Мэдээ мэдээлэл

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16-нд Монгол Улсад айлчилна

Хуваалцах:

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2020 оны 9 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын төрийн өндөрлөгүүдэд бараалхана.
Хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах явдал энэхүү айлчлалын зорилго бөгөөд Ковид-19 цар тархалтаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд гарч буй ахицыг бататгах нь айлчлалын үеэр болох уулзалт, хэлэлцээний гол сэдэв байх юм. Түүнчлэн олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д цар тахлын эсрэг тэмцэж буй хүнд үед айлчилж, найрсаг харилцаа, итгэлцлийг бэхжүүлж байсан бол өнөөдөр манай улсад хөл хорионы дэглэм үйлчилж буй онцгой нөхцөлд Ван И сайд айлчилж байгаа нь энэ удаагийн айлчлалын онцлог болж байна.
Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай орны хувьд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг манай хоёр улс тогтмол хэрэгжүүлж ирсэн. Ковид-19 цар тахлын улмаас төлөвлөж байсан олон арга хэмжээг хойшлуулж, цуцласныг та бүхэн мэднэ. Хятад улс цар тахлыг хяналтдаа авсан, манай улс дотооддоо алдаагүй байгаа нь өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх боломжийг олгож байна гэж үзсэний үндсэн дээр энэхүү айлчлалыг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Айлчлалыг манай улсад өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд зохион байгуулах тул халдвар, хамгааллын горимыг хатуу сахиж, арга хэмжээнд аль болох цөөн хүн оролцуулахаар зохицуулалтыг хийж байна.
Дэлхийн улс орнууд бүхэлдээ шинэ нөхцөл байдалд дасан зохицож, сүүлийн саруудад гадаад айлчлал, арга хэмжээ, олон талт уулзалтуудыг идэвхжиж байгааг та бүхэн анзаарсан байх. Тухайлбал, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 8 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Европын орнуудад айлчлал хийсэн бол Монголд айлчлахаас өмнө ОХУ, Казахстан, Киргизд айлчилна. Манай хойд хөрш ОХУ-д ойрын өдрүүдэд ШХАБ-ын Батлан хамгаалахын сайд нарын уулзалт, Гадаад хэргийн сайд нарын уулзалт зэрэг томоохон арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

скачать dle 12.0