Эдийн засаг:
В.Путин “COVID-19”-өөр далимдуулж эрх мэдлээ мөнхжүүлэх гэж улайрсан дэлхийн удирдагчаар тодроод байна. Тэр зөвхөн цар тахлын үеэр ч биш, ер нь л улсдаа мөнхийн ноён суух санаархлаа ажил болгосоор яваа удирдагч л даа. За энэ ч яахав бусдын хэрэг. Манайд байдаг шавь нар нь цар тахлыг далимдуулсан элдэв үйлдэл гаргах боллоо гэж хэлэх гээд л мань эрийг жишээлсэн юм. Путиныг дуурайж цээж нүцгэн морь унаж, буу үүрч, булчингаа гайхуулдаг нөхөд цар тахлын үеэр хэрээс хэтэрсэн санаархлаа ил гаргаад эхэллээ. Зарим нь бүр эрх мэдлийг төвлөрүүлнэ, дайн дажинтай үед нийгмийн сүлжээ дэмий гэж удаа дараа мэдэгдэх болов. “Одоо засагладаг цаг, дуугүй засаглуул” гэх мэтээр өндөр дуугаар сүржин мэдэгдэл хийгээд суугаа анзаарагдах юм. Дуртай цагтаа нийгмээр нь хорио тавьж, дуртай цагтаа хориогоо нээж ч байх шиг. Шуудхан хэлэхэд нийгмийн туршилтууд хийгээд эхлэв үү гэсэн хар төрж байна.
Төр засаг баригчид олдог хэд нь өдрөөс өдөрт багассаар яваа иргэдээ, туйлдаж хэцүүдсэн эдийн засгаа бодсон шийдвэр гаргаад байна уу гээд харахаар нэг л биш ээ. Том компаниуд нь ажилчдаа олноор нь халахаас аргагүйд хүрснээ “Эдийн засагт сөрөг мессэж болно” гэсэн эх оронч хандлагаар ил дэлгэхгүй мачийж, хаалгаа барьсан жижиг дунд компаниудын тоо хөшигний ард хэдэн арваараа чимээгүйхэн нэмэгдэж байхад манай дээдчүүл компаниудыг төдийгөөс өдий хүртэл санхүүжүүлж, бизнесээ хийхэд нь дэм болж ирсэн банкуудаа боомилохоор улайрч байна. Сангийн сайд лав банкуудыг хилэнтэйгээр хэдэнтээ занасан. Ерөнхий сайд олны өмнө мэдэгдэл хийхдээ “Болохгүй бол та нарыг өвтгөнө шүү” гэсэн утгатай заналхийллийг банкуудад хаяглана лээ. Товчхондоо манай эрх баригчид банкууд руу дуу дуугаа авалцан дайрч байна.
Сүүлд гэхэд УИХ-ын дарга тогтоолоор авах арван арга хэмжээг зарласныг уншигчид санаж суугаа байх. Тогтоол гаргаж хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд зээлийн хүү, хадгаламжийн эх үүсвэрийн зардлыг бууруулах гэсэн шийдэл бий. Өнөө шийдлээ “Банкны өөрийн эх үүсвэрээс олгосон 500 сая хүртэлх төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй зээлийн хүүний хувийг бууруулах, хөнгөлөх” гэж тодотгосон байна лээ. За тэгээд жижиг дундуудад хандсан зээлийн батлан даалтын дээд хязгаарыг бууруулан тогтоох, банкны салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх хүрээнд олон нийтийн хяналттай харилцагчдад хүртээмжтэй, ашигтай банкны тогтолцоог бий болгох, мөнгө хүүлэлтийг хязгаарлах замаар зээлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх гэх мэт гарц шийдлүүдийг танилцуулсан. Нэг хүнд ногдох хувь эзэмшлийг зааж өгч, зээлийн хүүгийн хэмжээг тогтоох юм даг уу даа. Ухаандаа манай төр жамаарааа яваа хувийн хэвшлийн бизнес рүү ханцуй шамлан орж, дүрэм журмыг нь өөрсдийнхөө хүслээр зохиож өгөхөөр хатуу шийдсэн бололтой. Энэ тэмцлийг нь өдөөж, дөгөөж яваа хүмүүсийг анзаарах нь ээ хөрөнгийн биржийн хэдэн дилер, даатгалын компанийн захирал голдуу нөхөд, том зээл авсан улстөрийн угшилтай компанийн захирлууд гээд гурав ангилчихмаар харагдах юм.
