Онцлох мэдээ / Улс төр

Нэгдэж чадалгүй нийтээрээ огцорсон түүхүүд

Хуваалцах:
Улс төрийн намууд төдийгүй улстөрчдийн сонгууль бүхнээр худал амлаж ирсэн хамгийн наад захын ганцхан жишээг хүргэх гэж байна. Тэд сонгогчдыг өөрсдөдөө татахын тулд хүний санаанаас гарч болох бүх аргыг хэрэглэхийн зэрэгцээ сэтгэлийг нь догдлуулж, уярааж чадах үг бүрийг ашигладаг хамгийн бялдууч өдрүүд үргэлжилж байна. Гэхдээ хэн хэрхэн бялдуучилж, худал хуурмаг юм ярьсан нь хамаагүй жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэгийн үлгэрээр УИХ-д нэр дэвшигчдээс 76 нь сонгогдох нь тодорхой. Тэдний хамгийн нэгдүгээрт хэлдэг, амладаг нэг үг нь “Бид нэгдэж байж, олуулаа байж улс эх орныг хөгжүүлж чадна” гэх үг. Өөрөөр хэлбэл, “Та нар сонгоод л өгвөл бид хамтраад Монгол Улсыг хөгжүүлж чадна” гэх амлалт. Гэвч тэд өнгөрсөн хугацаанд ядаж хамтарч чадсан бил үү. 
АЛДАРТ XX ТОГТООЛ, АЛТ ДИЛЕРИЙН ХЭРЭГТЭЙ ЗАСГИЙН ГАЗАР
Шинэ Үндсэн хуулиа баталж дөнгөж хэрэгжүүлж эхлээд байсан МАХН-ын голцуу сайд нараас бүрдсэн Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар Да.Ганболд, Шадар сайдаар Д.Дорлигжав нар ажиллаж байв.
Тэр үед Улсын бага хуралд төлөөлөлтэй байсан Ардчилсан хүчний гурван намд хамтарч ажиллах саналыг Ерөнхий сайд Д.Бямбасүрэн тавьснаар МоАН, МҮАН-аас угшилтай дээрх хоёр эрхэм Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллсан бөгөөд МСДН яагаад ч юм саналыг хүлээж аваагүй байдаг. Мөнгөний ханшийг унагасан алдарт XX тогтоол, алт дилерийн хэргээрээ тухайн үеийн Засгийн газар олны анхаарлын бай болж байв.
ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ АСААСАН ЗАСГИЙН ГАЗАР
1992 оны УИХ-ын сонгуулиар МАХН 71 суудал авч, үнэмлэхүй олонх болсноор дангаараа Засгийн газраа байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайдаар П.Жасрай томилогдов. Тэрээр улс орны эдийн засаг шилжилтийн эрсдлийг даалгүй элгээрээ хэвтчихсэн хүнд хэцүү үед Засгийн газрыг тэргүүлж байсан ч амжилттай даван туулж чадсан. 1990-ээд оны эхээр картын бараанд дугаарлан зогсож үзсэн монголчууд П.Жасрайн тухайн үед хэлсэн “Хонгилын үзүүрт гэрэл харагдана” гэсэн алдарт үгийг хэзээ ч мартахгүй биз ээ. 
РЕФОРМЫН ЗАСГИЙН ГАЗАР
1996 оны УИХ-ын сонгуулиар “МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо” эвсэл 50, МАХН 25, МУНН нэг суудал авч Ардчилсан холбоо эвсэл анх удаа дангаараа Засгийн газраа байгуулсан. Засгийн газрын тэргүүнээр МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн М.Энхсайхан сонгогдож, бүрэлдэхүүнд нь сонгуульд эвсэл болон орж ялалт байгуулсан МҮАН, МСДН-ын төлөөлөл 50:50 харьцаатай оров. Гэвч энэ Засгийн газар 2008 оны дөрөвдүгээр сард  огцорсон. Шалтгаан нь, “МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо” эвслийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд байх нь зүйтэй гэж ардчилсан хүчнийхэн өөрсдөө үзэж улс төрийн шийдвэр гарсантай холбоотой. М.Энхсайханы тэргүүлсэн Засгийн газар өмч хувьчлал зэрэг реформын шинжтэй томоохон ажлуудыг эхлүүлж чадсан.
