Эдийн засаг:
Тойргоороо тоотой үзэгдэж, ард түмний мандат өвөртлөн төр түшилцэж буй гэдгээ умартсан УИХ-ын гишүүд энэ удаагийн парламентад хэдэн арваараа бий. Эрх ашгийн эрэмбээ зөв хуваарилж чадалгүй эрх зүйт төрийн дор хууль “зайдалж” суугаа нь ч олон. Иймд манай сонин өнгөрсөн дөрвөн жилд сонгогчид болоод Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн төлөө түшээд хэрхэн ажиллаж бүрэн эрхээ дуусгаж буй талаар тойрог бүрээр цувралаар бичиж буй. Энэ удаа Хөвсгөл аймгаас сонгогдсон гишүүдийг онцолж байна. Тус аймгийнхыг УИХ-д Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар нар төлөөлж буй билээ.
MSC-ийн улаан хамгаалагч, эрх ашгийн зөрчилтэй Л.Энх-Амгалан
Сэтгүүл зүйн салбараас бизнес, улс төрд орсон түшээдийн нэг тэрээр MSC группийг үүсгэн байгуулагчдын нэг. 2012 онд УИХ-д анх удаа сонгогдож, МАН сөрөг хүчин байхад хэд хэдэн хууль, тогтоолын төслийн ажлын хэсэгт орж ажиллаж байсан ч хэлсэн, ярьсандаа байдаггүй нэгэн. Тухайлбал, 2012-2016 онд АН эрх барьж байхдаа “Чингис”, “Самурай” бондыг олон улсын зах зээлд арилжиж, хоёр тэрбум гаруй ам.долларын санхүүжилт татаж, төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн. Уг бондын хөрөнгийг Хөгжлийн банкаар дамжуулан төслүүдэд олгосон юм.
Бондын зарцуулалтыг шалгах ажлын хэсгийг УИХ-аас байгуулж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр нарын гишүүн сөрөг хүчний төлөөллөөс багтаж, сүржин мэдэгдэл хийж байсан ч тэгсхийгээд намжсан. Учир нь бондын хөрөнгөнөөс Л.Энх-Амгалангийн хамаарал бүхий компани өдий төдий тооны зээл авсан учраас тэрээр хувийн эрх ашгаа нэгдүгээрт эрэмбэлж, ийн бүлх залгисан мэт дуугүй болж байлаа. Өдгөө ч тэр эрх баригч намын гишүүн, хууль тогтоох байгууллагын дэд дарга хэр нь уг асуудлыг сөхөлгүй хав дарсан хэвээр байгаа.
Өөр нэгэн жишээ бол тэрээр эрх баригч нам хоёр талцаж, хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орох үеэр бойкот зарлаж байгаад, УИХ-ын дэд даргын зөөлөн сэнтийд сууж чадав. Энэ үед хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа сар гаруй хугацаанд доголдож, тэрбээр журмын нөхдийн хамт хэвлэлийн бага хурал зарлах үеэрээ “УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн дор нуугдаж болохгүй. Ёс зүйн дэд хороо ирц бүрдэхгүй, хуралдаж чадахгүй байна. Монгол Улсын Засгийн газар УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, парламентынхаа дээр гарчихаад хоёр долоо хоног бойкот хийлээ. Анхаарал татсан хэргүүдийг хэлэлцэх хэрэгтэй байна. Засгийн газрын харьяалалд байгаа Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас хэргүүдийг шалгаад явах бүрэн боломжтой” хэмээж байсан ч хамгийн их хувийн ашиг сонирхлын зөрчилтэй гишүүн нь өөрөө байв. Өнөөдөр ч анхаарал татсан хэргүүдэд анхаарал хандуулалгүй энэ удаагийн парламент бүрэн эрхийнхээ хугацаагаа дуусгах байх.
Тэрээр төрөлх нутаг Хөвсгөлөөсөө хоёр дахь удаагаа парламентад сонгогдоод буй. Дахин хөвсгөлчүүдийн мандатыг өвөртлөхөөр зориг шулуудан зүтгэж буй ч рейтинг нь тийм ч сайнгүй байгаа аж. Энэ удаагийн парламентад тэрээр Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг санаачилжээ. Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан байна. Сул гишүүнээс суга дэвшиж, Байнгын хорооны дарга, УИХ-ын дэд дарга болтлоо өсөж ажилласан түүнд хувийн эрх ашгаа хойш тавьж, төр, түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх сэтгэл зарим үед дутдаг. Жишээ нь, түүний хувь эзэмшдэг MSC групп “М” төсөл хэрэгжүүлж, “Арвижих” нэртэй ямар ч салбаргүй, цахим банк оруулж ирэхээр хөөцөлдөж буй. Үүнд гишүүдийг лоббидох ажилд Л.Энх-Амгалан ханцуй шамлан зүтгэсэн хүний нэг. УИХ-аас банкны салбарт реформ хийх, хууль, эрх зүйн орчныг сайжруулахаар Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллуулж буйг ч энд дурдах ёстой болов уу.