Санхүүгийн зах зээлийг банк, хөрөнгийн бирж, даатгал гэж гурав ангилдаг. Хөгжингүй улсад сая онцолсон хувьцаа, даатгал, банк тулгын гурван чулуу мэт адил оролцоотой байдаг бол хөгжиж яваа манайх шиг улсад арай өөр өнгө ажиглагддаг. Жишээ нь, манай улсад гэхэд төдийгөөс өдий хүртэл банк нь түлхүү хөгжсөн онцлог бий. Банкнаас бусад нь хөгжих бололцоо боломж хумигдмал явсаар гучин жилийг үдсэн, ерөөс хөгжиж тэлсэн нь ганц банк, банкны салбар нь хөгжихдөө дэлхийн хэмжээнд цойлж чадсан гэж эдийн засагчид онцолдог. Хөрөнгийн зах, даатгал цойлох цагтаа хөгжиж дэвжих нь тодорхой. Гэхдээ өнөөдөр гэнэтхэн цойлоод хөгжчих боломжгүйг өнгөрсөн гучин жилийн түүх маань хэлээд өгч байна.
Банк, хөрөнгийн бирж, даатгал гурав хүмүүсийн мөнгийг өсгөж, зах зээлийг тэлж, эрсдэлээс хамгаалж, ажлын байрыг бий болгодог гол индэр. Хүн төрөлхтөн төдийгөөс өдий хүртэл энэ гурвыг ашиглаж хөрөнгөтэй мөнгөтэй, ахуйтай амьжиргаатай, эрсдэлгүй тайван амьдарсаар ирсэн нь түүхийн үнэн. Цаашдаа ч ингэж аж төрөх нь хэтэрхий тодорхой хэрэг. Шуудхан хэлэхэд хүмүүс мөнгөө өсгөж, хөрөнгөө арвижуулах гэж энэ зах зээлүүдэд ханддаг. Өнөөхөндөө энгийн иргэдэд мөнгөө өсгөх ганц л найдвартай индэр байна. Тэр нь банк. Банкинд мөнгөө хадгалуулж өсгөж үржүүлэхээс өөр аятай боломж өнөөхөндөө алга.
Хувьцаа худалдаж аваад мөнгөө өсгөх боломж байна уу гэсэн асуулт тавиад харъя. Хөрөнгийн зах зээлд мөнгөө хийгээд хожсоноосоо хохирсон нь их. Хамгийн наад захын, сонгодог гэж тодорхойлж болох жишээ хэлье. Монголдоо урдаа барьдаг гэж хэлж болох Улсын их дэлгүүрийн хувьцааг худалдаж авлаа гэж төсөөлье. Өнгөц харахад бол Улсын их дэлгүүр шиг ашигтай ажилладаг газар үгүй. Метр квадрат талбайн түрээсийн төлбөр нь хамгийн өндөр гэж нийслэлдээ шагшигддаг газар.
Тэр том дэлгүүр зөвхөн түрээсээсээ өчнөөн мөнгө олох боломжтой гэдгийг тооны ухаанд нэвтрээгүй, нэмж хасах үйлдэл хийчихдэг жирийн нэгэн багцаалдаад таачихна. Гэтэл нидэр дээрээ Улсын их дэлгүүр ашиггүй ажилладаг гэсэн тайлан баланс гаргаж, хамаг ашгийг нь “Номин” хамж авсаар өнөөг хүрсэн. Ашиггүй ажилласан гэсэн тайлан гаргачихаар хувьцаа эзэмшигчид нь ногдол ашиг авч чадахгүй нь ойлгомжтой. Төдийгөөс өдий хүртэл яг ийм шалтаг тайлбараар Улсын их дэлгүүрийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авч чадахгүй шүүхээс шүүхийн хооронд зүдэрч яваа нь гашуун ч гэлээ үнэн бодитой кейс. Хариуцлага тооцох ёстой газрууд нь илт улайрсан ийм үйл явдлыг харахаас хэтрэхгүй яваа нь бас бодитой үнэн. Санхүүгийн зохицуулах хорооноос шүүхэд ханддаг ч асуудал хувьцаа эзэмшигчдийн талд шийдэгдэж, эгэл жирийн иргэд ашиг хүртсэн жишээ лав л өнөөхөндөө алга.
