Эдийн засаг:
Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн У.Хүрэлсүх танаа
-Ил захидал-
Эрхэм Ерөнхий сайд Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Дэлхий нийт, Улс орныг хамарсан Шинэ Короновирусын аюулт цар тахлын өнөө үед Танд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Зам, Тээврийн хөгжлийн сайдын нэр дээр дэд бүтцийн үндсэн салбар болох хот орчмын болон улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх талаар сонгуулийн өмнөх 3,4-р саруудад албан бичгээр удаа дараа хандсан ч хариу ирж, шийдвэрлэгдээгүй тул энэхүү ил захидлыг дахин танд бичиж байна. Монгол Улсын нийт тээврийн 96 хувийг дангаараа гүйцэтгэн “Хаалганаас хаалганд хүрч үйлчилдэг” уриатай Автотээврийн салбар нь нийгмийн захиалгат нийтийн зорчигч тээврийн энэхүү үйлчилгээг өмч хувьчлагдаж зах зээлд шилжсэнээс хойших 30 шахам жилд Улс, Хот хооронд болон хотын дотор, хот орчимд, 21 аймаг төвлөрсөн 250 гаруй сум, суурин газруудын алсын 66 чиглэл, УБ хотын 9 дүүрэгт нийт 90 гаруй аж ахуйн нэгж гэрээ байгуулан том, дунд оврын 1700-аад тээврийн хэрэгслээр жилд дунджаар давхардсан тоогоор Хот хооронд 2,2-3,0 сая, хот дотор 18 сая зорчигч тээвэрлэж байна.
Бид төрөөс илүү боломж нөхцөл шаардахгүйгээр зах зээлийн ороо бусгаа үеүдэд өөрсдийн бололцоо нөөцөө дайчлан, чадлынхаа хэрээр ачааллыг нуруун дээрээ үүрч хөрш зэргэлдээ БНСУ, БНХАУ-ын хэмжээнд хүрэхгүй ч олон жилээр хоцроохгүйг хичээж ирсэн бөгөөд төрөөс баримтлах бодлого, хэрэгжилт Ялангуяа хот хоорондын орон нутгийн чиглэлд санхүү, эдийн засгийн болон парк шинэчлэлтийн талаар ямар ч дэмжлэггүй явж ирсэн.
Чиглэл маршрут, тээвэр зохион байгуулалт, зохицуулалт болон зорчих цаг давтамж, үнэ хөлсийг төр оролцон тогтоож сүүлийн 10-аад жилд хотод 1 хүн 500 төгрөг, хот хооронд нэг хүн км-т 40-50 хүртэл төгрөгөөр тогтвортой мөрдөж өдий хүрсэн, хоорондоо өрсөлдөн хөгжиж, Монополийн тухай хуулиар хэт давуугэж үзэх боломжгүй, материаллаг бааз бий болгож санхүүгийн элэгдэл, орлогоо хуримтлал үүсгэж чадахгүй явж ирсэний нэг жишээ нь хот хоорондын тээвэрлэгчид жилд 65 орчим тэрбум төгрөгийн орлого олж 80 тэрбум төгрөгийн зардал гаргаж 15-20 тэрбум төгрөгийн алдагдал эрсдэлийг жолооч, тээвэрчид өөрсдөө үүрч хуримтлалгүй явж ирсэн бөгөөд 2020 оны 01 сарын 01-ний байдлаар тээвэрлэгч, байгууллагууд банканд 70 гаруй тэрбум төгрөгийн зээлийн өртэй, үүний 80 хувийг парк шинэчлэхэд зориулж худалдан авсан 700 гаруй тээврийн хэрэгслийн болон АСЕМ-ын уулзалтаар 2016 онд худалдан авсанөндөр үнэтэй автобус эзэлж байна.
Хот хоорондын зорчигчдын тоо 2019 онд өмнөх оноос 20 шахам хувиар буюу 400,0 мянган хүнээр буурсан, мөн 2020 оны 01-р улирлыг өмнөх 2019 оныхтой харьцуулахад давтамж, рейсийн тоо 50 шахам хувиар буюу эхний 3 сард 199 мянга хүнээр, нийт дүнгээр 41 хувь, орлого 3,9 тэрбум төгрөгөөр, нэг удаагийн дундаж рейст ногдох хүний тоо 45 суудалтай автобусанд 34-өөс 18 болтлоо тус тус буурсан нь түлш, шатахууны зардлаа нөхөж цалин, зээл, татвар, шимтгэл, түрээсийн төлбөрөө төлөх бололцоогүй дампуурахад шууд хүргэж байна.
