Онцлох мэдээ / Улс төр

ТБХ: Цар тахлын халдварын эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд төсөвт дэмжлэг болох хоёр хуулийн төслийг хэлэлцэв

Хуваалцах:

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.08.21) хуралдаан 14 цаг 48 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон ДНБ-ий хэмжээ 2020 оны эхний хагас жилд 7.8 их наяд төгрөгт хүрч бууран эдийн засаг өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар агшсан байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт -9.7 хувь болжээ. Үүний улмаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “тухайн жилийн ДНБ-ий өсөлт нь өмнөх жилтэй харьцуулахад ”0” эсхүл түүнээс бага бол”, мөн “гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээ нь тухайн жилийн ДНБ-ий 5 ба түүнээс дээш хувь бол” гэсэн нөхцөлүүдийг үүсгэсэн нь төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх үндэслэл, шаардлагыг бий болгосон байна.
Иймд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тохиолдлыг, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д “Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан аль нэг тохиолдол бий болсон бол төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай болон тусгай шаардлагад нийцүүлэх арга хэмжээний санал, шаардлагатай гэж үзвэл, түүнтэй холбогдуулан тухайн жилийн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулга, тооцоо, үндэслэлийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;” гэж тус тус заасны дагуу хуулийн төслийг боловсруулсан гэж Сангийн сайд танилцуулгадаа дурдав. Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулсан юм.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
 
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын байгуулах Зээлийн хэлэлцээр (Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг зөвшилцсөн юм.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ) коронавируст халдварын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ үйл ажиллагаанд зориулан 10 тэрбум ам.долларын санхүүжилтийн хөтөлбөр баталсан бөгөөд 2020 оны 04 дүгээр сараас эхлэн гишүүн орнуудад тус хөтөлбөрөөс хөнгөлөлттэй зээл олгон хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд 100 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар тохиролцсон. Төсвийн дэмжлэгийн зээл хэлбэрээр олгогдох уг зээлийн эргэн төлөгдөх хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, зээлийн хүү 6 сарын Лондоны банк хоорондын зах зээлийн хүү (LIBOR)+0.85 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хураамж 0.25 хувь байна. Санхүүжилтийн хүрээнд коронавируст халдварын цар тахлын тархалтын эрсдэлийг хязгаарлах, бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг дэмжих чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж Сангийн сайд танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан зээлийн зориулалтын талаар тодруулж, хариулт авлаа. Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн юм. 
Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 70 хувь нь Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын байгуулах Зээлийн хэлэлцээр (Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг зөвшилцөхийг дэмжив. Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар танилцуулахаар болсноор хуралдаан өндөрлөв.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
скачать dle 12.0