Нийгэм / Мэдээ мэдээлэл

Чингэлтэй дүүргээс газрын асуудалтай холбоотой мэдээлэл хийлээ

Хуваалцах:

Өнөөдөр Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Чингэлтэй дүүргээс газар төлөвлөлт зохион байгуулалт, зөрчил, маргааны асуудлаар хяналт шалгалт зохион байгуулж дүгнэлт гаргах, санал танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаатой холбогдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Н.Оюунбилэг нар мэдээлэл хийлээ.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл иргэдийн хамгийн их шүүмжлэл дагуулдаг газрын асуудлыг цэгцлэхээр ажиллаж байгаа билээ. Уг асуудлыг дүүргийн хэмжээнд шийдвэрлэхээр 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр А/170 дугаар захирамж гаргаж Ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг нь иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын санал, хүсэлтийг хүлээн авч тодорхой шийдвэр гаргаж ажиллаж байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол:
“Ажлын хэсэг нь зуслангийн ногоон бүсийн газартай холбоотой маргаан зөрчил, зөвшөөрөлгүй ТҮЦ, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай хаасан хашаа, хайс, граж, контейнер зэргийг цэгцлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас дүүргийн Нутгийн захиргааны байгууллагад 2017 оноос хойш ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдалд дүгнэлт хийж, санал гаргаж ажиллаж байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас газартай холбоотой маргаан, зөрчлийн мэдээллийг нээлттэй хүлээн авах зорилгоор 319857 дугаарын утсыг ажлын цагаар ажиллуулж ирсэн санал, хүсэлтийн дагуу Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүд асуудлыг шийдвэрлэх ажлуудыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна”
Чингэлтэй дүүрэг анх удаа дүүргийн Засаг даргын дэргэд “Байнгын зөвлөл” байгуулсан бөгөөд энэ зөвлөл нь газар олгох, шилжүүлэх, сунгах, цуцлахтай холбоотой асуудлыг хэлэлцэн гарсан шийдвэрийг дүүргийн Засаг даргад уламжилж хуулийн хүрээнд шийдвэрийг гаргуулж байна. Тухайлбал Дүүргийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар тоот захирамж, А/83 дугаар захирамж, 02 дугаар сарын 10-ны өдрийн А/102 дугаар тоот захирамжуудыг хүчингүй болгож, уг захирамжаар нийт 49 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгоод байна. Цаашид дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар олгосон, эзэмшүүлсэн асуудалд холбогдсон зарим төрийн албан хаагчдад хариуцлагын арга хэмжээг авч, хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан байна. Мөн дүүргийн хэмжээнд зарим хууль бусаар олгогдсон газрын асуудлыг хууль, хяналтын байгууллагаас шалгаж Эрүүгийн хэрэг үүсгээд байна.
скачать dle 12.0