Эдийн засаг:
Грекийн суут сэтгэгч Сократын хувь заяа шүүхийнхний гарт дэнслэгдэж, хор ууж хорвоогоос буцсан байдаг. Шударга бус зүйлтэй санал нийлэхгүй хэмээн шулуухан хэлж, хуулийн доор шударга амьдрахыг сануулсаар байсан юм. Үгээ хэлсэн эрх чөлөө нь түүнийг хорвоогоос буцах тийз болсон талаар ном сударт өгүүлсэн нь бий. Түүнийг хор уухаас өмнө шавь болон ойр тойрны хүмүүс нь ингэж хэлмэгдэж байхаар оргох нь зөв гэж хэлсэн ч Сократ "Би амьд үлдсэнээс хуульт ёсыг ингэж хамгаалж байгаад үхсэн нь дээр", "Би цаазлуулахаар болж эндээс явж байна. Харин намайг яллагчид хорт явдал, шударга бус явдал нь үнэнд гүйцэгдэж илчлэгдэн явж байна..." гэж хэлсэн гэдэг. Мянганаар хэмжигдэх он цаг улиран одсон ч, дэлхий даяарчлагдан хөгжиж байгаа ч өдгөө Сократын эмгэнэлт хувь тавилан үргэлжилсээр байна. Тэр тусмаа ардчиллын баянбүрд гэгдэх Монгол Улсад. Сократаас ялгаатай нь хор уулгахгүй ч ард түмний сонгох, сонгогдох эрхэд халдан, хуулийг гууль болгон хэрэглэж байгаагаараа ижил юм.
Монголын гурван сая иргэний хувь заяаг дэнсэлдэг байгууллага яах аргагүй шүүх. Тийм ч учраас Үндсэн хуульдаа шүүх засаглалын талаар маш тодорхой суулгаж өгсөн байдаг. Харин бидний хувь заяа хаашаа эргэхийг шүүгч нэртэй хэдэн хүний алх цохисноор зурагддаг. Уг нь энэ зарчим нь зөв. Гэхдээ хуулийг буруу хэрэглэх, хуулийг давж гишгэх эрх ямар ч мундаг хуульч, шүүгчид байдаггүй. Саяхны үйл явцыг эргэн харцгаая.
Сүхбаатар дүүргийн шүүхээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 13 дугаар тойрог Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн шийдвэр гарав. Ингэхдээ Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулийг зөрчин шийдвэр гаргасан нь олны дургүйцлийг төрүүлээд байна. Хуулиараа УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нууц санал хураалтаар шийдвэрлэдэг. Гэтэл эдгээр процесс явсангүй. Цаашлаад УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь илтэд хууль бус зүйл хийж байгаад газар дээрээ баригдсан тохиолдолд хорих заалт бий. Үүнийг ч мөн зөрчив. Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүй баривчлав. Мөн л хуулийн зөрчил. Сэлэнгэ аймгийн 70 мянган сонгогчийн эрхэнд шууд халдаж, нэр дэвшигчийн сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчсөн явцаас харахад шударга бусын хонгил амь бөхтэй оршсоор байгааг илтгэнэ. Шүүх эрх мэдлийг хэн атгадаг, цаашлаад хонгилын түлхүүр хэнд байгаа вэ гэдэг нь гайхаж хараад байх зүйл биш. Маш тодорхой. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй нэг хүн “Ж.Эрдэнэбатыг хорьчихвол манай нам Сэлэнгэд гурван суудал авна. Үүнд тусалж өг” хэмээн Төрин өндөр албан тушаалтанд хандсан байдаг. Үүний дараа ийм утга бүхий үгийг хэд хэдэн удаа орж хэлсэн талаар эх сурвалж батлан өгүүлдэг.
Түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсны дараа МАН-ын Хууль эрх зүйн ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат “Нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон нь ээлжит сонгуулийн үед явагдаж байгаа илт хууль зөрчсөн үйл ажиллагаа болж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2-т үнэмлэхээ авсан, албан ёсоор нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийг шинээр эрүүгийн хэрэгт татах, холбогдуулах, хэрэг үүсгэх мөн тодорхой хэргээр баривчлах, саатуулах, цагдан хорих үйл ажиллагааг хийх тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлийг авахаар зааж өгсөн. Гэтэл шүүх, хуулийн байгууллагынхан СЕХ-ноос зөвшөөрөл авалгүйгээр шийдвэр гаргаж, албадан хорилоо” гэдгийг мэдэгдэв.
УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил “УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа хүнийг албадан саатуулна гэдэг нь тухайн нэр дэвшигчийн, МАН-ын асуудал биш. Энэ бол Монголд цаашдаа хууль журам хэрэгжих юм уу, хууль журмыг сахиулах ёстой шүүх нь хуулиа дагах юм уу, төрийн эрх мэдэл Монголын ард түмний мэдэлд байх юм уу, эсвэл нөлөөнд автагдсан, хонгилын хэдэн шүүгч нарын гарт байх юм уу гэдэг асуудал болчихоод байна. Үүнийг иргэд, сонгогчид та бүхэн сайн бодож тунгаагаарай.
УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрх эдэлнэ. Түүнийг нь хуулиар хязгаарлана. УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүнийг албадан саатуулахыг, цагдан хорихыг, шүүхийн журмаар захиргааны шийтгэл нотгуулахыг, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг нэгжлэг хийхийг хориглоно гэж заасан. УИХ-аас зөвшөөрөл авч байж эдгээр үйл ажиллагааг хийнэ. Энэ бол зөвхөн Монголд биш парламенттай бүх улс оронд байдаг практик. Яагаад гэвэл,
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн бол ард түмний элч.