Даатгалын салбар хөгжихгүй байна гэж ирээд өчнөөн шалтгаан ярьдаг. Даатгал хөгжвөл уг нь гэж ирээд өчнөөн сайхан тайлбар жишээ жагсаадаг. Гэхдээ үндэстний сэтгэлгээ гэж яаж ч нөлөөлөх гээд сууриасаа ганхаж өгдөггүй зүйл байна. Амны билгээс ашдын бэлгэ гэж ярьдаг монголчуудын хувьд амь насны даатгал, хорт хавдрын даатгалд даатгуулах соёл, дадал суутлаа өдий. Амь насаа даатгуулсны маргааш машинтай явж байгаад осолдвол яах юм, хорт хавдрын даатгалд хамрагдсаны дараа гайтай өвчин тусчихвал яах билээ гэж болгоомжлоод даатгалд сайн дураараа мөнгө зарахгүй ард түмэн гэчихэд хэтрүүлэг болохгүй. Даатгалын салбар хөгжихгүй өнөөг хүрсэн цаад том шалтгаан нь энэ. Төрөөс хууль гаргасан тулдаа жолооч нар даатгалын мөнгө гэж хэдэн төгрөг дуртай дургүй төлж яваа. Жолоочийн хариуцлагын даатгал, орон сууцны зээлийн даатгал гэх мэт цөөн нэр төрлийн хэрнээ олныг хамарсан албан журмын даатгал дээр даатгалын салбар амьдарч байгаа нь булзах аргагүй үнэн л дээ.
Ер нь тэгээд улс орнуудын зах зээлийн багтаамж гэж анзаарч харахаас аргагүй онцлог байна аа. Манайх шиг жижиг зах зээлд санхүүгийн зах зээлийн гурван тулгуур цугаараа нэгэн зэрэг ашиглагдах боломж тун бага гэж хэлэх эдийн засагч бий. Өнгөрсөн гучин жилээ эргээд харахад ганцхан банкны салбар ном жамаараа хөгжөөд өнөөг хүрсэн нь цаанаа ийм шалтгантай байх.
Монголчууд төдийгөөс өдий хүртэл банкинд мөнгөө хадгалуулж, өгөөж ашгийг нь хүртсээр ирсэн. Хурааж хуримтлуулсан хэдийнхээ хүү ашгаар амьдралаа давгүй авч яваа өчнөөн монгол байгаа. Тэр утгаараа эрх баригчдын банкны салбар руу дайрсан хандлага шийдвэр болж хэрэгжээд эхэлбэл олон мянган монгол хохирно. Мэдээж хэн ч мөнгө, түрийвчинд нь халдаад эхэлбэл зүгээр суухгүй. Попрол, худлаа амлалт, авлига гээд эрх баригчдын хэцүү бүхнийг тэвчсээр ирсэн монголчууд банк руу халдсан шийдвэр хэрэгжээд эхэлбэл нам гүм суухгүй л болов уу. Тэгэхээр чоно борооноор гэдэг шиг цар тахлыг далимдуулж банк руу дайрах санаархлаа зогсоовол яасан юм бэ, эрх баригчид аа. Банк руу дайрч өөрсдийгөө болон эрх ашиг нэгтэй бүлэглэлээ банкинд хувьцаатай болгох гэсэн шунахайрал чинь хэрээс хэтрээд байна. Хамгийн хошин нь юу гээ. Их мөнгө эргэлддэг цөөн салбарын нэг болох банк руу шунамхайрч дайрсаар ирсэн урьдын санаархлаа тахлаар далимдуулж сонгодог дээрэм болгох гэж яваа эрх баригчдын цаад санаа түмэн олонд ил тод уншигдаад байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49