Мэдээ мэдээлэл

Ц.Нямдорж: Эрдэнэтийн 49 хувийн холбогдогч 10-аад хүн нэр дэвшиж байгаа нь дахиж засгийн эрхэнд гарах л зорилготой

Хуваалцах:



Орхон аймгийн  20-р тойрогт МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сонгогч иргэдийнхээ асуултад хариулсныг хүргэж байна.

-Та яагаад Эрдэнэтээс нэр дэвшихээр болсон бэ?

-1992 оны Үндсэн хуулиас хойш найм дахь удаагийн сонгууль болж  байна. Намын бага хурлаар шийдэж, Эрдэнэтэд  нэр дэвшээч ээ гэсэн саналыг надад  тавьсан. Энэ удаагийн сонгуульд шинэ  хоёр хүн нэр дэвшиж байна. Энэ хоёр хүнтэй хамтраад сонгуульд ажиллах нь зүйтэй гэж намын удирдлагууд үзсэн учраас би Эрдэнэтэд ирсэн. Гол шалтгаан нь энэ юм.

-Та “Эрдэнэт”-ийн  49 хувийн талаар маш их дуугарсан хүн. Энэ 49 хувийн хуйвалдаан ямар шугамаар явсан юм бэ?

-Сүлжээ нь маш аюултай.

Би 2013 оны зун “Сингапурт  49 хувийг ХХБ-ны эзэн авах гэж байна” гэж анх  хүнээс сонсож байсан юм. Тэр үед би үнэмшээгүй.

Дараа нь 2014 онд эрх баригчид Засгийн газраа унагаж, Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирсэн. Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирээд 500 сая ам.долларын баталгааг Худалдаа хөгжлийн банканд гаргаж өгсөн. Үүний дараа 2015 оны долдугаар сард наадмаар “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын оролцогчийг өөрчилсөн.

Монголбанкан дээр Худалдаа хөгжлийн банкныхан өөрийнхөө диллерийг тавьчихсан байсан. Засгийн газрын тэргүүн, Сангийн яаманд гээд бүгдээрэнд нь өөрсдийнхөө хүнийг тавьчихсан байсан л даа. Тагнуул дээр ч өөрийнхөө хүнийг тавьсан юм шүү. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахад нэг удирдлага дор бүхэлдээ үйлчилж, цагийн зүү шиг эргэлдсэн. Сүлжээ нь ийм юм.

Оросын талын оролцогчийг өөрчилнө гэхээр би гайхаж л байсан.  Энэ хуйвалдааны нэг л хэсэг нь байсан. Тэр тусмаа наадмаар шүү . Томилогдсон, даалгавар авсан хүмүүс мөнгийг нь гаргаад өгчихсөн. Ил далдуур янз бүрийн шугамаар мөнгө гаргаж өгсөн.

Монголбанк 200 тэрбум, Эдийн засгийн хөгжлийн яамнаас 90 сая ам.доллар, Хөгжлийн банкнаас хоёр удаа 80 орчим сая ам.доллар гэх мэт тал талаас мөнгө цуглуулж байгаад үүнийг хийсэн.

Монголбанкнаас гарсан 100 тэрбум төгрөг Дарханы төмөрлөгийн үйлдвэр рүү орсон. Үүнээс хойш гурав хоногийн дараа Пүрэвтүвшин гэх 24 настай залуугийн хувийн данс руу орж, Оросын Альфа банк руу шилжсэнээр  анхны төлбөр хийгдсэн.

Энэ бохир хуйвалдаанд  дандаа боломж муутай, хойноос  нь хөөцөлдөх боломжгүй залуусыг ашигласан. Дээрэм хулгай хийх үед нь ашиглагдаад золиос болсон. Ийм аюултай аргаар хийсэн. Төрийн бүх өндөрлөгүүд оролцсон.

-Та “Эрдэнэт”-ийн 49 хувийн шалгалтын ажлын хэсгийг ахалсан. Ажлын хэсэг ямар зөрчлүүд илрүүлсэн бэ?