ЭДИЙН ЗАСГИЙН ЛУЙВАР ЭХЛҮҮЛСЭН ГЭГДДЭГ ЗАСГИЙН ГАЗАР
М.Энхсайханы дараа МҮАН-ын тэргүүн Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдов. Энэ Засгийн газар яг гурван сарын настай байв. УИХ дахь олонх, цөөнхийн бүлэг банкны асуудлаар санал зөрөлдөж чуулганы хуралдааныг нэг сар дөрөв хоног гацаасны эцэст нууцаар санал хурааж, УИХ-д 50 суудалтай олонхын бүлгийн зарим гишүүн сөрөг хүчинтэйгээ нийлж, өөрийн Засгийн газар буюу Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан юм. Нэг талдаа банкны системд реформ хийсэн гэгддэг ч энэ нь асар их нугалаа, луйвар, хэл амыг дагуулж нийгмийг доргиож байв.
ДОЛООН УДАА БУЦААГДСАН ЕРӨНХИЙ САЙДТАЙ, НАЙМАН САРЫН НАСТАЙ ЗАСГИЙН ГАЗАР
Ардчилсан холбоо эвслийн удирдлагууд шинэ Ерөнхий сайдад МҮАН-ын дэд тэргүүн Да.Ганболдыг санал болгосон ч Ерөнхийлөгч Н.Багабанди “Да.Ганболд нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд банкны асуудлуудыг хуулийн дагуу хяналт тавьж таслан зогсоох, засч залруулах арга хэмжээ аваагүй учир түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах саналыг УИХ-д оруулах боломжгүй” хэмээн долоон удаа буцаасан түүхтэй. Бараг таван сарын дараа УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Ж.Наранцацралт Ерөнхий сайдаар томилогдов. Гэвч энэ Засгийн газар тийм ч удаан настай байсангүй. Ердөө найман сар хүрэхгүй хугацааны дараа УИХ Ерөнхий сайд Ж.Наранцацралтын асуудлыг авч хэлэлцэн, түүнийг ОХУ-ын Ерөнхий сайд С.Степашинд явуулсан захидалдаа буруу байр суурь илэрхийлсэн хэмээн үзэж огцруулсан юм.
КАЗИНОГИЙН ДУУЛИАНТАЙ ЗАСГИЙН ГАЗАР
1999 оны долдугаар сард Р.Амаржаргал Ерөнхий сайд болов. Ийнхүү Ардчилсан холбоо эвсэл бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд дөрвөн ч Засгийн газрын нүүр үзсэн юм. Энэ нь шинэ тутам байгуулагдсан Ардчилсан хүчин нэг цул болж нэгдэж чадаагүй, дотоодын зөрчил тэмцэл, төлөвшил зэргээс гадна сөрөг хүчний үйл ажиллагаа хүчтэй нөлөөлж байв. Дээрээс нь ардчиллын эцэг С.Зориг амь насаа алдсан, Казиногийн хэрэг бүр ч нэрмээс болсон.
Нэг хүний ноёрхол дэндсэн гэгддэг Засгийн газар
2000 оны УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан холбоо эвсэл бүрэн ялагдал хүлээж, Н.Энхбаярын тэргүүлсэн МАХН-ын Засгийн газар байгуулагдав. Нэг хүний дангаар ноёрхол, хээл хахууль энэ үед ид хүчээ авч байсан ч Мянганы зам, их өр тэглэлт зэрэг томоохон ажлууд хийгдэж байсан билээ.
