Онцлох мэдээ / Улс төр

Улсын "онцгүй" комисст хаяглах онцгой санал

Хуваалцах:

Улсын Онцгой комисс гэж байх. Бүрэлдэхүүнд нь сайдууд, нийслэлийн удирдлага, зэвсэгт хүчин, тагнуул, хил хамгаалах, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, гааль, цаг уур гээд жижигрүүлсэн Засгийн газрын хэмжээнд ажилладаг энэхүү комиссыг эрхлэх асуудлынхаа эрэмбээр Шадар сайд даргалдаг. Нийслэл, орон нутаг, улс орны хэмжээнд онцгой нөхцөл үүсэж, халдвар өвчин гарахгүй л бол “амьгүй” мэт явж ирсэн уг комисс олон нийтийн овоо хараанд өртөж, үйл ажиллагаа нь олширч эхэлсэн нь өнгөрсөн нэгдүгээр сар.
Олширсон гэдэг нь БНХАУ-ын Ухань хотод анх бүртгэгдэж, дэлхий нийтээр эрчимтэй тархан эцэстээ цар тахлын хэмжээнд хүрсэн “Ковид-19”-тэй холбоотой. Энэ үеэс дэлхий нийтийг цочроосон уг вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бусад улс орны адил авч, хэрэгжүүлсэн. Хилээ хаахаас эхлээд дотооддоо хөл хорио тогтоосон нь хэдэн сарын өмнө. Эдгээрээс хамгийн онцлох ажлын нэг нь гадаадад байгаа иргэдээ татан авчрах байв. Ухань хотод сурч байсан 31 оюутнаа авчрахаас эхэлсэн уг ажил одоо ч үргэлжилж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны яаманд ажиллах үеэрээ нэгэн асуудлыг хөндсөн нь гадаадад гацсан иргэдийн тухай. Гүйцэтгэх засаглалын тэргүүний тодотгосноор “Ковид-19”-ийн цар тахалтай холбогдуулж авч, хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд гадаадаас 81 мянган иргэнээ эх оронд нь татан авчирчээ. Дэлхийн улс орнууд өөрсдөдөө байгаа бүхий л боломж бололцоог ашиглан “Ковид-19”-ийн цар тахлын эсрэг арга хэмжээ өрнүүлж байгаатай агаар нэг байдлаар дотооддоо урьдчилан сэргийлж буй нь мэдээж сайн хэрэг. Коронавирусийг дотооддоо алдаагүй нь Монгол Улсыг гадаад тавцанд эергээр харуулах нэг шалтгаан мөн үү мөн.
Гэвч сайны хажуугаар саар зүйл ч бас байна. Ялангуяа Улсын онцгой комисстой холбогдох. Эхлээд тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж байгаа иргэдийг тойрсон шүүмжлэл дэгдсэн. Агуулга нь бага насны хүүхэдтэй, ахмад настан, зайлшгүй ирэх шалтгаантай иргэдийн өмнүүр дарга нар, улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс багтсан тухай. Уг асуудал намжаагүй байхад иргэдийн тусгаарлах байрны үйлчилгээ тойрсон гомдол түрүүчээсээ хөвөрч эхэлсэн. Улсын Онцгой комиссын “Шуурхай штаб”-аас тэр бүгдэд холбогдох хариу өгч, асуудлын учгийг талаар тайлбар өгөх ёстой атал цэцэрлэгтээ яваад ирсэн бага насны хүүхэд шиг хоол унд тэргүүтэй аж ахуйн жижиг маргааны тухай гомдоллож, өөрсдийгөө зөвтгөсөөр жил хагасыг үдэж байна.
Энэ мэтчилэн Улсын Онцгой комисс тойрсон шүүмжлэл намжаагүй байхад өөр нэгэн асуудал хэд хоногийн өмнө гарсан нь Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор АНУ-аас ирсэн 25 оюутантай холбогдов. Уг нь тэдгээр оюутны зүгээс тусгаарлах байрныхаа Wifi, ариун цэврийн өрөөний асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм билээ. Гэтэл хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь шаардлага тавьсан оюутнууд өөрсдөө болох нь тэр. Эцэстээ тусгайгийнхан ирснээр уг асуудлын шийдвэрлэсэн гэх.
“Чинээлэг айлын хүүхдүүд тусгаарлах байраа голлоо л гэнэ”. “Уйлж, дуулж, гуйж ирчихээд асуудал гаргалаа л гэв”. “Эргээд АНУ руу хөөж явуул” гэсэн утга агуулгатай сэтгэгдэл цахим ертөнцөөр нэг хөврөв. Хоёрхон шаардлага тавьсныхаа төлөө нийгэмд чичлүүлж, бараг эх орноосоо “хөөгдөх”-дөө тулсан хэрэг. Цаашлаад тэдгээр оюутны буруу, Улсын Онцгой комиссын зөв болж байх шиг. Нэг үгээр, энэ удаад ч иргэдийн шаардлага биш Улсын Онцгой комиссын шийдвэр “ялалт” байгуулав.
Угтаа бол эцэг, эх, танил тал гэхээсээ өөрсдийн хүч хөдөлмөрийн хүрээнд мэргэжил дээшлүүлэхээр АНУ-ыг зорьсон зарим нь тэдгээр оюутны дунд байсан нь мэдээж. Гэвч төрийн ойлгомжгүй шийдвэрт шаардлага тавьснаараа тэд өөрсдөө, бүр нийтээрээ буруудаж, баян, чинээлгээрээ чичлүүлэв.