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ гэх ихэнх нь мэргэжлийн бус хүмүүсээс бүрдсэн, 21 аймаг, хотод тээвэр зохион байгуулалт, зохицуулалт, касс, диспетчер, оношлогоо, тоо бүртгэлийн салбартай өндөр цалинтай захирал, дарга бүхий 10 гаруй газар, хэлтэс, тасагтай, асуудал шийддэггүй, мэргэжлийн бус дарга “мэргэжилтнүүдтэй”, давхардсан үүрэг бүхий нүсэр бүтэцтэй байгууллага нь анх 2010 аад онд 170-аад хүний орон тоотой байсан бол одоо 1000 гаруй ажиллагсадтай, Улс, хот хоорондын зорчигчийн тасалбарын бохир орлогоос өдөр бүр 8-10 хувийг өөртөө төвлөрүүлэн тээвэрлэгчээс хураан авч өөрсдийгөө санхүүжүүлдэг бөгөөд үүнийг “татвар хэлбэртэй буруу” гэж захиргааны хэргийн 3 шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн ч гүйцэтгэж хэрэгжүүлэлгүй өдийг хүрлээ.
Түүнчлэн улсын хэмжээний автотээврийн Хэрэгсэл эзэмшдэг бүх иргэдээс оношлогоо, дугаар олголт, тоо бүртгэл, шилжилт хөдөлгөөн бүрд мөнгө авч хэдэн тэрбумаар хуримтлал үүсгэн зарцуулдагыг тооцвол нэгийг ойлгуулна. Дэлхий дахинд тарж буй Короновирус цар тахлын улмаас сүүлийн 7 сарын хөл хорио тогтоох хугацаанд хүн урсгал 30-40 хувиар буурч зардлаа нөхөж чадахгүй болсон энэ үед Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь Зам, Тээврийн хөгжлийн дэд сайдаас 2019 оны 11-р сард өгсөн чиг үүрэг, тээвэрлэгчтэй байгуулсан гэрээ болон 2020 оны 02-р сард Сайдын А/24-р тушаалаар батлагдсан “Ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн хэд хэдэн заалтыг зөрчсөний гадна Сайд Б.Энх-Амгалан 2020 оны 01 сарын 16-нд баруун бүсийн тээвэрлэгчид, орон нутгийн удирдлагууд, хүсэлт гаргапсад, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзаад: “Ажлын хэсэг байгуулан нэмэлт цаг давтамж, он засвартай гэх тээврийн хэрэгслүүд, парк шинэчлэлт, нөхөн төлбөрийн асуудлаар судалгаа хийж Сайдын зөвлөлийн хуралд оруулан шийдвэрлүүлэх” тухай өгсөн үүргүүдийг үл биелүүлэн Улсын онцгой комиссоос 2020 оны 01 сарын 24 болон цагаан сар, амралтын өдрүүдэд хөл хорио тогтоосон цаг хугацаатай давхцуулан үндсэн тээвэрлэгчидтэй зөвшилцөж тохиролцохгүйгээр баруун 3 аймагт 2 сарын 18-аас эхлэн шинээр 4 ААН-д зорчигч тээвэрлэлт хийх эрхийг нууцлах маягаар гэрээ хийж цагийн давтамж нэмэгдүүлснээр дампуурал, мөхөлд хүргэж байгаа үйлдэл нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, тухайн аймгуудаас сонгогдсон УИХ-ын зарим гишүүд ИТХ, Засаг дарга, төрийн албаны ажилтны авилга, ашиг сонирхол, албан тушаалын нөлөөнд автаж шийдвэрлэсэнд тээвэрчид харамсан эсэргүүцэж байна.
Сүүлийн 2 жилд БНСУ-аас орж ирсэн хот доторхи болон Улс, Хот хоорондын 600 гаруй том оврын автобусны үйлдвэрлэсэн он нь засварлагдсан гэх үйлдлийг АТҮТ-өөс шалгана, зогсооно гэсэн мэдээллийг олон нийтэд түгээж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах нэрийн дор тээвэрлэгчдийг дарамтлах ажиллагаа явагдаж байна. Бид зөв зүйтэй шалгалт зөвлөмжийг үгүйсгээгүй, харин дэлхий нийтийг түгшүүлж байгаа цар тахлын хүнд хэцүү нөхцөлд цаг үеэ олоогүй энэхүү захиалгат үйлдэл нь тээвэрчдийн сэтгэлзүй, санхүү, эдийн засаг, эрүүл мэндэд хүнд дарамт болж байна.