ИХ ЭВСЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР
2004 оны УИХ-ын ээлжит сонгуулиар “Эх орон-Ардчилал” эвсэл, МАХН  тэнцүү суудал авсан.  Иймээс УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн болон МАХН-ын бүлгүүд гурван долоо хоног зөвшилцсөний эцэст Засгийн газрын бүрэлдэхүүнийг МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэл 50, 50 хувиар хамтран Их эвслийн Засгийн газар байгуулах, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг эвсэл намууд хоёр хоёр жилээр хаших зөвшилцөлд хүрэв. Зөвшилцлийн дагуу Их эвслийн Засгийн газрын тэргүүнээр Ц.Элбэгдорж томилогдов.  Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газарт ажилласан МАХН-ын сайдуудын огцрох өргөдлийг УИХ-аар авч хэлэлцэхэд АН-ын гишүүн М.Энхсайхан, М.Сономпил, Ж.Наранцацралт, Ж.Батхуяг болон АТН-ын дарга Л.Гүндалай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар огцруулахыг дэмжсэн санал өгснөөр МАХН-Ардчилсан намын хамтарсан Их эвслийн Засгийн газар огцров.
“МИ-8” НИСДЭГ ТЭРЭГНИЙ ОСОЛ, АЗИЙН ЧОНО, ХОНГОРЫН ХОРДЛОГОТОЙ ЗАСГИЙН ГАЗАР
АН-ын Гүйцэтгэх зөвлөл Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газрыг огцруулсан тохиолдолд дараагийн байгуулагдах Засгийн газарт АН, түүний гишүүд оролцохгүй гэсэн улс төрийн шийдвэр гаргаад байсан юм. Шинээр байгуулагдсан М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газарт АН-ын гишүүн М.Энхсайхан Шадар сайдаар, М.Сономпил Батлан хамгаалахын сайдаар, Ж.Наранцацралт Барилга, хот байгуулалтын сайдаар, АТН-ын дарга Л.Гүндалай Эрүүл мэндийн сайдаар, БНН-ын дарга Б.Жаргалсайхан Үйлдвэр худалдааны сайдаар томилогдон ажиллаж байв. М.Энхболдын Засгийн газрыг нэг талаас Үндэсний эв нэгдлийн гэж, нөгөө талд үхрийн бөөр шиг Засгийн газар гэж егөөдөж байв. Энэ үед “МИ-8” нисдэг тэрэгний осол,  “Азийн чоно”, Хонгорын хордлого зэрэг дуулиан хүчээ авч салбарын сайд нь огцорно хэмээн мэдэгдэж, төд удалгүй үгнээсээ буцаж, Засгийн газрынхаа нэр хүндийг шавартай хутгаж байв. Л.Гүндалай, Б.Жаргалсайхан нар дараалан огцорч, улмаар Засгийн газрын тэргүүн М.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр Засгийн газар огцров.
ДОЛДУГААР САРЫН 1-ТЭЙ ЗАСГИЙН ГАЗАР
2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАХН 44, АН 28 суудал авав. МАХН, АН-ын хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүнийг 60:40 харьцаагаар бүрдүүлж, С.Баяр үргэлжлүүлж ажиллав. Долдугаар сарын 1, Оюу толгойн гэрээ зэрэг томоохон хэрэг явдлууд энэ Засгийн газрын үед яригддаг. 2009 оны есдүгээр сард Ерөнхий сайд С.Баяр эрүүл мэндийн улмаас ажлаасаа чөлөөлөгдөж, Сү.Батболд Ерөнхий сайд болов.
МАН-ЫН ЗАСГИЙН ГАЗАР
С.Баярын уламжлуулсан Сү.Батболдын Засгийн газрын МАХН, АН гэсэн хүчний харьцаанд өөрчлөлт гараагүй. Харин АН гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2012 оны хоёрдугаар сард Засгийн газраас гарав. Анх удаа МАН дангаараа ардын Засгийн газрыг байгуулав. Улмаар 2012 оны УИХ-ын сонгуульд түүний удирдсан Монгол Ардын Нам ялагдал хүлээснээр тэрбээр намын дарга болон Ерөнхий сайдын албаа хүлээлгэн өгч байлаа. 
ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР
2012 оны Улсын Их Хурлын сонгуульд Н.Алтанхуягийн удирдсан Ардчилсан Нам амжилттай оролцож, хамгийн олон суудал авснаар тэрбээр наймдугаар сарын 9-нд Ерөнхий сайдаар томилогдож, АН, МАХН, МҮАН, Шударга ёс эвсэлтэй хамтран Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан ажилласан. Гэвч Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг илтэд зөрчихөөс гадна Монгол Улс улсын нэгдсэн төсөв, “Үнийг тогтворжуулах” хөтөлбөр, “Чингис” болон “Самурай” бонд, Хөгжлийн банкны гэсэн таван төсөвтэй болж, ард түмний хөрөнгө хяналтгүй, үр ашиггүй, хууль бусаар зарцуулагдсан, авлига хээл хахууль, тендерийн наймаа түүний үед гаарсан гэх шалтгаанаар буруутгагдаж, 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж байлаа. Онцлог нь, Шинэчлэлийн Засгийн газрыг АН доторх фракцууд өөрсдөө унагасан билээ. 
ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР
Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа 2014 оны арваннэгдүгээр сарын 21-нд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилж, Шийдлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газарт МАН хамтарч байв. Гэвч 2015 оны долдугаар сард МАН-ын зургаан сайдыг Засгаасаа хөөж, оронд нь “Шударга ёс” эвсэлтэй хамтарч байлаа. Шинэчлэлийн Засгийн газрын түүнд үлдээсэн өр, зээл, эдийн засгийн дарамт түүнийг илүү хөдөлгөөн хийх боломж олгоогүй ч огцруулах шалтгааныг мөн гаргаж өгсөн гэж болно. Тодруулбал, тэрбээр Ерөнхий сайд байхдаа Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөг баталж, “Рио Тинто” компанитай гэрээ (“Дубайн гэрээ” гэж алдаршсан) байгуулсан. Уг гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр тэрбээр буруутгагдан, өдгөө ч шалгагдсаар байна. 
МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР
2019 оны есдүгээр сарын 7-ны өдөр УИХ-д 65 суудалтай МАН-ын Мэргэжлийн буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулав. Тодруулбал, УИХ дахь АН-ын гишүүд “Засгийн газрыг мэргэжлийн сайдаар хангаж чадаагүй” гэх үндэслэлээр, МАН-ын бүлгийн 31 гишүүн түүнийг нь дэмжин гарын үсэг зурсан Засгийн газрыг огцруулах шаардлагыг УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ өдөр хэлэлцэж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байлаа. Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газрыг “Засгийн газрын сайд нартай нэгдмэл ашиг сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд хууль зөрчиж концессын гэрээ олгосон, Төсвийн хууль зөрчиж хүүхдийн мөнгө олгосон, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн хариуцлагыг Ерөнхий сайд хүлээх ёстой” гэсэн гурван агуулгаар огцруулсан гэж болно. 
ОДООГИЙН ЗАСГИЙН ГАЗАР
Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсны дараа Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ дахь олонх болсон МАН-аас өмнөх Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж, улмаар УИХ-ын 2017 оны Намрын чуулганы анхны өдөр буюу аравдугаар сарын 4-ний өдөр хуралдаанд оролцсон 47 гишүүн 100 хувийн дэмжлэгээр томилсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өмнөх Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулалгүй, харин бүрэлдэхүүнийг нь өөрчлөн сайд нараа нэр дэвшүүлэн томилуулсан нь ямар ч байсан сонгуультай залгаж, өөрийн үүргээ огцролгүй гүйцэтгэж дуусах гэж байна. 
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд хамтдаа хийж, бүтээнэ хэмээн амлаж УИХ-д сонгогдсон аль ч улс төрийн нам, улстөрчид анх хэлсэн ганцхан үгэндээ хүрч хамтраад улс эх орноо бодитоор хөгжүүлж, эдийн засаг хийгээд үйлдвэрлэлийн хувьд өөд нь татсан юм алга. Тодруулбал, өнгөрсөн 30 жилд Монгол Улс 14 Засгийн газрын нүүр үзлээ. Тэдгээр Засгийн газрын ердөө хоёр нь л дөрвөн жилээ гүйцэт ажилласан бөгөөд үлдсэн 12 нь 1-2 жил Засгийн эрхийг барьжээ. Үүний хор уршиг нь улс орны эдийн засаг, ард түмний амьдрал доройтсоор байгаа өнөөгийн дүр төрх мөн билээ.  

Б.Энх
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
скачать dle 12.0