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдаж, баривчлах, саатуулах замаар төрийн эргэлтүүдийг хийдэг.
Гуравдугаарт, ийм замаар ард түмний элчийн амыг боох оролдлого хийдэг. Шүүхий энэ үйлдэл бол хариуцлагагүй, нөлөөнд автсан, өргөсөн тангарагаасаа ухарсан хэдэн шүүгч нар УИХ-д, Монголын ард түмэнд, Монголын төрт ёс уламжлалд дайн зарлаж байна гэж харж байна. Үндсэн хуульд өргөсөн тангараг, мэргэжлийнхээ нэр хүндийг бодоод бүх шүүгч, хуульч, өмгөөлөгч, прокурор та бүхэн хууль бус үйл ажиллагааны эсрэг үгээ хэлэхийг уриалж байна гэдгийг мэдэгдэв.
УИХ-ын сонгуулийн Чингэлтэй дүүргийн 25 дугаар тойрогт нэр дэвшигч, хуульч Ж.Сүхбаатар “УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр цагдан хорихгүй байх заалтыг хуульд анх оруулсан хүний нэг нь би. Сонгох, сонгогдох эрх бол Монгол Улсын иргэний үндсэн эрх. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зорилго бол зөвхөн сонгууль явуулах тухай биш Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаатай хангах явдал юм. Шүүгч нар энэ үйлдлээрээ парламентын ардчилалд заналхийлж байна. Дарангуйлалд өртөхгүй байх гол ардчиллын гол баталгаа нь парламент. УИХ-ын гишүүн буюу ард түмний төлөөлөгчийн бүрэн эрх хэн нэгэн этгээдийн, тэр тусмаа шүүгчийн үзэмжээр шийдэгдэх ёсгүй. Цаашид үүнийг хүлээн зөвшөөрөх юм бол хэнийг сонгуульд нэр дэвшүүлэх эсэхийг шүүх шийддэг гаж зуршил, хууль зөрчсөн хандлага тогтоно. Монгол Улсад хууль шүүхийн мафи бий болсон гэдгийг би долоон жилийн өмнө хэлж байсан. Хуулиас давж гишгэдэг шүүгч бол шүүгч биш. Авлига хаана байна вэ гэдэг нь энэ үйлдлээс илт харагдаж байна” гэлээ.
УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт нэр дэвшигч, хуульч Б.Энхбаяр “Би энэ удаагийн сонгуульд хуулийн хулгайтай тэмцэнэ гэсэн уриатай орж байгаа. Болж буй энэ үйл явдлаас дүгнэлт хийхэд хуулийн хамгийн том хулгайчид хонгилын хэдэн бүлэглэлд автагдсан хууль, шүүхийнхэн байгаа нь улам тодорхой болж байна. Хуулийн хулгайтай тэмцэх ажлыг хаанаас эхлүүлэх нь өнөөдөр улам бүр тодорхой болж байна. Би 2016 онд ХЗДХ-ийн дэд сайдаар томилогдсоны маргааш нь Монгол Улсын Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Тэр үед Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байсан. Тухайн үед УИХ-ын гишүүн, сайд нартай холбогдох 1.3 их наяд төгрөгийн зөрчил дутагдлыг илрүүлсэн. Энэ зөрчил дутагдлыг тухайн үед хууль хяналтын байгууллагууд руу шилжүүлсэн. Дөрвөн жилийн турш тэр хулгайчдыг хаацайлж, өмгөөлж, ял завшуулж байсан шүүх, улс төрийн шүүгчид одоо өшөө авалт хийж, Ж.Эрдэнэбатыг ард түмний, Сэлэнгэчүүдийн сонгох эрхтэй нь хамт шоронд хийж байна. Тэр зөрчил дутагдал гаргасан 20 орчим хүмүүс өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Тэдгээр хүмүүсийг дөрвөн жилийн турш хараагүй юм шиг явсан хуулийнхан түүнийг илрүүлсэн хүнийг сонгууль болохоос аравхан хоногийн өмнө хуулийг уландаа гишгэж, сонгогчдыг сонгох эрхтэй нь хамт шоронд хорьж байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрч болохгүй. МАН-ын дарга У.Хүрэлсүх шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Энэ тэмцэл үргэлжлэх ёстойг энэ үйл явдал улам бүр нотолж байна” гэдгийг хэллээ.
Нийтлэлч Г.Отгонбаяр “Жаргалтулгын Эрдэнэбат, Нямтайширын Номтойбаяр нарын кейсээс харвал 2021 онд Монгол Улс Ерөнхийлөгчийн сонгуулиа хийж чадахгүй ч байж мэдэх нь. УИХ-д суудал авсан намаас нэр дэвшигч Ерөнхийлөгчид нэр дэвшинэ, бүгдийг нь бариад хорьчиход л Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох юм байна. Хараат бус шүүх, чөлөөт хэвлэл, УИХ-ын гишүүний халдашгүй эрх, СЕХ-ны зөвшөөрөл бүгд цаашаа!!! Монгол Улс парламентын бус, шүүхийн БНУ болжээ. Гөлөгөө яалаа гэдэг шиг Гүрж яалаа гэж...!
Жич: Тэдний гэм бурууг шүүх эцэслэн тогтоосон бол өөр хэрэг. Гэтэл гэм буруугийн шүүх хурлаа товлохын тулд, түүний өмнө нь УИХ-ын гишүүн, нэр дэвшигчийн халдашгүй эрхтэй хүмүүсийг хорьсонд л асуудал бна!!!” хэмээн өгүүлжээ.
Л.Болд
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49