-Зөрчлийн тухай яривал замбараагүй их юм бий. Байж болох бүхий л хууль дүрмийг зөрчсөн. Жишээ нь, Монголбанк гэхэд  л арилжааны банкуудад зузаатгал хийдэг банк.

Арилжааны банк нь хууль бус үйл ажиллагаа явуулбал таслан зогсоож, зөвшөөрлийг нь буцааж авах ёстой газар. Гэтэл Монголбанк нь 36 орчим  тэрбум төгрөгийг Эрдэнэбилэгийн тойрсон хуурамч  компаниа руу шахаад гаргаад өгчихсөн. 2016 оны зургаадугаар сарын 28-ны орой 18 цагийн үед  тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэл хийхийн өмнө тэр өдөр 100 тэрбум төгрөгийг энэ бүлэглэл рүү Монголбанк шахаж оруулсан.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын Засгийн газар авч болно. Оросууд татгалзах тохиолдолд манай Засгийн газар авах давуу эрхтэй. Энэ давуу эрхийг УИХ-аар хэлэлцүүлж байж шийдвэр гаргуулах ёстой.УИХ-д үүнийг танилцуулаагүй.

ЗГХЭГ-ын ажилтнууд тухайн үед “Ингэж болохгүй, УИХ-д танилцуулахгүйгээр асуудлыг шийдэж болохгүй, гэрээн дээр ийм зүйл байна” гэсээр байхад нь зөрөөд асуудлыг шийдсэн байдаг юм.

-Та “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Засгийн газар авах ёстой гэсэн байр суурин дээр байдаг. Тухайн үед Засгийн газарт ийм хэмжээний мөнгө байсан уу?

-Яг нарийндаа Засгийн газар тухайн үед сонгууль дөхчихсөн сонгогчийн санал авах зорилгоор “Сайн хашаа” 70 тэрбум, “Сайн цэрэг”, “Сайн хувьцаа” гээд замбараагүй мөнгө зарцуулж байсан. Төсвийг хайрцаглаж баталдаг.

Жишээ нь, Засгийн газар хүүхдийн мөнгө олгоход 300 тэрбум төгрөгийг зарцуулна гээд тамга дараад баталчихдаг. Тэр хүрээнд л Засгийн газар ажиллана. 2016 оны төсөв батлахад сая миний ярьсан мөнгийг огт  яриагүй. Зургадугаар сарын 28-нд авсныхаа дараа 2012,2013 онд Оросын талын ногдол ашиг 68 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрээс хувийнхаа данс руу шилжүүлчихсэн. Аймшигтай их мөнгө.

-У.Хүрэлсүхийн Засгийн газар хуйвалдааны эсрэг  зогсож чадаж байна уу. Танай нам үүнээс салангид байж чадаж байна уу?

-Би 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхий сайд томилогдоход ганцхан л үг хэлсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийн хулгай луйврыг хурдан шийдээрэй гэж хэлсэн. Ажлын хэсэг гарсан болчихоод  хөдлөөгүй.

Сүүлд арга ядаад өөр дээрээ татаж аваад цааш явуулсан. Тухайн үед нэг сайдыг нь дуудаж уулзаад “Энэ асуудлаа шийдэхгүй бол Засгийн газар чинь  тэсэхгүй шүү. Засгийн газар чинь ил далдуур үүнийг хамгаалж байна. Надад битгий гомдоорой гэж” хэлээд  шалгасан. 2017 онд Засгийн газар солигддог  нь ийм л шалтгаантай юм.

МАН дотор байгаа үүнийг дэмждэг, хамгаалдаг хэсгийн асуудлыг шийдэхгүй бол урагшаа юу ч явахгүй байсан. Тэгээд  л Засгийн газраа бид сольсон ш дээ. Би түрүүн хэлсэн.

Хэргийг нь хүртэл шийдэхгүй шүүх тойруулаад байлгаад байна шүү дээ. Аюултай хуйвалдаан үүнд орсон. Төрийн өмчийн хороонд 49 хувийн бүлэглэлийн нэг гол хүн байсан.

