Эдийн засаг:
2016 оноос хойш төрийн албан хаагчдын тоо даруй 33 мянгаар нэмэгдээд байгаа тухай мэдээлэл хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байна. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оны хавар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэгт оролцох үеэрээ “Төрийн албан хаагчдын тоо 189 мянгад хүрээд байна.
Намайг Засгийн газарт ажиллаж байсан үеэс 49 мянгаар нэмэгдсэн байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчдын тоо баялаг бүтээгчдийн тоотой тэнцэж байгаа нь эрүүл биш. Ядаж л 2:1 харьцаатай байж эдийн засаг эрүүлжинэ. Төрийн мөнгө гэж байхгүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Төрийн албыг чадвартай болгож чадвал 90 мянган төрийн албан хаагч байхад л хангалттай” гэж онцолж байсан юм билээ. Гэтэл Төрийн албаны зөвлөл 2017 оны төгсгөлд Монгол Улс нийт 192475 төрийн албан хаагчтай гэсэн статистик тоо гаргаад байсан юм.
Жил бүрийн төсөв батлагдах үеэр хөндөгддөг асуудал бол төрийн алба хаагчдын тоо. 2020 онд төрийн албан хаагчдын орон тоо 3300-гаар нэмэгдэх тооцоог гаргасан. УИХ-аар жил бүр төсөв хэлэлцэх тоолонд төрийн албан хаагчдын тоо өсөж байгаад анхаарч, цомхотгох асуудал хөнддөг ч шинээр сургууль, цэцэрлэг баригдаж ашиглалтад орж байгаатай холбоотойгоор орон тоо өсдөг гэсэн албаны тайлбараар ам тагласаар ирсэн. Харин ийм тайлбарын ард цаг бүртгүүлсэн, хий хоосон суудаг мөртлөө тогтмол цалин хүртдэг намын нөхөд бийг хүн бүр мэддэг ч дуугүй байсаар.
Энэ жилийн хувьд төрийн албанд 3300 шинэ хаагч нэмэгдэх тооцоог гаргаж, төсвийн урсгал зардлыг 52 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дуулгаж байсан. Тэгэхээр 200-гаад мянган албан хаагчийн зардалд жилд хэдэн тэрбумыг сул хаядаг болж таарах нь вэ. Тэр чинь төсвийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгө. Энэ жил 3300 төрийн албан хаагч нэмэгдэж байгаа шалтгаанаа тайлбарлахдаа “Сургууль, цэцэрлэгт 1838 орон тоо, эмнэлэгт 403, мэргэжлийн хяналтын лабораторид 18 орон тоо гаргана” гэжээ. Энэ нь 2200 гаруй орон тоо. Үлдсэн 1100 орчим орон тоогоо байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаа 228, “Найрамдал” зусланг улсын төсөвт эргүүлэн татахтай холбоотой 158 орон тоо, Татварын багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 61, мөнгө угаах терроризмтой тэмцэх үйл ажиллагаатай холбоотойгоор авлигатай тэмцэх мөрдөгч 60, прокурор 50, хил хамгаалах ерөнхий газарт 43, шүүгч 20, Санхүүгийн зохицуулах хороонд 10, Цагдаагийн ерөнхий газарт тав гэх мэтээр хуваарилжээ . Шинээр гаргаж буй эдгээр орон тоог харахад яалт ч үгүй нийгэмд хэрэгтэй мэт ч энэ байдлаараа Монгол Улсын төрийн албан хаагчийн тоо мөдхөн 250 мянгад хүрэх нь ээ.
2017 онд Төрийн албаны зөвлөл 192 мянган төрийн албан хаагч байгааг албан ёсоор зарласнаас хойш энэ жил гэхэд 3.3 мянган албан хаагч нэмэгдэж байна. 2018, 2019 онуудад хичнээнээр нэмэгдсэн тухай тодорхой мэдээлэл алга. Лав л нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй нь баараггүй. Тэгэхээр 2016 оноос хойш төрийн албан хаагчдын тоо 33 мянгаар нэмэгдсэн гэдэг нь ортой.
Монгол Улс 3.1 сая хүн амтай байхдаа 180 мянган төрийн албан хаагчтай байлаа. Энэ нь хүн амд ногдох төрийн албан хаагчдын хувь 5.8 гэсэн үг. Харин одоо 6.06 хувь болж өсөөд байна. Өнөөдрийн 3.3 сая хүн амтай Монгол Улсад 200 гаруй мянган төрийн албан хаагч байна гэдэг бол данхар тоо.
