Эдийн засаг:
Улс төрийн намуудын нэр дэвшүүлэлт дуусч, түүний араас залгасан гомдогсдын нулимс ч гэсэн хатаж эхэлж байна. Гэхдээ энэ “нулимс” дан ганц нэр дэвшиж чадаагүйдээ гомдсон гориглогчдын асуудал биш. Дэвшүүлээгүйнхээ төлөө хожим хохирол амсч мэдэх намуудын ч гэсэн асуудал гэдгийг санахад илүүдэхгүй.
АН-аас Хан-Уулд нэр дэвшихээр мөнгөө төлж, тойргоо тордож ажилласан НИТХ дахь АН-ын бүлгийн дарга асан Б.Ариунболд энэ талаар анх түрүүлж дуугарсан байна лээ. “Ардчиллаа Ардчиллын төлөө 30 жил зүтгэлээ. Хан-Уулдаа 27 жил улс төр хийлээ. ХУД-ийн АН-ын дарга, Нийслэлийн төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга байлаа. УИХ-д 2000 онд дэвшиж 2012 онд жагсаалтад орж байв. 2020 онд нэр дэвшихээр шийдэж дүүрэгтээ, тойргоо тордон ажиллалаа. Хан-Уулын мянга мянган иргэд, Ардчилсан нам, МоАХ-ны олон зуун гишүүн холбогдож байна. Асуудал дуусаагүй ээ. Ардчиллаа доош нь хийхгүй. Ардчилсан намаа муулахгүй. Гэхдээ одоо бол зүгээр орхихгүй” гэжээ.
Нэг үгээр тухайн нэр дэвшигчийн ард /энэ удаад горилогч/ түүнийг дэмжиж, баг болж ажилласан бүхэл бүтэн намын үүр, хороод, намын жирийн гишүүд, дэмжигчид байдаг. Тэдний ч гэсэн итгэл зүтгэл талаар болсон гэсэн үг. АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр горилж, тойрогтоо 4 жил ажилласан НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Хан-Уулын Б.Ариунболд, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр болоод байсан Л.Гантөмөр нарын хувьд энэ ялгарал илүү тод харагдана.
Тухайлбал, Хан-Уулд Б.Ариунболд, эдийн засагч Б.Лагшми, хотын ерөнхий менежер асан Б.Бадрал нар нэр дэвшихээр хоорондоо өрсөлдөж байтал хажуугаас Ч.Өнөрбаяр /Ц.Элбэгдоржийн зөвлөх асан/ мөргөөд ороод ирэх жишээтэй. М.Тулгатын тойргийг З.Энхболдод, Л.Гантөмөрийн тойргийг “Блүүмберг” телевизийн захирал Э.Долгионд ганцхан шөнийн дотор найр тавиад өгчихсөн.
Э.Долгион гэж мөнгө нь багтаж ядсан нөхөр хотын төвийн автобусны буудлуудыг бүгдийг нь өөрийнхөө зургаар хулдаад “шинэ ном худалдаанд гарлаа” энэ тэр гээд байсан чинь ганцхан өглөө Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч болоод гараад ирсэн. Хууль зөрчсөн ч бай, үгүй ч бай Эрдэнэтийн 49 хувийнхныг иргэд сонгох болов уу. 2016 онд АН энэ л наймаанаас болж ялагдсан юм шүү дээ, уул шугамандаа.
Түүнээс илүү чухал нь энэ хоёр хүний улс төрийн зам мөрийн ялгаа. Э.Долгионы хувьд хаанаас нь ч харсан ХХБ-ны хүн, “Блүүмберг” телевизийн захирал гэдэг нь л үнэн. Харин Л.Гантөмөрийн хувьд 1992 оноос, оюутан цагаасаа АН-д гишүүнээр элсэж, МҮДН фракцид багтаж явсан. 2004 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008 онд хоёр дахиа сонгогдсоны дараа АН-ын залуучуудыг нэгтгэсэн “Нэг Ардчилал” клубыг үүсгэн байгуулж байлаа. Яалт ч үгүй нам дотор залуусын дуу хоолой хүчгүйдэж, дуугарсан нэг нь ах нартаа “зодуулж” явсан үе. УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, одоо л “газар, тэнгэрээ” мэдэхээ больчихоод байгаа болохоос биш Ж.Батзандан ч гэсэн “Нэг Ардчилал”-аар дамжиж парламентад анх орж ирсэн.
2012 онд АН хамгийн олон суудал авч, Н.Алтанхуягийн толгойлсон Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад салбартаа шинэчлэл хийх гэж зүтгэсэн хоёрхон сайдын нэг нь Л.Гантөмөр. Эцэст нь Л.Гантөмөрийг “Мүүн”-ээр, Х.Тэмүүжинг “Сайн ах”-аар зодож унагасан л даа.
Сүхбаатар дүүргээс дөрвөн удаа нэр дэвшиж, гурван удаа УИХ-д сонгогдсон. 2016 оны сонгуульд АН ялагдал хүлээсний дараа намын даргын төлөө өрсөлдөж, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын дараа гурваар гарч ирж байсан улстөрч. Энэ удаад ч бас дүүргийн нам, гишүүд, дэмжигчид Л.Гантөмөрийг энэ удаагийн сонгуульд сойсон. Гэтэл сэлгээнээс "шинэ довтлогч" гарч ирээд мань хүнийг суулгачихдаг юм байна.
Энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн 70 хувь нь залуучууд гэсэн. Залуу нь ч үнэн байна. Гэхдээ залуу болгон шинэ үеийг төлөөлдөггүй, үзэл санааг нь тээгч байдаггүй.
Сонсоод байх нь ээ, нэр дэвшүүлэлт болсон шөнө АН дээр нэлээн том худалдан авалт явагдсан сурагтай. ХХБ-ныхан өмнө нэр дэвшээд нэг ч удаа гарч үзээгүй Б.Мэдрээгийнхээ оронд Э.Долгионыг явуулсан юм байна. Э.Долгион гэдэг хүн УИХ-д орж ирлээ гэхэд хэний эрх ашгийн төлөө дуугарахыг урьдчилж хэлэх боломжгүй. Харин орж ирэхгүй бол АН дахиад нэг тойргоо өрсөлдөгчдөө сул тавьж өгсөн л хэрэг болно.
“Намын шалгуур дандаа шударга байдаггүйг хичээж зүтгэсэн олон залуусын гомдол тээсэн үгнээс харагдана” гэж бас нэг бие даагч бичсэн байна лээ. Харамсалтай нь энэ “шударга бус"-аас гарах хохирол нь нэг нэр дэвшигч, эсвэл горилогчийн бус, нийт намын боломж бололцоог авч оддогт аюул нь байна.
Б.Заяа
Эх сурвалж: inews.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49