Гадаадад байгаа иргэдийн эрүүл мэнд, эдийн засгийн эрсдэлд ороод байгааг харгалзан үзэж, тусгай үүргийн нислэгийн тоогоо нэмэх болов уу гэсэн горьдлого хилийн цаана гацсан 10 гаруй мянган иргэнд бий юү гэвэл бий. Тэд бүгдээрээ эх орондоо, үр хүүхдээ, аав, ээжийгээ, ах, дүүгээ санаж, бэтгэрч л яваа. Гэтэл эх оронд нь авчирсан л бол бусдаар яах нь хамаагүй мэт тусгаарлах байранд оруулж, цоожилчихоод өөрсдийгөө өмөөрч суух нь Улсын Онцгой комиссын үүрэг биш ээ. Хүмүүнлэг ардчилсан Үндсэн хуультай улсын хувьд иргэн бүрт тэгш хандах л учиртай.
Тиймээс Улсын “Онцгүй” гэх тодотголтой болтлоо шүүмжлэл дайлгах болсон комиссынхон, “Шуурхай штаб”-ынхан хаяглах Онцгой санал байна. Тэр нь тусгаарлах байрныхаа мэдээллийг ил болгох талаар. Өдгөө тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант, Энхсаран сувилал, Баянбуурал амралт, “Кентавр” болон “Хабу”, “Toyoko Inn”, “Амар” тэргүүтэй зочид буудалд хуваарилан байршуулж буй.
Үүнээс гадна “Нийслэлд 50 мянган төгрөгөөр зардлаа нөхөөд ажиллах боломжгүй гэсэн буудал олон байна. Тэд үнийг хамгийн доод талдаа 120 мянга болгох хэрэгтэй гэсэн зүйл ярьдаг” гэдгийг Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг онцолсон. Түүний тодотгосноор Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлын удирдлагатай доод тал нь өдрийн 120 мянган төгрөгөөр тохирч чадвал коронавирусийн цар тахлын хүрээнд тусгай үүргийн нислэгээр гадаадаас татан авчирч байгаа иргэдийг хангалттай тусгаарлах орчин нөхцөл бүрдэнэ гэсэн үг.
Улсын Онцгой комиссын даргын гаргасан тушаалын хүрээнд тусгаарлах байрны нэг өдрийн жишиг үнийг 50 мянган төгрөг байхаар баталсан байдаг. Үүнд өдрийн гурван удаагийн хоол, хоёр удаагийн цай, нэг хоногийн байрны төлбөрийг багтааж шингээсэн. Гэвч энэхүү үнийн дүнг хүлээн зөвшөөрч иргэдийг 21 хоног байрлуулах зочид буудал хязгаарлагдмал байгаа нь өөрөө асуудал болж эхэлсэн нь энэ. Гэхдээ зочид буудлуудын зүгээс хэлж байгаа 120 мянган төгрөгийн үнийн саналаар тогтоовол гэр бүлээрээ ирж байгаа хүмүүсийн хувьд, тийзний үнээс эхлээд тусгаарлах байрны 21 хоногийн зардал буюу 1.050.000 төгрөгийг төлөхөд санхүүгийн дарамт учруулах учраас зочид буудлуудтай тохиролцоонд хүрч чадахгүй байгаа гэх. Үнэний ортой л тайлбар.
Тийм байлаа гээд тусгаарлалтад байх 21 хоногийнхоо төлбөрийг төлөөд ирж байгаа иргэдэд орох зочид буудал, байрлах амралтын газар нь тодорхой ойлгомжтой байх ёстой. Тухайн газрынх нь үйлчилгээ, хоол ундны цэс нь анхнаасаа ойлгомжтой байвал хэн ч маргаан үүсгэж, шүүмжлэл дайхгүй.
Цаашлаад Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Онцгой комиссоос тогтоосон нэг өдрийн хувьсах зардлыг дэмжиж, өөрийн хамаарал бүхий “Баянгол” зочид буудалдаа ашиглуулахад болохгүй гэх зүйлгүй. Тэглээ гээд санхүүгийн хямралд орж, үйл ажиллагаа нь доголдох асуудал үүсэхгүй нь тодорхой. Тэгээд ч коронавирусийн цар тахлын хүрээнд тогтмол орлоготой, ажилтнуудынхаа ажлын байрыг хадгалж үлдэхэд дэмтэй асуудал биш гэж үү?! Эсрэгээрээ Төрийн тэргүүнийхээ санаачилгыг дэмжих нь эх оронч үйлдэл болно. Үүнийгээ дагаад үнийн асуудал дээр тохиролцож чадахгүй байгаа бусад зочид буудлын эздэд ч жишиг тогтооно.
Түүнээс Улсын Онцгой комисс нь гомдол мэдүүлдэг, Гадаад харилцааны сайд нь гадаадад гацсан иргэдийнхээ эрх ашгийг хоёрдугаарт тавьж, төмөр замын бүтээн байгуулалттай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч олон нийтийн сүлжээнд попорч сууснаараа асуудлыг шийдэхгүй нь тодорхой. Үнэлэлт, дүгнэлт өгөх хүн нь ч биш юм. Гаднаас зээл тусламж хайж бусдын гар харж суухаар дотроосоо өөрсдөдөө байгаа боломж бололцоогоо ашиглах нь чухал. Үүнд Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцоо ч нэмэртэй. Юу үнэн энэ л үнэн.
Г.ЭРХЭС, NPost.mn
скачать dle 12.0