Онцлох мэдээ / Улс төр

Өөрөөсөө урвасан Н.Энхбаярын "БУЯНААР" Ардчиллын ТАВАН ЗАСГИЙН ГАЗАР огцорч байв

Хуваалцах:

Зарим зүйлд итгэнэ гэдэг бэрх. Бүр нүдээр харж, биеэр барьж үзсэн ч эргэлзэх үйл явц, үзэгдлүүд олон. Миний хувьд улстөрд сүүлийн жилүүдэд үе үе өрнөдөг Ардчилсан нам болон МАХНын "нэгдлийг" огт ойлгодоггүй юм. Бас таашаадаггүй. Учир нь Монголын улс төрийн хоёр тулгуурын нэг гэгддэг Ардчилсан нам гарах гарцгүй болж "буланд" шахуулахдаа л Н.Энхбаяртайгаа хаяа хамраа нийлүүлдэг болоод удаж байна. Яаж ч бодсон Н.Энхбаяр АН-ыг яаж байлаа, АН нь эргээд Н.Энхбаярыгаа яасан билээ дээ. АН шиг 160 гаруй мянган идэвхтэй үнэнч "улаан" дэмжигчидтэй нам Н.Энхбаярт дагаар орж доош ормооргүй л баймаар. Хамгийн тэнэг нь Н.Энхбаяртай дөрөө харшуулах бүртээ АН урд урдахаасаа илүү хүчтэй газардаж, амаараа шороо өмхчих гээд байдаг талтай. Энэ удаад ч гэсэн орон нутгийн сонгуулиар энэ нам бүр байхгүй болчих вий дээ. 2014 онд Н.Энхбаяраас үүдэлтэй бий болсон шокноосоо одоо ч АН гараагүй байгаа шүү дээ.
ӨӨРӨӨ ӨӨРӨӨСӨӨ УРВАСАН Н.ЭНХБАЯР
Сүүлийн 30 жилд утгаараа ХААН байсан ганц хүн нь Н.Энхбаяр. Улс төрд хамгийн удаан бөгөөд хамгийн "томоор" шогшиж ирсэн хүн бол бас л тэр. Түүнд хаан явсан үе ч бий, хамаг эрх мэдлээ хураалгаж харанхуй шоронд орсон өдрүүд ч бий.
Товчоор хэлбэл, Н.Энхбаяр улс төрийн "тоглолт"-ыг Монголд бий болгосон. Түүнээс илүү улс төрийн өрөг нүүдэг хүн тун ховор. Улс төрөөс хэрхэн эрх мэдэл, "ашиг" хүртэж болохыг ч үлгэрлэн харуулсан хүн. Одоогийн албан тушаалын "наймаа", намын санхүүжилт, эрх мэдлийн хуваарилалт, орд газрын наймаа, авлигын сүлжээ гээд нэн шинэ цагийн улс төрд тоолж барамгүй их "юм" өгсөн хүн гэдэг. Ерөнхийдөө лидерийн шошготой улс төрийн амьдралынхаа тэн хагасаас илүүг өнгөрүүлсэн түүний замналд хүслээ биелүүлэх арга зам нь сайн, муу аль аль нь л гэгддэг. Гэхдээ сайнаасаа саар зам олныг сонгож байсан нь түүнийг улс төрд хэнээс ч хурдан бүхнийг эрхшээхэд, бас бүгдийг алдахад хүргэсэн.
Монголын улс төрд 30 жил "шогшихдоо" тэр туг ч барьсан, тугал ч хариулсан. Парламентын эрин үед түүн шиг том намтартай хүн Монголд байхгүй.
1990-1996 онд Соёлын сайд
1997-2005 он хүртэл УИХ-ын гишүүн
1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
1997-2005 онд МАХН-ын дарга
1997-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч
2000-2004 оны Монгол Улсын Ерөнхий сайд 2005-2009 Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийн албан тушаалыг тус тус хашсан ховорхон хувь заяатай нэгэн.
Монголд төрийн гурван том эрх мэдэлд эзэн суусан хүн түүнээс өөр нэг ч үгүй. Цаашдаа ч ховор биз. Энэ хэрээрээ мань хүнд уг нь улс төрийн соёл, бас бардам зан гэж баймаарсан. Гэвч улс төрийн "өстөн" Ц.Элбэгдорж болон МАН-д байгаа хуучин цэргүүдээ нухчин дарж өшөө хорслоо тайлахын тулд одоо болтол цамнаж яваа нь мань мэтэд хэт танил болчихсон нь харамсалтай.
Бүр өөрийнхөө ярьдаг хэлдэг бүхнээсээ буцаж. Төдийгөөс өдий хүртэл "ЗҮҮН ТӨВИЙН ҮЗЭЛ" гэж хоолойгоо цуцтал хашигчиж байсан улс төрийн үзэл баримтлалаасаа хүртэл урваж байх юм. Цагтаа "дайтаж" явсан бүхэнтэйгээ гар, хөлөө атгалцаж буйг нь улстөрд мөнхийн дайсан, үүрдийн нөхөр гэж байдаггүй юм гэнэ лээ гэж өнгөрөөж болох ч мань эрийн үзэл санаанаасаа хүртэл урваж байгаа нь өдий болтол унаж, босон өндийлгөсөн МАН, МАХН-д зориулсан 30 жилээсээ, нэг насныхаа амьдралаасаа эрх мэдэл, эрх ашгийн төлөө урваж буй хэрэг.