Одоо Үндсэн хуулийн Цэцэд очсон байна.Үндсэн хуулийн Цэцэд хамгаалалтынхаа хүнийг суулгачихсан. Эв нь  таарвал  нөгөө талд шийдвэр гарах аюул байгаа. Томилгоонууд ийм л зорилготой хийгдсэн. Ер нь  бол хуйвалдааны бэлтгэл хангах ажил нь томилгоо байдаг. Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг   хугацаанаас нь өмнө хөөж явуулсан.

АТГ-ын даргыг шоронд хийсэн. Англид хоригдож байсан хүнийг авчирч ирээд АТГ-т оруулаад дараа нь Тагнуулын даргаар томилсон гэх мэтээр хууль доторх сүлжээгээ дэвсээд байгаа байхгүй юу. Тав,зургаан хуулийн гол байгууллага байна. Бүгдээрэнд нь томилгоогоор  хүмүүсийг оруулсан.  Ийм байдалтай байгаа учраас очсон хэргүүд нь удааширдаг, зориудаар шийдвэрлэхгүй  төөрүүлээд байгаа юм.

Ард түмэн У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг багаар нь дэмжвэл бид одоо хийж байгаа зүйлсээ төгс хийж дуусгая л гэж байгаа юм.

-Энэ удаагийн сонгуульд олон нэр дэвшигчдийг Худалдаа хөгжлийн банк санхүүжүүлж байна гэсэн мэдээлэл байгаа. Үүний ард ямар эрх ашиг нуугдаж байна гэж Та бодож байна вэ?

-Одоо У.Хүрэлсүх дарга харьцангуй цэвэрлэгдсэн намтай сонгуульд орж байгаа. Би өөрийн багтайгаа сонгуульд орно гэсэн нь энэ юм. Энэ цэвэрлэгээг хийхэд их хүнд байсан.

Ялангуяа, дээд төвшинд.  Өнгөрсөн өвөл болсон 30 мянган хүний жагсаал цуглаан үүнтэй холбоотой. Энэ удаагийн сонгуульд Худалдаа хөгжлийн банкны нэг захирал УИХ-д нэр дэвшиж байна. Энэ асуудалд нэр холбогдож яллагдагчаар татагдсан Да.Ганболд тэргүүтэй 10-аад хүн нэр дэвшиж байна.Гол зорилго нь ерөөсөө л дахиж засгийн эрхэнд гарах.  Шулуухан  хэлэхэд өөрийн төлөөний, гар хөл болох хүнээ Ерөнхий  сайд болгох юм.

Ганцхан “Эрдэнэт” биш. Монголросцветмет гэдэг компани дээр Монголын өнгөт металлын бүх ордуудын 35 лиценз байдаг юм.

Эд бүгдээрээ энэ бүлэглэлийн эрхшээлд орно гэсэн үг. Хэтийн том зорилго нь Монголд эзэн суух. Өөрийнх нь хүслийг биелүүлдэг намыг сонгуульд ялуулж, сонгуульд ялсан нам нь эзнийхээ заасан хүнийг Ерөнхий сайдаар томилуулж, томилогдсон Ерөнхий сайд нь эдний хүссэн болгоныг хийх л зорилготой. УИХ-ын сонгуульд ч тэр, Ерөнхийлөгчийн сонгуульд ч тэр ялгаа байхгүй.

Та нарт сонгуулийн учир начрын тухай ганцхан  юм хэлье гэж бодож байна. Одоо бол УИХ тарсан. Зургадугаар сарын 24-нд Ерөнхий сайд ард түмэн ямар санал өгөхийг мэдэхгүй. Та бүхэн юуг шийдэх вэ гэхээр ирэх дөрвөн жилд Монголын амьдрал ямар  байх вэ гэдгийг шийднэ.

Монгол Улсын Ерөнхий сайд хэн байх вэ гэдгийг Та бүхэн шийднэ. Сонгуулийн учир нь энэ юм. Хэрвээ буруу сонголт хийвэл өртөг нь дэндүү өндөр. Тохиолдлын ойлгоогүй хүнийг Ерөнхий сайдаар тавьчихвал улсаа самарчих гээд байдаг юм.

 

Эх сурвалж: Нэр дэвшигч Ц.Нямдоржийн сонгуулийн штаб

скачать dle 12.0