Автотээврийн салбар нь Улс төрөөс ангид, мэргэжлийн байгууллага бөгөөд хот хоорондын нийтийн зорчигч тээвэр дэх энэхүү уналт, хууль бус үйл ажиллагаа нь боловсон хүчний сонголтын бодлого алдагдсан, хариуцлага, сахилга бат, мэргэжлийн чадвар сул, ажил хариуцсан хүмүүсийн мэргэжил мэдлэг хангалтгүй, ёс зүйгүй байдалтай шууд холбоотой гэж тээвэрчид үздэг. Тухайлбал 2016 оноос хойш салбарын сайд 4, АТҮТ-ийн захирал 3 удаа солигдсон нь салбараа, байгууллагынхаа үйл ажиллагаа түүнийг таниж мэдэх, туслаж дэмжихэд бус яаж өөртөө ашигтай, унацтай байх талаар л бодож ажилладаг гэхэд хилсдүүлсэн болохгүй биз. Үүний нэг илрэл нь 2016 онд тээвэрлэлт гүйцэтгэдэг 43 байгууллага 63 чиглэлд үйлчилдэг байсан бол үйлчлүүлэгч, зорчигчдын болон чиглэл маршрутын тоо төдийлөн нэмэгдээгүй байхад тэдгээрийн хүч хөдөлмөрөө зориулж босгосон зам шугамыг УИХ-ын Гишүүн, Сайд дарга, нутаг ус, төрөл садангийн хамаарал бүхий туршлага чадваргүй материаллаг баазгүй 2-3 автобустай ААН гэгчийг байгуулж хуваан өгснөөр одоо 64 болж нэмэгдэн, бие дааж хөгжсөн, санхүүгийн чадвартай аж ахуйн нэгжгүй болж дээрх баримт жишээний адил бүгд дампуурч сөхрөх, орших, эс оршин тогтнохын ирмэгт тулж ирээд байна.Уг нь туршлага, чадвартай мэргэшсэн, материаллаг бааз сайтай, авто аж ахуйн зарчмаар ажиллах цөөн ААН-үүд нийтийн зорчигч тээвэрлэлтийг гүйцэтгэдэг олон улсын жишигтэй.
Тухайлбал: 50 сая хүнтэй БНСУ-д 20 хүрэхгүй ААН компани зорчигч тээвэрлэдэг, тэдгээрт нийгмийн захиалгат үйлчилгээ үзүүлсний алдагдалд нь улсаас нөхөн төлбөр олгож дэмждэг байтал 3 сая хүнтэй Монгол Улсад борооны дараах мөөг адил олон компани байгаа нь зах зээлийн багтаамжаасаа хэд дахин илүүдэж бүгд ажилгүй болж дампуурахад хүргэж байна.
Сайд болон Яамны газар хэлтсээс өгсөн үүргийг АТҮТ-ийн үе үеийн захиралууд дургүй зүйлээ хэрэгжүүлдэггүй, өөрт ашиг, унацтай бол биелүүлдэг, буруу зүйлээ салбарын Яам, бусадруу түлхдэг, тээвэрчдийнхээ үг, саналыг сонсдоггүй, Үйлдвэрийн газрын захирал нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харьяалагдаж тэндээс томилогдож, гэрээ байгуулдаг бүтэц зохион байгуулалт, цалин зардал, төсвөө батлуулдаг тул халж өөрчлөх, хариуцлага тооцох боломжгүй зэрэг нь удирдлагын тогтолцооны гажуудал мөн. Иймд Монгол Улсын Ерөнхий Сайд Танд хандан дараах саналуудыг хүргүүлж байгааг анхааран үзэж яаралтай УИХ, засгийн газрын түвшинд шийдвэрлэж өгөхийг хүсье.
ҮҮНД:1. Короновирус цар тахлын улмаас зорчигч урсгал, орлого, эрс буурч рейс тутамд алдагдалтай ажиллан тээвэрлэгч ААН-үүд бүрэн дампуурахад хүрсэн энэ үед Автотээврийн тухай хуулийн 2-р бүлгийн 5.1.4,-д зааснаар суудал ашиглалтын 75-иас доош хувьд зардал нөхөх, бодит явалтын зөрүүг харьцуулан тооцож алдангийг төрөөс олгуулах /тооцоогоор 15,2-20 тэрбум төгрөгийн/ асуудлыг шийдвэрлэж. Зам тээврийн хөгжлийн Сайдын багцад тусгаж өгнө үү. /Тооцоог хавсаргав/2. БНСУ-аас өнгөрсөн жилүүдэд импортоор авсан хот хоорондын тээвэрт ашиглагддаг он, нас засвартай гэх "хасна”, “зогсооно" “шалгана” гэдэг дарамт дагуулсаар өдийг хүрч байгаа том оврын 600 гаруй автобусны асуудлыг нэг мөр шийдвэрлүүлж АТҮТ-өөс олгосон тээврийн хэрэгслийн гэрчилгээний оныг үндэслэн насжилтыг дуустал тээвэрт явуулахыг зөвшөөрөн Автобус үйлдвэрлэдэггүй манай улсад маргаан дагуулсан энэ асуудлыг нэг мөр дуусгавар болгох.3. Өмнөх Засгийн газрын үед БНСУ-аас 30 жилийн хугацаатай жилийн 0,3 хувийн хүүтэй 239,0 сая ам долларын үнэ бүхий парк шинэчлэх зээлийн гэрээний асуудлыг сэргээн хэрэгжүүлэх, үгүй бол улсаас урт хугацаатай хөрөнгө оруулалт хийх, автобусыг гааль, худалдааны татвараас чөлөөлөх.