Гэтэл Малайзад энэ хувь 4.68 хувьтай. Тус улсын хүн ам өчигдрийн байдлаар 32.401.840 байна. 32 сая хүнтэй тус улсад сая гаруй төрийн албан хаагч ажиллаж байдаг юм байна. Хэрвээ Малайз улс манайх шиг төрийн данхар бүтэцтэй байсан бол төрд нь хоёр сая гаруй хүн ажиллаж байх ёстой болох нь. 126.440.072 хүн амтай Япон улс дөрвөн сая төрийн албан хаагчтай. Энэ нь нийт хүн амын 3.23 хувийг эзэлж байна. Тайвань, Тайландад энэ хувь хоёр байдаг бол БНСУ, Филиппин, Индонезид нэг хувь байна. Жишээ нь, Индонез улс 273.776.774 хүн амтай. Хүн амд ноогдох төрийн албан хаагчийн хувь нь 1.79, дөнгөж шүү.
Энэ нь тус улсыг 4.8 сая төрийн албан хаагчтайг хэлж өгч байна.
Монгол Улсын хувьд Азийн эдгээр орнууд дотроо хүн ам багатай мөртлөө хүн амд ногдох албан хаагчийн тоогоороо толгой цохиж, 6.06 хувьд хүрч байгаа нь харамсалтай. Зарим хүмүүсийн таамаглаж буйгаар 250 мянган төрийн албан хаагчтай болвол яанам бэ.
Дэлхийн том гүрэн Хятад улс улсынхаа нийт эдийн засгийнхаа 20 хувийг төрийн албан хаагчдынхаа зардалд зориулдаг бол жижигхэн төсөвтэй Монгол Улс нийт эдийн засгийнхаа 40 хувийг төрийн албан хаагчдадаа зарцуулж байна.
Швейцарь улс 8.6 сая хүн амтай атлаа 35 мянган төрийн албан хаагчтай. Хэрвээ төрийн албан хаагчдын тоо нь их, төрийн алба нь данхар бүтэцтэйгээрээ ажил нь амжилттай явж, улс нь хөгждөг бол манай улс юун Швейцарь, юун Америк вэ. Тэднийг ардаа хаях байлаа. Бид Швейцарь улсын жишгээр төрийн албаа бүрдүүлж, тэр шалгарсан системээр нь төрийн албаа зохион байгуулсан бол өнөөдөр Монгол Улсад 13 мянган төрийн албан хаагч ажиллаж байх ёстой байжээ. Энэ нь нийт хүн амд ногдох төрийн албан хаагчдын хувь 0.3 гэсэн үг л дээ.
Одоо Монголын төрд ажиллаж буй төрийн албан хаагчдыг ажил үүргийнх нь хувьд, бүтээмж, чанараар нь дүгнэж, чадваргүйг нь гаргаж “шүүсийг нь шахаж”, усыг нь базвал хичнээн нь үлдэх бол. Танил талаараа, хээл хахууль өгч төрийн албан шургалсан этгээдүүдээс гадна нам дагаж, цүнх барьж яваад тэс хөндлөн салбарт мэргэжилтэн, хурган даргын сэтэрт хүрсэн хүмүүс хэдэн мянгаараа бий. Тэднийг хаацайлж хэдий болтол “Сургууль, цэцэрлэг ихээр ашиглалтад орж байгаатай холбоотой төрийн албан хаагчдын орон тоо нэмэгддэг юм аа” гэж худлаа ярих вэ. Төрийн албыг олуулаа мөртлөө чанаргүй явуулахаа больж, эрүүл зөв тогтолцоог сонгох цаг нь болсон. Төрийн алба бол нам дагасан нөхдийн дөрөв дөрвөн жилээр ээлжилж, орогнодог түр газар биш. Тэнд төрийн жинхэнэ албан хаагч, мэргэшсэн мэргэжилтнүүд сууж, боловсруулсан бодлогыг хэрэгжүүлэхэд мэдлэг чадвараа гаргаж байдаг ажлын талбар юм. Түүнээс биш энд тэндээс ирсэн эрээвэр хураавар юмнуудаар дүүргэдэг сав биш гэдгийг ухаарах хэрэгтэй. Гуравхан сая хүнтэй Монгол Улсад 13-хан мянган төрийн албан хаагч байхад л уг нь болчих юм.
Өдрийн сонин
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18