Миний мэдэхийн Ардчилсан нам чинь "Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх БАРУУН ТӨВИЙН нам байна" гээд үзэл баримтлалаа зарлачихсан юмсан. Н.Энхбаяр нь буцчихсан уу, АН нь буцчихсан уу.
Нам гэдэг зүйлийн гишүүд дэмжигчдээ татдаг хамгийн том зүйл нь үзэл баримтлал. Уг нь үүнд л намын оршин тогтнох амин сүнс нь оршдог гэлцдэг. Гэтэл үзэл бодол нь хүртэл зөрчилдөж байхад өөрөө өөрөөсөө урвасаар явааг нь яаж ч хичээгээд ойлгох арга алга. Үнэндээ ойлгох ч хүсэл алга. Энэ чинь л Н.Энхбаяр гэдэг хүний товч тодорхойлолт юм даа. Эцэст нь өөрийгөө явцгүй болсноо мэдрээд хүүгээ улс төрд сойж байгаа ч мань эр ирээдүйд аав шигээ хол давхихгүй л болов уу гэж анзаарагдаад байгаа юм.
Уг нь миний бодлоор түүнд эрх мэдлээс бусад юм бүхэн байна. Хөгшин морь өөрийгөө амраадаггүй гэдэг шиг шинэ цагийн улс төр рүү орохоор зүтгэлгүй уран бүтээлээ хийгээд уужуу амьсгаа авбал сайнсан. Түүний толгой хоосонгүй гэдгийг монголчууд бүгд мэднэ шүү дээ. Үнэхээр хэлмэгдсэн бол одоо мянга улайрч дайраад хий цамнахаас өөр нэмэргүй. Цаг хугацааны эрхээр бүгд үнэний талд ялгараад гараад ирнэ. Тиймээс одоо өөрөөсөө ч, үзэл бодлоосоо ч битгий урва.
Н.Энхбаярын "БУЯНААР" ардчиллын ТАВАН ЗАСГИЙН ГАЗРЫГ огцорч байв
Н.Энхбаярын хувьд гэвэл нэг ийм байна. Тэгвэл АН-ын хувьд түүнээс ч дор харагдаж байна. Одоогийн АН бүрэлдэж амжаагүй, амин сүнс болсон АРДЧИЛАЛ нь дөнгөж бойжиж эхлэх үеэс л Н.Энхбаяр тэднийг хашраасаар ирсэн.
Одоо эв санаагаараа нэгдчихээд буй Н.Энхбаяр нь Ардчиллын болон Ардчилсан намын Засгийн газрыг миний мэдэхийн ТАВАН удаа унагаж "тоглосон" байдаг. Хамгийн эхнийх нь 1997 онд М.Энхсайхан тэргүүтэй Ардчилсан холбоо эвслийн Засгийн газрыг "намын дарга нь Ерөнхий сайд байна" гэсэн заалтыг барьж байгаад тонгорч байсан. 1998 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг бас л дампуурсан банкны системийг ашиглаад татаж унагасан байдаг. Удаах жил нь ахиад л Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан Ж.Наранцацралтын Засгийн газрыг огцруулж байв. Захидал гэдэг шалтгаантай ч цаанаа улс төрийн өөр олон учиг сэжмүүдтэй огтлолцдог гэлцдэг. 2004 онд өнөөх Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг Н.Энхбаяр хоёр дахь удаагаа унаган туулж барамгүй өс зангидаж, эвслийн тарааж орхив. Сүүлийнх нь 2014 он. Шинэчлэлийн гэх лоозонтой Н.Алтанхуягийн Засгийн газрыг Н.Энхбаяртай 2021 он хүртэл бүхий л сонгуульд хамтарч оролцох нууц гэрээ байгуулсан гэдэг шалтгаанаар намын нөхөд нь сөрөг хүчинтэйгээ нэгдээд огцруулж байв. Н.Энхбаярт засаг унагах зорилго түүнд төдийлөн томоор байгаагүй ч хүссэн хүсээгүй "хамжигч" болчихож байгаа юм. Ер нь тэр гэрээ байгаагүй бол Н.Алтанхуягийн засаг дахиад нэг тэсчих ч байсан юм билүү.
За, ингээд 2014 онд ТАВ дахь удаагаа Н.Энхбаярт самруулсан АН-ынхан одоог болтол 7 жилийн турш нар үзсэнгүй. Дараалсан ялагдал, дотоодын талцал хуваагдал гээд болж бүтэх юмгүй болтлоо шүүрэн шанага болж байна. Энэ удаад мань эр одоогийн Ерөнхийлөгчтэй ханьсаад орон нутгийн сонгуульд АН-ыг чирээд ирлээ. Чухам эцсийн дүн нь яаж гардаг юм бол доо. АН-ыг бүр мөсөн үгүй хийчихгүй л бол яах уу.
Одоогоор бол АН аль ч тохиолдолд МАН-д ч, Н.Энхбаярт ч хожигдчихоод байх шиг. Орон нутагт ялагдаж гэмээн сэхэл авч чадалгүй дахин 4 жил "сэхээнд" үднэ. Ялсан ч эргээд Н.Энхбаяраа "маллах" гэж үйл тамаа цайна. 
https://shuurhai.mn/n/11296
скачать dle 12.0