Улс төр

Н.Номтойбаярыг “ноолох” гэж байж намаа намначих вий

Хуваалцах:
АН-ынхан 2016 онд яагаад ялагдсан бэ. Энэ асуултад олон хүн “Эрдэнэт”-ийн 49 хувийг “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг нарт өгсөнтэй холбоотой гэж хариулна. Мэдээж хэрэг, тодорхой нөлөөлөл бий. Гэхдээ АН-ын ялагдлын үндсэн шалтгаан нь тэр биш. Харин 2012 оноос хойш үйлдсэн улс төрийн хүчирхийлэлтэй нь холбоотой. Нам нь ялчихаад байхад засгаа унагасан. Олон бизнесмэнийг шоронгоор айлгаж, заримыг нь шоронд хийж, ахуй амьдрал, амжилтыг нь үрэн таран хийсэн. Монголын улс төрийн нөлөө бүхий эрхэм Н.Энхбаярын сонгогдох эрхийг шоронд хорьж байж хаасан. Угтаа энэ бүхэн АН-ын ялагдлын шалтгаан болсон юм.
2016 онд тийм ч сайнгүй рейтинг, үйл ажиллагааны дүнтэй байсан МАН чухамдаа “цочир сонин” санал авч, УИХ-д 65 суудалтай болж байв. Тэр үед Улаанбаатарт хотод Э.Бат-Үүлийн баг гэхэд л тэнгэрт тулсан рейтингтэй байв шүү дээ. МАН-ынхан 2016 оноос хойш бас л АН-ын 2012 оноос хойшхийг давтсан. Засгийн газраа сольсон. Намаа ялалтад хүргэсэн дарга нараа бүгдийг нь “цэвэрлэж” хаясан. Хууль шүүхийг ашиглаж хэлмэгдүүлэлт хийж байна. Энэ бүр гаарлаа.
Энэ бүхний эцэст намын нэр бус Монголын нэр гардаг ажээ. МАН-ынхан, АН-ынхан, бидний ярьдгаар МАНАН-гийнхан гэж огт бичихгүй. “Монгол Улсад хүний сонгогдох эрхэнд ингэж халдлаа” л гэж байна. Тодруулбал, гадаадын хэвлэлүүд УИХ-ын гишүүн асан, 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярт тохиолдож байгаа асуудлыг сонирхоод эхэлсэн байна. Бичиж нийтэлж байна. Өөрөөр хэлбэл, олон улсад “Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт болж, сонгуулийг хүчээр нөгөө тийш нь эргүүлэх ажиллагаа явуулж байна” гэж мэдээлж байна. Энэ зуурт УИХ-ын 2020 оны сонгуульд эрх баригчид хууль шүүхийн байгууллагын хүч нөлөөг ашиглаж, хүчтэй өрсөлдөгчдөө замаасаа зайлуулах ажиллагааг нотлох маш ноцтой нэг явдал болов.
УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Н.Номтойбаяр нарыг шүүх хурал 2020 оны зургадугаар сарын 26-нд товлогдоод байв. Гэтэл Чингэлтэйн шүүхээс шүүх хурлыг маргааш буюу 11-ний өдөр явуулахаар гэнэтхэн наашлуулжээ. Энэ нь сонгуулиас өмнө шүүхийн шийдвэр гаргуулах гэж байгаа бололтой. 2019 оны арванхоёрдугаар сард баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр бүхий хүмүүст зориулсан заалт оруулсан. Түүгээрээ Н.Номтойбаярын нэрийг татуулахаар төлөвлөсөн байж мэдэх юм.
Хэдийгээр нэр дэвшигч Н.Номтойбаяр цагдан хоригдож байгаа ч рейтинг нь өндөр байгаа талаар эх сурвалжууд мэдээлсээр байгаа юм. Чухамдаа энэ нь эрх баригчдын айдсыг хөдөлгөж, шүүхээр ийм арга хэмжээ авахуулахад хүргэжээ гэж уншигдаж байна. Гэвч ийм хүч тэнцвэргүй тулаан буюу хүчирхийлэлд монголчууд дургүй. Үзэн яддаг. Тиймээс эрх баригч МАН-ынхан Н.Номтойбаярыг “ноолох” гэж байж, хуйгаараа унаж, намаа намначих вий дээ.  

Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0