Нийгэм / Мэдээ мэдээлэл

12 мянган тонн мах асуудал биш үү

Хуваалцах:

Монголчууд бид амны хишигтэй улс. Энэ нь ч алхам тутамдаа батлагдаж байх юм. Энэ жил 12 мянган тонн мах нөөцөлсөн.  Уг нь Нийслэлийн удирдлагуудын хэлснээр бол 13.586 тонн мах бэлтгэсэн юм билээ. Гэхдээ яагаад ч юм  Ч.Улаан сайд 12 мянган тонн мах гээд байгаа. Дансны аргаар уу, дундаас нь  хэн нэг нь цохьчихсон уу, ёстой хэн мэдлээ.
Ингээд үхэр, хонь, ямааны 12 мянган тонн махтай нийслэлчүүд чинь 3-р сарын 9-нөөс эхлээд нөөцийнхөө махнаас “зулж” эхэлсэн.  Тэгтэл  ашгүй дээрээс нь “Экспортод гаргах гээд гологдсон” гэх 12 мянган тонн махны сураг бас гарав. 24 мянган тонн махтай нийслэлчүүд ёстой сэтгэлээрээ цаддаг юм байгаа биз дээ.
Гэтэл  өнөөх “гологдсон 12 мянган тонн мах нь  адуу голдуу байсан. Даруйхан арга хэмжээ авахгүй бол хуршаад хураасан контейнер нь үнэр танартай болж хэцүүдэх нь” гэх мэдээ телевизүүдээр цацагдав. Адууны маханд дуртай нь шүлсээ залгиж “Тэрнээс авах юмсан” гэж,  иддэггүй нь “Паах, одоо ч жигтэйхэн болоо биз” гэх зэргээр ярьцгааж байв. Гэхдээ ТВ-үүдээр орой нь цацагдсан энэ мэдээлэл маргааш нь ер давтагдаагүй бөгөөд адууных байсан уу, юуных байсан  нь ч үл мэдэгдэв. 
Гэтэл ОХУ-аас онгоц  ирэх сургаар  махны асуудал дахин давтагдаж  “Онгоцонд ачаад явуулах гэнэ” гэцгээв. Экспортод гаргах гээд голлогдсон махыг их хөршдөө арай өгөхгүй байлгүй дээ. Тэгж  буяндаа бузар хийхгүй гэж найдацгаасан. Мөн “Нөөцийн мах”-ны өргөтгөсөн худалдааг 5 дугаар сарын 2-ноос эхлэн зохион байгуулж дахин нэг 7 хоногоор сунгасан бол одоо энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлүүлэх юм  байх. 279 цэг багадаад дахин 6 дүүргийн 24 байршилд зарахаар болсон гэх.
Энэ нь хэдийгээр “Нөөцийн мах”-ыг ард иргэдэд ойртуулж байгаа мэт харагдаж байгаа боловч нөгөөтэйгүүр “Нөөцийн мах”-ны будлиан л яваад байна уу гэх хардлага дагуулаад байгаа юм. Мөн “Хүчит шонхор” худалдааны төвийн өмнөд хэсэгт байрлах  нэгэн павильонд “Гологдсон 12 мянган тонн мах”-наас зарж байна. Гялайх өөхгүй ч “Нөөцийн мах”-наас арай л гайгүй юм” гэсэн яриа ч  гараад байна.
Байдал ийм байхад Нийслэлийн удирдлагуудаас ч тэр, ХХААХҮЯ-наас ч тэр  өнөөг хүртэл “Нөөцийн мах”-ны бэлтгэсэн хэмжээ, экспортод гаргах гээд гологдсон гэх 12 мянган тонн махны талаар тайлбар хийгээгүй байгаа нь нэг талаараа ард иргэдийн мэдэх эрхэд халдаж буй үйлдэл юм. Тэд мэдэх эрхтэй. Тэр тусмаа хүнсний хэрэглээнийхээ үнэн зөв мэдээлэл авах эрхтэй. Тэгээд ч улс орны эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед 12 мянган тонн махыг муутгаад хаяж байхаар ард иргэддээ нөццийн махныха үнээр зарчихсан нь дээр шүү дээ.

скачать dle 12.0