Улс төр

АН-ын “зодоон”

Хуваалцах:
АН-ынхан эв түнжин муутай байна. Намын томчууд нь С.Эрдэнэ даргаас “дүрвэж”, бие даан нэр дэвшихээ нэгэнт мэдэгдэв. Сонгуульд өрсөлдөх сонирхолтой нэр дэвшигчдээс эхний ээлжийн дэнчин гэх 100 сая төгрөг авахаар болсон нь намын дотоод уур амьсгалыг “эвдсэн”. Учир нь Үндэсний бодлогын хорооны зарим гишүүд С.Эрдэнийн 100 саяын схемийг хүлээн авах боломжгүй гэдгээ эхнээсээ мэдэгдээд буй. Сүүлийн үед АН-ын удирдлагууд хоорондоо түнжин хагарч, дотроо хүчтэй хуваагдаж эхэлсэн нь илт. Яг энэ үеэр экс Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорих шийдвэр гаргасан нь гал дээр тос нэмсэн хэрэг боллоо.
АН-ын зарим нөхөд М.Энхсайханыг УИХ-ын гишүүн асан З.Энхболдын захиалгаар улс төрийн хоригдол болгохоор зүтгэж байна хэмээн ил тод хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэв. Тодруулбал, Парламент телевизийн “Сэдвийн гүнд” нэвтрүүлгийн үеэр хотын дарга асан Э.Бат-Үүл “М.Энхсайханыг сонгуульд нэр дэвшихвий гэж болгоомжилж цагдан хорьж байна гэж би харж байна” гэв. 
УИХ-ын гишүүн асан С.Баярцогт “Энэ хүнийг таслан сэргийлж байгаа үндэслэл нь өөрөө хөгийн байна” хэмээн М.Энхсайханыг өмөөрөв. Үүний дараа МУГЖ Д.Сосорбарам ярихдаа “Монгол Улсын шүүх өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын дохиураар ажиллаж байгаа” гэж хатуухан шүүмжиллээ. С.Баярцогт, Э.Бат-Үүл, Да.Ганболд нар М.Энхсайханыг сонгуульд бие дааж нэр дэвших эрхийг хуулийн аргаар хаан боогдуулах үйл ажиллагааны ард З.Энхболд байгаа гэсэн агуулгатай ярилцлага өглөө. Ийнхүү АН лидерүүдийн “дайралт” З.Энхболд, С.Эрдэнэ нарыг чиглэлээ. Ирэх сонгуульд бие даан өрсөлдөхөө мэдэгдсэн хотын дарга асан Э.Бат-Үүл хэлэхдээ “АН-ын жинхэнэ дарга З.Энхболд тэргүүтэй бүлэглэл, ардчилалд маш их аюул учруулж байна. Тиймээс З.Энхболд хаана нэр дэвшинэ, тэнд өрсөлдөнө” гэдгээ шулуухан хэллээ. Хариуд нь УИХ-ын дарга асан З.Энхболд Э.Бат-Үүлийг “MCS” захиалгаар хөдөлж байгаа хэмээн жиргэсэн юм.
Харин экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг анх үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас нь дарга болтлоо дэвшсэн намаасаа хөөгдсөн учир бие даан нэр дэвшинэ гэсэн доголон нулимстай мэдэгдлийг өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ. Экс Ерөнхий сайд ардчиллаа хамгаалж, шударга ёсыг тогтоохын төлөө өрсөлдөж буйгаа онцлов. Дараагийнх нь нэр дэвшигч бол АН-ын дэд дарга, анхны эмэгтэй генсек Б.Дэлгэрмаа байв. Түүнийг яагаад ийм сонголт хийсэн нь таавар хэвээр байна. Сонгуулийн өмнөхөн АН-д ширүүн зодоон болох нь. Намын лидерүүд нь бие дааж, АН-ын хүчийг сулруулж, сонгогчийн саналыг хуваах магадлал нэмэгдэв. Сонгууль хаяанд ирсэн энэ цагт АН-ын дотроосоо “чулуу” нүүлгэж эхлэв. Тэр дундаа АН-ын дарга С.Эрдэнэ болон З.Энхболд руу чиглэсэн  тус намын гишүүдийн “гомдол”,”шүүмжлэл”, “үзэн ядалт”-ын “чулуу” М.Энхсайханыг цагдан хорих шийдвэр гарснаас хойш улам бүр ширүүсэв. 

С.Өрлөг 
Эх сурвалж: sonin.mn
скачать dle 12.0