Эдийн засаг:
Глоб интернэшнл төвөөс Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комисст хандаж уриалга гаргалаа.
Монгол Улсын Засгийн газрын 2020.11.11-ний өдрийн "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" 178 дугаар тогтоол, 2020.11.15-ны өдрийн "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" 181 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсад 2020.11.12-ны өдрийн 06:00 цагаас 2020.12.01-ний өдрийн 06:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд хатуу хөл хорио тогтоосон.
Энэ хугацаанд бүх төрлийн харилцаа Гамшгаас хамгаалах тухай хууль болон Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу зохицуулагдаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан 2020.11.25-ны өдөр бүх нийтэд өгсөн мэдээлэлдээ "Хорио цээр тогтоосноос хойш цагдаагийн байгууллага бүх өргөдөл гомдол, худал мэдээллийг шалгаж буй. Одоогийн байдлаар нийтдээ 740 гаруй гомдол, мэдээллийг шалгаад байна. Үүнээс 39 иргэнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулах арга хэмжээ авсан бол 590 гаруй хүн, хуулийн этгээдийг 290 сая гаруй төгрөгөөр торгох арга хэмжээг авсан" гэсэн юм. /мэдээллийн эх сурвалж: https://ikon.mn/n/21t9/
Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгасан. Энэ зүйлийн 1-т зааснаар гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгоно. Мөн зүйлийн 2-т зааснаар гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500,000 төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгоно.
Үүнээс гадна, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга нарын 2020.08.27-ны өдөр хамтарсан тушаалаар батлагдсан “Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам”-ын дагуу цагдаагийн албан хаагч дангаараа олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл гэдгийг тодорхойлох бөгөөд түүний үнэн, зөв тодорхойлсон эсэхийг хянах механизм байхгүй, Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс цагдаагийн албан хаагчийн дүгнэлтийн дагуу нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээ, мэдээллийг устгах эсвэл хандалтыг хязгаарлах; нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээ, мэдээлэл тарааж байгаа цахим хаяг, цахим хуудасны хандалтыг хязгаарлах үүрэгтэй байна.
Гэвч хууль тогтоомжид "олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл", "худал мэдээ, мэдээлэл" гэдгийг тодорхойлоогүй төдийгүй эдгээр ойлголтыг цагдаагийн албан хаагч өөрөө бие даан, хувийн туршлагадаа тулгуурлан тодорхойлох нөхцөлтэй байна.
Нөгөө талаар хөл хорионы үеэр албан ёсны, бүрэн мэдээлэл өгөх үйл явц хангалтгүй бөгөөд энэ нь иргэдийн мэдээлэл хайх, олж авах эрх хангагдахгүй байна.
Тухайлбал,
-Нийслэлийн онцгой комиссын дарга буюу Нийслэлийн засаг даргын 2020.11.20-ны өдрийн захирамжаар иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэж, хянахаар болсон талаар дүүрэг, хорооны мэдээлэлд дурдсан боловч, Нийслэлийн засаг даргын захирамжийн мэдээлэл 2020.11.18-ны өдрөөс хойш шинэчлэгдээгүй байна. /Нийслэлийн засаг даргын захирамжийн мэдээллийн сан: http://ulaanbaatar.mn/Home/Rulelist?categID=15/ Энэ журмын зохицуулалт нь засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг мөрдөн мөшгих, хавчих хяхах байдлаар хэрэглэх эрсдэлтэй байна.
-Нийслэлийн засаг даргын цахим хуудаст 2020.11.22-ны өдөр гарсан мэдээлэлд "Хэвлэл мэдээллийн байгууллагуудын автомашинд зөвшөөрөл олгох журам"-ын талаар дурдсан байх бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагын автомашинуудад Улаанбаатар хот доторх замын хөдөлгөөнд оролцох QR код бүхий зөвшөөрөл олгох бөгөөд QR код бүхий зөвшөөрөл авах автомашины тоог тогтоохдоо телевиз-10 хүртэлх автомашин, өдөр тутмын сонин 1-3 хүртэлх автомашин, мэдээллийн сайт 1-3 хүртэлх автомашин, ФМ, радио 1-3 хүртэлх автомашин байхаар тусгажээ. Гэвч энэ журмыг аль байгууллага, хэзээний ямар шийдвэрээр баталсан болох, ямар хууль тогтоомжийг үндэслэсэн болох талаарх мэдээлэл байхгүй. Үүнээс гадна, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төрөл, хэлбэрээр ялгавартайгаар зөвшөөрөл олгосон үндэслэлийн талаар дурдаагүй байна. /мэдээллийн эх сурвалж: http://ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=52033/
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлийн талаар НҮБ-ын Хүний эрхийн хорооны 102-р чуулганаар баталсан тайлбарын 44-т "Сэтгүүл зүй бол мэргэжлийн, бүтэн цагаар ажиллаж буй сурвалжлагч, шинжээч, мөн блогчид, хэвлэл болон интернет, өөр бусад хэрэгслээр өөрөө хэвлэн нийтлэл эрхлэгчдийг хамарсан өргөн хүрээтэй, олон тооны тоглогчдын дунд хуваагддаг үйл ажиллагаа бөгөөд улсын бүртгэлийн ерөнхий тогтолцоо, сэтгүүлчдийг лицензжүүлэх нь Пактын 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт үл нийцнэ. Хязгаарлагдмал итгэмжлэх үнэмлэх олгох нь тодорхой газар, үйл явдалд нэвтрэх давуу эрх олгож байгаагаар зөвшөөрөгдөнө. Ийм зохион байгуулалт нь 19-р зүйл, Пактын бусад зүйл заалтад нийцсэн, үл ялгаварлах зарчим, бодит шалгуурт үндэслэгдэх бөгөөд сэтгүүл зүй бол өргөн хүрээтэй, олон тооны тоглогчдын дунд хуваагддаг үйл ажиллагаа болохыг анхааралдаа авах ёстой" гэж, 45-д "... сэтгүүлч, хүний эрхийн зөрчлийг мөрдөгчдөд тухайн Гишүүн улс дотроо (зөрчилд нэрвэгдсэн газар нутаг, байгалийн гамшиг гарсан, хүний эрхийг гутаан доромжилсон гэх мэт газар ) хөдлөн явах эрхийг хязгаарлах нь Пактын 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ерөнхийдөө үл нийцнэ. Гишүүн орнууд нууц эх сурвалжаа хамгаалах сэтгүүл зүйн хязгаарлагдмал давуу эрх олгодог, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийн бүрэлдэхүүнийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэвэл зохино" гэснийг дээрх журмын зохицуулалт хангахгүй байна.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас 2020.05.13-ны өдөр гаргасан “Ковид-19 удирдамж”-д зааснаар КОВИД-19-тэй холбоотойгоор онцгой байдлын үеийн эрх хэмжээгээ гагцхүү нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэрэгжүүлэхээс бус хүний эрхийн хамгаалагчид эсвэл сэтгүүлчдийн ажил, үйл хэргийг няцаах, хүчингүй болгох эсвэл тэднийг чимээгүй болгоход ашиглах ёсгүй юм.
Иймд Монгол Улсын Засгийн газар, эрх бүхий байгууллагууд бүх хүнд хүртээмжтэй хэлбэрээр, бүрэн, хоёрдмол утгагүйгүйгээр мэдээллийг тухай бүр өгч байх үүргээ хэрэгжүүлэх, ингэж мэдээлэл өгөөгүй нөхцөлд иргэдийг "худал мэдээлэл тараасан" гэж шийтгэхгүй байхыг уриалж байна.
ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ
2020.11.26
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49