10 хувийн Ц.Даваасүрэн
Энэ нэрийг би биш Ж.Мөнхбат гишүүн нэгэнтээ хэлж, жагсаал, цуглаан хийж байсан билээ. Үүнийгээ ч бататгаж, УИХ-ын чуулганы хуралдааны үеэр “Поошиг нүдээд, 10 хувийн Даваасүрэн гэж бичээд, цагаан хоолойгоор орилж явсан” тухайгаа хэлж байв.
Тэрбээр төрөлх нутаг Хөвсгөл аймгаасаа УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон, ажиллаж буй. Энэ удаа дахин нэр дэвшиж, итгэл үзүүлбэл хууль тогтоох байгууллагад суухаар тойргоо тойглож яваа. Өнгөрсөн парламентын үед УИХ-д бие даан нэрээ дэвшүүлж, сонгогдсон гурван гишүүний нэг нь Ц.Даваасүрэн. Энэ үеэсээ “Оюутолгой” төслийн талаар байнга өөчилж, гоочилж ирсэн хүн. “Рио Тинто” болохгүй, бүтэхгүй байна гэсээр өөрийнхөө имижийг шүүмжлэгч, Оюутолгой төслийг эсэргүүцэгч гэж бүрдүүлж амжсан нэгэн. Тэр бас сэтгүүлчидтэй заргалддагаараа алдартай. Өөрт нь таалагдахгүй нэг үг, өгүүлбэр байвал шууд шүүхэд өгдөг. Гэлээ гээд түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж байгаа цагт сэтгүүлчид бичсээр, мэдээлсээр л байх биз ээ.
Парламентад гурав дахь удаагаа сонгогдохдоо тэрбээр сул гишүүнээс төрийн сайд болж суга дэвшээд байна. “Давхар дээл”-тэй халууцаж яваа энэ үедээ эрчим хүчний салбарт ямар шинэчлэл, өөрчлөлт хийв гэвэл бас л учир дутагдалтай. Түүнийг Эрчим хүчний сайдын албаа авснаасаа хойш төрийн өмчит компаниудын захиргаа, санхүү, хүний нөөцийн албадад хүнээ томилуулахаар улайрах болсон гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан юм. Гэвч мань эр үүнийг тоосонгүй, “Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэх хандлагаар өнөөдрийг хүрсэн байх юм.
Түүний талаар таагүй мэдээ гарангуут тэр Оюутолгойг муулж эхэлдэг. УИХ-ын гишүүнээр ажилласан 12 жилийн хугацаанд МАН-аас МАХН руу орж, эргээд ууган намын гишүүнчлэлээ сэргээсэн хүн. УИХ-ын Байнгын хорооны дарга, Эрчим хүчний сайд зэрэг төрийн өндөр, дээд албан тушаал хашиж ирсэн ч Хөвсгөл нутагтаа харьцангуй бага ажил хийсэн гэх шүүмжлэл түүнийг дагадаг билээ.
Танигдаж амжилгүй бүрэн эрхээ дуусгаж буй Л.Мөнхбаатар
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсныг эс тооцвол түүнд төрийн албаны туршлага тун бага. Хотын мээр асан Э.Бат-Үүл “2016 онд МАН-аас дэвшсэн бор халзан хонь ч гарахаар байсан” хэмээж байв. Л.Мөнхбаатар тэр “бор халзан”-гуудын нэг. Хууль тогтоох байгууллагад сул гишүүн байсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна. Ард түмэнд ч танигдаж амжсангүй.
Тэрээр бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд 14 хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт санаачилжээ. Зарим нь батлагдаж, нөгөө хэсэг нь парламентын босго давсангүй. Товчхондоо, түүний автор нь болсон хууль, тогтоолын төсөл байхгүй. Шинэ гишүүн учраас туршлага дутсан уу, эсвэл тойрогтоо сайн ажиллаагүй, ард иргэдтэй уулзаж, амьдралаас урган гарсан асуудлыг хууль, тогтоолын төсөл болгох, эсвэл нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр санаачлах зэргээр ажиллах самбаа байсангүй юу. Аль нь ч байсан тэрээр өнгөрсөн дөрвөн жилд хангалттай түвшинд ажиллаж чадаагүй. Л.Мөнхбаатар төрөлх нутаг Хөвсгөлөөсөө хоёр дахь удаагаа нэр дэвшихээр тойргоо тойглож яваа гэсэн. Түүнийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга байхдаа бүртгэл будилаантуулсан гэх шүүмжлэлийг АН-ынхан хэлж байсан билээ.
Хууль тогтоох байгууллага гэдэг хийгүй, хиргүй, ахуйн шуналгүй хүмүүсийг нэгтгэдэг, цуглуулдаг газар баймаар байна. Нэгэнт улс төрийн намаар дамжиж, төрийн эрх барьж буй учраас энэ тойргоос гарах магадлал ойрын хэдэн жилдээ лав алга бололтой. Атал энэ тойргийн цаана Монгол Улс, ард түмэн гэдэг хамгийн том эрх ашиг бийг улс төрийн намын дарга, удирдлагууд, улстөрчид ой тойндоо тултал ойлгодог байх сан.
С.Батзаяа
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49