, жимсний аж ахуйгаа өөд нь татах хэрэгтэй. Ингэж чадвал бид гадаад улс орноос хамааралгүйгээр дотоодод хүнсний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжтой.
Бас нэг зүйлээс татгалзаасай гэж бодож байна. Энэ бол нефть боловсруулах үйлдвэр. Арван жилийн турш нэг баррель нефтийн үнэ 20-30 ам.доллар байх юм бол бид нефтийн үйлдвэр бариад ямар ч ашигтай ажиллахгүй. Гэтэл үүнд миллиард ам.доллар зарах гэж байна. Зээлээр шүү. Эргээд тэр зээлийг та бид төлнө.
“Мөнгөө буруу зарцуулвал бидэнд маш их сөрөг үр дагавартай. Энэ их ачааг ард түмэн л үүрнэ”
-2021-2024 онд манай улс маш их хэмжээний өрийг төлнө. Ийм үед хүүхдийн мөнгийг төлөх, нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх нь Монгол Улсын эдийн засгийг хүнд байдалд оруулах юм биш биз?
-Мөнгөө зөв зарах юм бол хүнд байдлыг тойрох боломжтой. Буруу зарцуулвал бидэнд маш их сөрөг үр дагавартай. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш 5000-6000 мянгад хүрвэл юмны үнэ дагаад 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Иймд энэ их ачааг ард түмэн л үүрнэ гэсэн үг шүү дээ.
-ЖДҮ-ийг хөгжүүлэхэд анхаарвал одоогийн байгаа онцгой нөхцөл байдлын үед бодитой авах арга хэмжээ болно гэж үзэж байгаа?
-Засгийн газар хөнгөн болон хүнсний үйлдвэрээ хөгжүүлэх хэрэгтэй болов уу. Эдгээр үйлдвэр нь жижиг үйлчилгээ болон цехүүдтэй хамтарч ажиллах тухай ярих хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш жижиг үйлдвэрлэл гэж байхгүй. Хамтарч, хоршиж ажиллах бүтцийг бий болгох хэрэгтэй. Хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэрээ устгачихаад бүгд ЖДҮ болчихвол энэ улс баларна.
“НАМЫН УДИРДЛАГУУД УЛС ТӨР, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТАЛААР МЭТГЭЛЦМЭЭР БАЙНА”
-Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн санал авах өдрийг хойшлуулах уриалга гаргасан. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
- Зовлонгийн түргэн нь дээр биз ээ. Сонгуулиа хийсэн нь дээр. Сонгуулийн үеэр нөхдүүд их хэмжээний мөнгө тараах ажлыг хийх гээд байна. Энэ ажил эхэлчихсэн байна. “Надад саналаа өгөх юм бол өрийг чинь тэглэж өгье, машин зээлээр авахад чинь тусалъя, орон сууцтай болоход чинь тусалъя” гэх мэт бүртгэлийг гадуур явуулж байна. Тийм хэсэг бүлэг нөхдүүдийг нэр устай нь мэдэж байгаа. Удахгүй хууль, хяналтын байгууллагад өгнө. Түүнчлэн намын удирдлагууд улс төр, нийгэм, эдийн засгийн талаар мэдээллийн хэрэгслээр дамжуулан соёлтой мэтгэлцмээр байна. Сонгогчид хэн нь зөв, хэн нь худлаа ярьж байна вэ гэдгийг олж хараг. Иргэдээ “харанхуй” сонгуульд оруулж болохгүй. Энэ асуудлыг өөрчлөх хэрэгтэй.
Ц.Анударь
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49