4. ААН-үүдийн парк шинэчлэх зорилгоор худалдан авснаас гадна АСЕМ-ийн уулзалтаар ирсэн нэг бүр нь 310 сая төгрөгийн өндөр үнэтэй автобуснуудыг хот хоорондын тээвэрт ашиглаж байгаа Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд, Чингис хаан банк болон бусад банкууд хооронд үүссэн 50 гаруй тэрбум төгрөгийн өр зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах, хүүг нь хөнгөлж, чөлөөлөх, түрээс, ашиглалтын зардлыг бууруулах зэрэг арга хэмжээ авах.
5. Дэлхий нийт, улс орны хэмжээнд тархсан цар тахал намжиж, эдийн засаг сэргэтэл тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг элдэв хяналт, шалгалт хийж дарамтлахгүй байх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргасан шалгалтыг зогсоох, хойшлуулах арга хэмжээ авах.6. Автотээврийн үндэсний төв нь Аж ахуйн нэгжүүдийн орлогоос, хууль бусаар хүчээр хураан авдаг 8 хувийн шимтгэл татварыг тэглэх. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн ажил үйлчилгээг нэр заан төгрөгөөр илэрхийлэн тооцож 50 хүртэл хувиар бууруулах /энэ асуудлаар захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд анхаарал тавьж өгөх/.7. Энэ байгууллагыг шууд ЗТХЯамны харьяа Автотээврийн агентлаг болгон тээврийн хэрэгслийн улсын, бүртгэл, оношлогоо хяналт хариуцсан цомхон чадварлаг бүтцээр өөрчлөх, цалин хөлсний асуудлыг шийдвэрлэж ажиллуулах.8. УИХ-аас 2009 оны 12-р сард баталсан “Төр хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах талаар бодлого батлах тухай” 64-р тогтоолыг үндэслэн ЗТХЯамны хяналт зөвшөөрлийн дор тээвэрлэлтийн гэрээ байгуулах, даатгалын байгууллагатай хамтран ажиллах, зорчих билет, тийз бичих, тээвэр зохицуулах зэрэг зарим үүргийг хувийн хэвшилд өөрт нь, сонгон шалгаруулалтаар чадвартай, мэргэшсэн төрийн бус байгууллагад шилжүүлэн ажиллуулах цаг нэгэнт болсон гэж үзэж байна.9. Баруун хойт бүсийн Дархан, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл чиглэлийн зорчигч тээвэрчдэд нэн хүнд саад бэрхшээл ирүүлж байгаа УБ-Дархан чиглэлийн авто замын барилгын ажлыг шуурхайлан энэ онд багтаан ашиглалтанд оруулахад онцгой анхаарахыг тус тус хүсч байна.Бидний тавьж байгаа эдгээр асуудлуудыг ачааны хүндийг үүрч, олны төлөө зүтгэж, нийгмийн захиалгат нийтийн зорчигч тээврийн үүрэг гүйцэтгэж яваа Тээвэрчдийг анхааран Удирдлагын одоогийн нүсэр бүтэц, тогтолцоо хүнд суртал, шатдамжлагыгбагасган өөрчилж зардал хэмнэх, алба хаагчдын мэргэжлийн бус, ашиг сонирхлын зөрчилтэй, албан тушаалын нөлөөллийн үйлдлүүдийг зогсоож, хууль, ёс, дүрмийн хэмжээнд шийдвэрлүүлэн, Зорчигч хэрэглэгчдийн нийтлэг эрх ашиг, үйлчилгээг хөнгөвчлөх зэрэг ажиллагааг цар тахлын өнөө үед хэрэгжүүлнэ гэдэгт Танд итгэн саналаа хүргүүлж байгааг онцгойлон анхаарна уу-
Хувийг: Зам тээврийн хөгжлийн Сайдад Нийт тээвэрчдээ төлөөлж таныг хүндэтгэсэн: ЗТХЯамны дэргэдэх “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийн гишүүн, Зам тээвэр барилга хот байгуулалтын салбарын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дэд тэргүүн, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн Холбооны тэргүүн
Т.ХҮРЭЛХҮҮ
2020.08.13
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49