Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

Албан ёсны "муу дүн"

Хуваалцах:


Өнгөрдөг Пүрэв гаригт манай иргэд маань гарч жагсаад коронатай тэмцэж байгаа удирдлагын багт цээжиндээ удаан хадгалж байсан „МУУ“ дүнгээ албан ёсоор тавьчихлаа. Муу авсан хоёр сайд ямар алдаа гаргаснаа ойлгоогүй явсан төдийгүй ажлаасаа огцрох мэдэгдэл хийх үеэрээ нэг нь „Монгол улс дэлхий дээр коронатай хамгийн амжилттай тэмцэж байгаа таван орны нэг юм“ гэж мэдэгдлээ. Нөгөө нь „Ард иргэдээ дэлхий нийтийг хамарсан цар тахлаас сэргийлэхийн тулд бүх хүчээ дайчлан хоёргүй сэтгэлээр зүтгэлээ, үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд бид ковидын тархалтыг хохирол багатай даван тууллаа“ гэж тус тус хэллээ. Хэдийгээр уг сайд нар чармайн ажилласан нь үнэн боловч аж ахуйн нэгжүүд дампуурч байгаа, үүнтэй уялдаад иргэдийн дунд ядуурал ноцтой хэмжээнд ирээд байгааг холбогдох байгууллагууд нь удаа дараа сэрэмжлүүлээд байхад сэхээрч ойлгосонгүй.
Хэрэв бид өнөөг хүртэл коронатай тэмцэж ирсэн бүтцээрээ, аргаараа цаашдаа муйхарлан зүтгэвэл хэдхэн сарын дараа хор уршгыг нь арилгах боломжгүй эдийн засгийн сүйрэлтэй тулах гээд байна.Энэ бэрхшээлээс гарахад нэмэр болох үүднээс ХБНГУ-ын туршлага дээр тулгуурлан зарим санааг иргэд болон шийдвэр гаргагчидад хүргэхийг зорилоо. ХБНГУ-д коронатай тэмцэх асуудлыг ерөнхий сайд, эрүүл мэндийн сайд нь голчлон удирдаж шийдвэрээ гаргаад бусад байгууллагууд нь тэднийг үнэн зөв мэдээлэл, шинжлэх ухаанч судалгааны дүнгүүдээр шуурхай, тасралтгүй хангах замаар явж ирсэн.

Эдгээр байгууллагууд дотроос эрүүл мэндийн яамны харьяа өвчлөл, түүнчлэн халдварт өвчнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиг үүрэгтэй  Роберт Кох институт онцгой үүрэгтэй ажиллаж байгаа. Хэдийгээр өнөөдрийн байдлаар тухайн улсад 18.000 орчим халдвар хоногт бүртгэгдэж нөхцөл байдал ээдрээтэй, хөл хориог 2 сарын 14 хүртэл сунгаж хязгаарлаад байгаа хэдий ч шийдвэр гаргагчид нь бизнесийн салбараа бүхэлд нь хамгаалж авч үлдэх гэж чармайн ажиллаж байна. Эдийн засгаа хамгаалж чадахгүй нураачихвал корона-ын тархалт намжсаны дараа төр засаг нь өөрөө ч оршин тогтнох боломжгүй гэдгээ хатуу ойлгосон учраас корона дэгдсэн анхны өдрөөс л шийдвэр гаргагчид хүчээ нэгтгэж хүний амь насыг хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сөхрөөхгүйн төлөө хамтдаа ажиллаж байна. Ийм учраас тухайн улс том эдийн засагтай улсууд дотроо Японтой хамт коронагын үед эдийн засгаа хохирол багатай давж байгаа улс юм. Өнгөрсөн хугацаанд тухайн оронд болж байгаа үйл явцыг ажиглаад байхад аливаа арга хэмжээ, хөл хориог тавихдаа урьдаас иргэдээ үнэн зөв мэдээллээр хангаж иргэдээ аль болох бужигнаж сандраахгүй, айлгахгүй, стресдүүлэхгүй байх тал дээр онцгой анхаардаг. Өнөөдрийн хувьд аваад үзэхэд эмнэлэг, эмийн сан хүнсний дэлгүүрүүдээс бусад үйлчилгээний салбарууд ХБНГУ-д хаалттай бөгөөд иргэд хөл хорионы хязгаартай горимд байгаа.

Гэсэн хэдий ч шийдвэр гаргагчид бизнесээ бүх талаар дэмжин ажиллаж байна. Жишээлбэл, нийтэд үйлчлэхгүй байгаа Барилгын материалын дэлгүүрт жижиг бизнес эрхлэгчдийг үнэмлэхийг нь шалгаад, саадгүй нэвтрүүлж үйл ажиллагаандаа хэрэгтэй бараа материалаар хангах боломжийг нээлттэй орхисон. Өнгөрсөн 10 сарын турш гэрээсээ ажиллах боломжтой ажиллагсдаа аль болох энэ боломжоор нь хангах чиглэлийг нийт аж ахуйн нэгжүүдэд өгсөн. Хэдийгээр халдвар тархалтын нөхцөл байдал ээдрээтэй байгаа ч бизнесийн байгууллагуудыг ажилтнуудаа заавал гэрээс нь ажиллуул гэдэг тулгалтыг бол хийгээгүй байгаа.

