Онцлох мэдээ / Улс төр

АН-ын доройтол дээд цэгтээ хүрчихлээ

Хуваалцах:

АН намуудтай нэгдэж орон нутгийн сонгуульд оролцохоор болж. Улс төрийн хоёр том намын нэгнийх нь хувьд ялагдахаас айсан, ачааны хүндийг үүрэхээс зүрхшээсэн эр зориггүй шийдвэр байв. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд олонх болсноор орон нутгийн засаг захиргааг удирдах эрхтэй болох учраас улс төрийн намууд хууль тогтоох байгууллагын сонгуулиас дутахгүй ач холбогдол өгдөг. Гэвч хоёр сонгууль дараалан хуугаараа ялагдсан АН “шок”-ноос гарч чадаагүйн дээр нам доторх эв түнжингүй байдал, эрх мэдэл, албан тушаалын төлөөх маргаанаа нэг талд шийдэж чадаагүй зэрэг нь дээрх шийдвэр гаргахад хүргэсэн гэхэд үнэнээс хол зөрөхгүй харагдаж байна.
Улс төрийн намууд дотоод ардчилалтай байна уу, намын дэмжигчид болоод олон нийтийн дэмжлэг хэр байна вэ гэдгийг ээлжит сонгуулиар харж болдог. Товчхондоо, энэ удаагийн сонгуулиар АН дүнгээ авч, УИХ-д дөнгөн данган бүлэг байгуулах чадамжтай болоод буй. Уг нь 2016 оны ялагдал нь АН-ыг шинэчлэхэд хүргэж, орон даяар аян өрнүүлж, намын даргаа гишүүдээсээ асууж, тодруулсан гээд авах зүйл их байсан. Гэвч энэ шинэчлэлт нь үр дүнгүй, нэр төдий зүйл байсныг ээлжит сонгуулийн дүн бэлхнээ
харууллаа. Намын лидерүүд нь гишүүнчлэлээсээ түдгэлзсэн, сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахдаа “Шонхор” фракц өөрсдийнхөө хүмүүсийг түлхүү оруулж, рейтинг өндөртэй гишүүдээ тойргийн гадна үлдээсэн. Үүнд бухимдсан зарим гишүүн нь бие дааж нэрээ дэвшүүлэн, намынхаа саналыг хуваасан
учир АН УИХ-д дахин үнэмлэхүй ялагдаад байна.
Улс төрийн томоохон хүчний хувьд, АН алдаагаа хурдан засаж, залруулан урагшлахгүй бол ирэх дөрвөн жилд бүх шатанд дахин ялагдал хүлээхээр байгаа. Үүнийгээ мэдэхийн дээдээр мэдэж байвч, АН-ынхан фракц хоорондын зөрчлөө арилгаж чадалгүй орон нутгийн сонгуультай золгож байна. Энэ нь МАХН, ШИНЭ намтай харилцан санал хуваахгүйгээр нэгдэж оролцоно хэмээж, санамж бичиг байгуулсан ядмагхан үйлдлээр нь илрэв. Саяхнаас нийслэлийн
АН-ыг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж асан П.Пүрэвдаваа удирдахаар болсон. Товчхондоо,
Ерөнхийлөгч АН-д өөрийн халаасны хүмүүсээ албанд тушаалд томилж эхлээд буй. Тус намын Хэрэг эрхлэх газрын даргаар мөн л нэгдүгээр хүний малгайн дор улс төрд орж ирсэн, УИХ-ын ээлжит сонгуулиар Баянхонгорт аймагт нэр дэвшиж ялагдсан П.Нүрзэдийг томилсон. АН, нийслэл, дүүрэг, аймгийн намын хороодод ч ийн халаа сэлгээ явагдаж, дотоодынх нь бужигнаан, албан тушаалын хэрүүл өнөө ч намдаагүй байна.
Засгийн эрхийг хоёр удаа барьж байсан, хамтарсан иЗасгийн газар байгуулцаж явсан намтар түүхтэй ардчилсан хүчний хувьд ингэтлээ доройтож, хөл, толгойгоо олохгүй, эх адаггүй болчихоод байгаа гэхэд итгэмгүй ч бодит нөхцөл байдал өнөөдөр ийм байна.
“Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан” гэгчээр намын даргынхаа сунгааг
явуулах гэсэн боловч фракц бүрийн төлөөлөл өрсөлдөхөө мэдэгдсэн учир коронавирусаар дамжуулан орон нутгийн сонгууль өнгөртөл хойшлуулаад байгаа. Засгийн эрхийг хоёр удаа барьж байсан, хамтарсан Засгийн газар байгуулцаж явсан намтар түүхтэй ардчилсан хүчний хувьд ингэтлээ доройтож, хөл, толгойгоо олохгүй, эх адаггүй болчихоод байгаа гэхэд итгэмгүй ч бодит нөхцөл байдал өнөөдөр ийм байна.
Орон нутгийн сонгууль хаяанд ирсэн үед АН намуудтай нэгдэж оролцоно гэдэг унах нүхээ өөрсдөө ухсанаас өөрцгүй явдал боллоо. Энэ тухайгаа нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа “Өнөөдрийн удирдлагууд шиг янз бүрийн төсвөөр мөнгө “иддэг” байдлыг таслан зогсоох үүднээс орон нутгийн сонгуульд нэгдэж, хүчтэй баг болж орсноор хяналт бий болгож байгаа юм. Учир нь, эрх барьж буй намаас орон нутгийн сонгуулиас сонгогдвол аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга зэрэг бүх эрх мэдлийг тус нам авах болно гэсэн үг. Тиймээс намууд нэгдэж, мөнгөөр бус үзэл санааны сонгуулиар гарч ирээд төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах байдлыг зогсоож, хяналттай ажиллахыг хүсэж байна. Бид ямар нэг эрх ашгийн төлөө зүтгээгүй. Бид саналаа хуваахгүйгээр нэгдэж байгаа юм. Тойрог сонгох үйл явц аль намаас хэдэн хүн дэвших нь есдүгээр сарын 6-ны дотор тодорно. Мөн мөрийн хөтөлбөр дээрээ хамтарч ажиллана. Бид шинэ, туршлагатай залуучуудаа нэр дэвшүүлэхээр зэхэж байна.
Одоогийн байдлаар нийслэлийн намууд нэгдэхээ илэрхийлсэн. Орон нутагт байгаа намын хороод хуралдаж байгаа” хэмээн ядруухан мэдээлэл өгсөн юм.
Дээрх намууд нэгдвэл хүчтэй баг бүрдэнэ гэж үзсэн нь өрөөсгөл мэт. Байгуулагдаад хоёр жил хүрэхтэй үгүйтэй болж байгаа ШИНЭ, рейтинг нь тийм ч өндөр биш МАХН-тай хамтарч, нэгдэж сонгуульд орсноор иргэдийн санаа бодлыг эргүүлж, ялалт
авчирна гэж тооцсон бол цаг үеэ олоогүй шийдвэр биш гэж үү. Мөрийн хөтөлбөрөө хамтарч боловсруулна гэж байгаа нь УИХ-ын сонгуулийн үеэр иргэн бүрт үнэгүй орон сууц өгнө хэмээн амлаж байсан МАХН-тай эн тэнцүү хэмжээнд очсоноос ялгаагүй харагдаж байна. АН өнгөрсөн 30 жилд хоёр ч удаа сонгуульд олонх болж, төрийн эрх барьж, хэдэнтээ хамтарсан Засгийн газарт баг болж ажилласан байсан тулхтай хүчин байж, улс орны бодлогыг тодорхойлж, залж чиглүүлж байсан нь түүх болж хоцрох вий дээ.
Намаасаа гарч, өөр улс төрийн хүчин байгуулж, тэмцэж явсан зарим “поп” гишүүд нь Ерөнхийлөгчийг бараадаж, намдаа эргэж орсон нь 2021 оны төрийн Тэргүүнийг сонгох сонгууль ойртсоны шинж биз ээ. Албан тушаалын төлөө ийн улайрч байхад АН-д шинэчлэл яриад хэрэг байна уу. Энэ намын жирийн гишүүд, дэмжигчид л хайран байна. Тэднийхээ үзэл санаа, итгэл үнэмшлийг уландаа гишгэж, тоохгүй байгаа лидерүүд нь бүр ч өрөвдөлтэй харагдаж байна.
 
ЭХ СУРВАЛЖ: С.БАТЗАЯА, NPost.mn
скачать dle 12.0