Онцлох мэдээ / Улс төр

УИХ хулгайчуудын байх газар биш

Хуваалцах:
Монгол улсад ардчилсан хувьсгал ялснаас хойш өнөөг хүртлэх улс төрийн нөхцөл байдлыг ажиглаж харахад улс төрийн хоёр том нам ээлжлэн удирдаж ирсныг бид бүхэн мэднэ. Анх ардчилсан хувьсгал ялж, Монгол улс том гүрний хараат байхаа болих үед, ард түмэн хуучин нийгмийн үеийн дарангуйлагч тогтолцоог тэр чигээр нь бүрэн устгах нь гэж битүүхэндээ баярлаж байсан нь үнэн юм. Гэтэл тэр үед яагаад ч юм өнгөрсөн үеийн хуучин тогтолцоо устаж алга болоогүйгээр үл барам нөгөө хуучин дарангуйлагч хулгайч нар нэр зүсээ хувилган өнөөг хүртэл бүхэл бүтэн улс орны хувь заяаг шийдэлцэж суугаа билээ. Ардчилал гэдэг нь угаасаа, ардчилалын үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, эрх чөлөө шударга ёсыг тунхаглах явдлыг хэлдэг болохоос аль нэг хуучин коммунист байгаад зүсээ хувилгасан хэсэг бүлэг этгээдүүдийн бүлэглэлийг хэлдэггүй гэдгийг хуучин коммунист нийгмээс ардчилсан системд шилжсэн улс орнуудын туршлага харуулдаг. Харамсалтай нь өнөөдөр Монгол улсад хуучин зүүн Европийн улс орнуудад хэрэгжсэн шиг тийм улс төрийн шинэчлэл огтхон ч хийгдээгүй гэдгийг өнөөгийн манай улс төр судлаачид санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг.
Ардчилсан хувьсгалын тулгын чулууг тавилцсан хүмүүсийн нэг гэгддэг малыш Энхтүвшингийн бичсэн нэгэн ном миний өмнө байна. Номын нэр нь” Америкт арван жил”. Уг номын оршил хэсэгт “Ёрын балгаар Москвагаас ирсэн МАХН-ыг аврах ажлын хэсэг гэгдэгч багийнхан ирж тусгаар улсын дотоод хэрэгт балмадаар оролцон АН хэмээх тоглоомын нам байгуулагдлаа. Ийнхүү хуурамч нэр зүүсэн хэсэг бүлэг этгээдүүд ардчилагчдын дүрд орж ардчилалыг байгуулахаар боллоо” гэжээ. Эндээс ургуулан бодоход өнөөгийн манай улсын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д суугаа хоёр том намынхан арай аль нэг улсын захиалгаар буй болгосон улс төрийн хүчин юм биш байгаа гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Ямар ч байсан тэр үеэс өнөөг хүртэл явж ирсэн улс төрийн тогтолцоо нь улс төр бизнес олигархуудын бүлэглэл болтлоо өргөжчихөөд байгаа нь даан ч харамсалтай санагддаг.
Монгол улсын Ерөнхийлөгчийн байнга ярьж явдаг зүйл нь авлига албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэх явдал гэсэн үг байдаг. Гэтэл өнөөдөр УИХ, Засгийн газар болон яам агентлагийн удирдлагуудын дотор авлигатай нэр нь холбогдоогүй хүн нэгээхэн ч үгүй гэдгийг сонгогч та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Эдгээр хүмүүсийн ард томоохон бизнесийн бүлэглэлүүд болон өөр хоорондоо тохиролцсон улс төрийн хоёр том нам байгаа нь мэдээж. Тэгээд бид бүгдээрээ тэдгээр хог шааруудыг дараа дараачийн сонгуулиар сонгох хэрэгтэй болдог нь туйлын эмгэнэлтэй юм. 
Уул нь төр засаг хулгайч нарын орогнох газар биш л юмсан. “Уулзах газрыг өөрчилж болохгүй” гэдэг кинон дээр ахмад Жеглов "хулгайч шорондоо л сууж байх ёстой” гэж хэлдэг. Тийм болохоор тэрхүү гоё юм ярьсан худалч, хулгайч нар ч гэсэн бас шорондоо сууж байх ёстой. Тэр үүднээс ард түмэн та бүхэндээ хандаж хэлэхэд дараа дараачийн сонгуульд саналаа өгөхдөө болгоомжтой байж, хулгайч нарыг огтхон ч сонгож болохгүй шүү гэж сануулмаар байна. 

Ж.Батдорж
Эх сурвалж: Guren.mn 
скачать dle 12.0