Улс төр

Р.Амаржаргал кабинетээ зарлачихвал АН сонгуульд яллаа

Хуваалцах:
“Сэрэлт” киноны орос эмч “Жамц сайн, сайн” гээд эрхийгээ гозойлгодог хэсэг байдаг даа. Яг тийм зүйл өчигдөр болов. АН-ын дарга С.Эрдэнэ сонгуулийн дараа байгуулах Засгийн газрынхаа тэргүүнээр Р.Амаржаргалыг зарлалаа. МАН-ын зүгээс явуулж буй “Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгох уу, С.Эрдэнийг Ерөнхий сайд болгох уу?” гэдэг шууд хатгасан пиарт АН-ын дарга ийм хариу барив. Нэг үгээр Ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүслээр татгалзлаа.
Харин МАН-ын пиарчдын зүгээс “Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгох уу, У.Хүрэлсүхийг улираах уу?” гэж асууж зүрхэлсэнгүй. Эсрэгээрээ “С.Эрдэнэ намын дарга байхад Р.Амаржаргал Ерөнхий сайд болно гэж юу байсан юм. Худлаа шоудаж байна” гэв. Эндээс харахад С.Эрдэнийн эхлүүлсэн эхлүүлсэн энэ “пиар” эзнээ олсон бололтой. Үзэгчид ч гэсэн эргэлзээд эхэлсэн байна. Тиймээс өнөөдрөөс "Амаржаргал Ерөнхий сайд байхаар ёс зүйтэй" эсэхийг ярьж эхэллээ. Ядаж байхад нөгөөх нь У.Хүрэлсүхийн дэргэд хурандаа...
Р.Амаржаргал АН-ын хамгийн сайн Ерөнхий сайд мөн эсэхийг мэдэхгүй. С.Баярцогт илүү сайн засаглах байсан ч байж магадгүй. Гэхдээ л АН-ын даргын хувьд тухайн нөхцөл байдалд яг тохирсон алхам хийлээ. Р.Амаржаргал одоо кабинетийнхаа сайд нарыг зарлачихвал АН энэ сонгуульд яллаа. МАН дандаа алга ташуулаад байна гэж юу байхав, АН ч гэсэн алга ташуулж чаддаг гэдгийг С.Эрдэнэ харуулав.
Гэхдээ нэг асуулт гарна. Хэрэв АН сонгуульд ялаад Амаржаргал Ерөнхий сайд болбол С.Эрдэнэ юу хийх вэ?
Ямарч байсан М.Энхболд шиг, эсвэл З.Энхболд шиг “Тамгагүй төр” болчихож болохгүй. М.Энхболд өөрийнхөө оронд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгосны хариуд У.Хүрэлсүх засгаа огцруулж, намынх нь тамгыг хүртэл булааж авсан байдаг. Н.Алтанхуягийг огцорсны дараа АН Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар тавьсан ч АН-ын дарга З.Энхболд яг сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр “Эрдэнэтийн 49 хувь монголчуудын мэдэлд ирлээ” гэсэн мэдэгдэл хийгээд намаа унагасан. Хожим Ч.Сайханбилэг “Намын дарга өөрөө мэдэгдэл хий гэж шахсан” гэсэн байдаг. Сайханбилэгийн засаглалыг хажуунаас нь хоёр жил харж суусан, “Эрдэнэт”-ийн 49 хувийг өөр бүлэглэлд алдсан хариугаа авсан хэрэг.
Тэгэхээр хэрвээ С.Эрдэнэ Ерөнхий сайдын суудлыг Р.Амаржаргалд шилжүүллээ ч гэсэн АН-ын тамгыг атгасан хэвээр байвал АН дахиад МАН шиг хоёр хуваагдаж, эрх мэдлийн төлөөх цусгүй тулаан дахиад дөрвөн жил үргэлжилнэ гэсэн үг. Нэг голын усанд хоёр удаа ордоггүй, нэг алдсан алдаагүй хоёр дахиа давтаж болдоггүй гэдэг.
Тэгэхээр С.Эрдэнэ дарга одоо нэгэнт ийм “дүрэмгүй” /өмнө нь ялсан намын даргаа түлхэж унагаж байхыг харсан ч ялалтаа бусадтай хуваалцья гэсэн хүнийг монголчууд хараагүй билээ/ улс төрийг эхлүүлсэн юм чинь одоо тултал нь хийх хэрэгтэй. Нам ялсны дараа би намын даргын суудлаа ч гэсэн тавьж өгнө. Эрх мэдэл хоёр талд хуваагдаж болохгүй... гээд. Р.Амаржаргал ч гэсэн С.Эрдэнийн байгуулах Засгийн газрын биш, өөрийнхөө танхимын сайд нарыг зарлачихвал АН сонгуульд ялах гээд байна.
У.Хүрэлсүх МАН-ын дарга болохдоо 60 тэрбумынхныг төрөөс зайлуулна гэсэн. Ерөнхий сайд болоод “ЖДҮ авсан хулгайчидтай ав адилхан хариуцлага тооцно” гэсэн. Гэтэл өнөөдөр аль аль нь байхгүй. МАН-ын 65 гишүүний 54 нь эргээд УИХ-д нэр дэвшсэн. Тал нь ЖДҮ-чин. Одоо У.Хүрэлсүхэд сонгуулийн дараа байгуулах танхимаа зарлая ч гэсэн хүн байхгүй. Байхгүй учраас мань хүн төсвийн мөнгөөр усалсан тойргуудаасаа яаж ийгээд нэг хүн гаргачих санаатай газардах завгүй нисдэг тэргээр нисч байна. Тойрог болгон дээр очиж, мөрийн хөтөлбөртөө ч байхгүй амлалтыг авч байна. Ядаж хамтарсан засаг байгуулж чадвал МАН ялгүй үлдэнэ.
Харин АН-ын хувьд боломж нь байна. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн талаас илүү хувь нь шинэ хүмүүс, дандаа залуучууд. АН-ын хуучин “морьд”-оос төдий тооны хүн, түүнээс хэд дахин илүү хүн нэр дэвшүүлэлтийн гадна үлдсэн гэсэн үг. Тэгэхээр С.Эрдэнэ, Р.Амаржаргал нарын хувьд тойргийн дотроос ч, гаднаас ч цоллох боломж нь байна гэсэн үг. "Энэ хүн манай Сангийн сайд, Хууль зүйн сайд нь энэ юм шүү. Гадаад харилцаан дээр чинь хар тамхины наймаачин байж болдоггүй юм шүү” /Д.Цогтбаатар сайдын жолооч нь хэдэн жил хар тамхи зөөсөн гэчив даа/ гээд сайд нараа зарлах хэрэгтэй. Тэгвэл АН гарцаагүй сонгуульд ялах болно. С.Эрдэнэд харин гавьяа нь ирнэ. 

Б.Сэмүүн
Эх сурвалж: inews.mn
скачать dle 12.0