Нийгэм / Мэдээ мэдээлэл

Тавантолгойн нүүрсний ордод түшиглэсэн аж үйлдвэр, дэд бүтэц, хот байгуулалтыг хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан гаргана

Хуваалцах:

- Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ -
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 9 дүгээр сарын 3-4-ний өдөр Дорноговь, Өмнөговь аймагт ажиллан газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, Тээвэрчдийн үйлчилгээний цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан. Энэ талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан:
  • Тавантолгойн нүүрсний ордын гадаргуугийн ерөнхий төлөвлөгөөг  энэ ордод түшиглэсэн аж үйлдвэр, дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн  төлөвлөгөөтэй уялдуулан гаргах
  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар танилцуулж, тусгай зориулалтын компани байгуулах, хувь эзэмшлийг нь тогтоох, шаардлагатай үлдэгдэл хөрөнгийг санхүүжүүлэх тухай хэлэлцүүлэх
  • Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станц барих талаар холбогдох арга хэмжээ авах, шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргуулах
  • Өмнийн говийн бүтээн байгуулалтад гадаргын болон гүний усыг байгаль, экологийн танцвэрийг алдагдуулахгүйгээр зохистой ашиглах нөхцөл, боломжийн талаарх эдийн засаг болон эрх зүйн үндэслэл, танилцуулга хийх
  •  “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгө оруулсан, санхүүжүүлсэн төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, зарцуулалтад хяналт шалгалт хийх зэргийг холбогдох сайд, агентлаг болон аймгуудын Засаг дарга нарт даалгав.
Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр зам
Сайншанд-Баруун-Урт, Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт” чиглэлийн 846 км төмөр замыг барихад 1,1 тэрбум ам. доллар шаардлагатай. ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон зүүн бүсийн босоо тэнхлэгийн энэ төмөр замыг барих бэлтгэл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.  
Газрын тос боловсруулах үйлдвэр
Талбайн тэгшлэгээний ажлыг ирэх сарын дундуур дуусгахаар төлөвлөсөн. Хүхэр, устөрөгч ялгах байгууламжийг барихаар Франц, Итали, Шведийн дэлхийд нефть-химийн салбарт тэргүүлдэг компаниуд материалаа ирүүлсэн байна. Эдгээр лицензтэй технологийн байгууламжуудыг 2022 оноос, лицензгүйг ирэх оноос барьж эхлэх юм. 549 айлын орон сууц, оффис үйлчилгээ, үйлчилгээний төв, ажилчдын хооллох газар, сургууль, цэцэрлэг бүхий хотхоныг 2019 оноос барьж байгаа. Ирэх 11 дүгээр сард заримыг нь, 2024 оны зун бүрэн ашиглалтад хүлээн авахаар төлөвлөөд байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам
Бүтээн байгуулалтад дотоодын 94 аж ахуйн нэгж, 6,000 гаруй инженер, техникийн ажилчин, 2,900 техник оролцож байна. Доод бүтцийн газар шорооны ажил 99 хувь, хоолойн ажил 97, зөрлөгийн барилга 73, өртөөний барилга 41 хувийн явцтай. Дээд бүтцийн 54 км-ын ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН, 15.8 км-ыг Зэвсэгт хүчний жанжин штаб гүйцэтгээд байна. Төмөр замын 27 байршилд тавих 2500 орчим метр урт гүүрийн ажлын явц 73, эрчим хүчний шугамын ажил 60 хувь хүрчээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН 11 дүгээр сарын 30-ны дотор дээд бүтцийн барилга, угсралтаа дуусгахаар төлөвлөсөн байна. 
СУРТАЛЧИЛГААТавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам
Төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн нүүрс тээвэрлэх бөгөөд энэ нь автомашинаар тээвэрлэснээс дөрөв дахин бага зардал гаргана гэсэн үг юм. Замын доод бүтцийн газар шорооны ажил 95, хоолой 98.5, гүүр 37, дээд бүтцийн ажил 32 хувьтай. Одоогоор 73 км зам тавиад байна.
Тээвэрчдийн хотхон
Тавантолгойн нүүрсний уурхайн аман дээр үүсдэг тээврийн хэрэгслийн урт дараалал, эмх замбараагүй байдал, жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2018 оны 7 дугаар сараас барьж эхэлсэн. 1,000 автомашины зогсоолтой, 500 хүнд нэг зэрэг үйлчлэх хүчин чадалтай, иж бүрэн цогцолборын “Ачилт хүлээлгийн талбай”, шатахуун түгээх гурван станцын ажил үндсэндээ дууссан.
Жолооч нарын амрах байр, халуун ус, эмнэлэг, зоогийн газар, худалдаа, ахуйн үйлчилгээний төв зэрэг барилгын ажил 67, захиргаа, зочид буудал, авто оношлогоо, авто засварын газрын ажил 70 хувьтай байна. 
“Тайван зогсоол” цогцолбор
 Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг 14 мянга гаруй жолооч эрүүл, аюулгүй орчинд амрах, хооллох, төрийн үйлчилгээг нэг дороос авах, амралт, чөлөөт цагаа зөв өнгөрөөх зорилгоор 2018 оны 9 дүгээр сараас цогцолборыг барьж эхэлсэн. Цогцолбор ашиглалтад орсноор том оврын 2,500 тээврийн хэрэгсэл /60 км урт дарааллыг хүлээн авах боломжтой, камерын хяналтын систем, харуул хамгаалалттай, бүрэн гэрэлтүүлэгтэй/  байрлах авто зогсоолтой болно.
Зам талбай, гэрэлтүүлэг, гэрэлт цамхаг, уурын зуух, цахилгаан дамжуулах шугам, цэвэр усны шугам, өндөр хурдны шилэн кабель зэргийг ашиглалтад оруулсан. Мэс засал, сэхээн амьдруулах, үзлэгийн өрөө, эмийн сан, ЭХО, хэвтэн эмчлүүлэх тасаг зэргээс бүрдсэн 34 өрөөтэй эмнэлэг, 418 ортой зочид буудал, нэг зэрэг 40 хүнд үйлчлэх халуун ус, саун, угаалгын газар, хоногт 5,000 хүнд үйлчлэх зоогийн газар, төрийн нэг цэгийн үйлчилгээ, ахуйн үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех зэрэг барилгын ажлыг энэ онд дуусгаж цогцолборыг ашиглалтад хүлээн авах юм.
скачать dle 12.0