Харин стратегийн ач холбогдолтой Сиймэнс, Адидас гээд аварга коцернууд учирч болох эрсдэлээс болгоомжилж ажилтнуудынхаа 95 орчим хувийг өнгөрсөн оны 3-4 сараас одоог хүртэл гэрээс нь ажиллуулсаар ирсэн. Энэ бүхнээс дүгнэж хэлэхэд ХБНГУ-д өнгөрсөн 10 сарын турш халдвар тархалт өндөр болсон, өөрөөр хэлбэл эмнэлгүүдийн сэхээн амьдруулах тасгуудын багаж техник, хүний нөөц шавхагдах эрсдэл нүүрлэсэн хүнд үед ч, хоолны болон бусад үйлчилгээний салбарыг эс тооцвол бизнесийн бусад салбаруудынхаа үйл ажиллагааг тасалдуулаагүй юм.

Өнгөрсөн хугацаанд үйл явцыг ажиглаад байхад корона-тай тэмцэх ажилд ХБНГУ-ын байгалийн гамшигтай тэмцэх алба, цагдаагын байгууллага, тагнуулын байгууллага шийдвэр гаргах түвшинд оролцох байтугай ямар нэг хэлбэрээр энэ асуудалд шууд оролцож байгаа зүйл жирийн иргэдэд огт ажиглагдаагүй болно.  ХБНГУ-ын коронатай тэмцэж байгаа бусад асуудлаар шийдвэр гаргагч нарт санаа өгөх үүднээс өнгөрдөг 11 сарын 23-30 нд өөрийн нийтлэлээ олон онлайн сонинд гаргасан болно. 

Дээр өгүүлсэн жишээнүүдтэй манай улсын нөхцөл байдлыг харьцуулж харъя. Хэдийгээр статистик дүн мэдээ одоогоор байхгүй байгаа хэдий ч манай улс хүн амын тоо, эдийн засгийн нөөц бололцоотойгоо харьцуулбал маш өндөр зардлаар коронатай тэмцэж байгаа нь хэд хэдэн зүйл дээрээс ажиглагддаг. Юуны түрүүн манай улсын корона-тай тэмцэж байгаа бүтэц дэлхийн улс орнуудтай харьцуулбал хэтэрхий нүсэр байна. Дээр өгүүлсэн ХБНГУ-ын бүтэцтэй харьцуулбал манай улсад коронатай тэмцэх ажилд Ерөнхий сайдын удирлага доор улсын онцгой комисс, эрүүл мэндийн яам, цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллага, Улаанбаатар хотын захирагчын алба голлох үүрэгтэй оролцдог. Хачирхалтай нь эдгээр байгууллага бүгдээрээ шийдвэр гаргах хэмжээний ороцоотой. Эдгээр дээр нэмээд ХӨСҮТ гэдэг бас нэг том шийдвэр гаргагч, төсөв захирч зарцуулах эрхтэй том байгууллага (ХБНГУ-д ийм бие даасан эмнэлэг байгаа эсэх ч дуулддаггүй).

Товчоор хэлбэл зуун ямаанд жаран ухна гэмээр гаж бүтцээр манай улс коронатай тэмцсээр ирлээ. Энэ асуудал тохиолдлын хэрэг огт биш бөгөөд өнөөгийн манай төрийн байгууллагуудын бүтэц өөрөө дэндүү нүсэр, өөр хоорондоо бодлогын уялдаа султай, данхар байгаагын шууд тусгал бөгөөд энэ гаж тогтолцоо коронагын үеэр ил боллоо. Ийм нүсэр бүтцийн сул тал нь олон салаатай, хоорондын уялдаа муутай, богино настай, хурд муутай шийдвэрүүдээр илэрч байгаа бөгөөд үр дүнд нь улс орны эдийн засгийн тэнхээнд ахадсан хэтэрхий их үрэлгэн, нүсэр зардал бий болж байна.

Өнгөрсөн 1 жилийн дотор, ялангуяа коронагийн халдвар дотроо алдсанаас хойш 3 сарын турш манай Монголд дээр өгүүлсэн байгууллагуудын үйл ажиллагааг хөндлөнгөөс ажвал „Хэн нь олон хүнийг богино хугацаанд стрессдүүлж чадах вэ “нэртэй асар олон оролцогчтой реалити шоу шиг харагдахаар байна. Тэдний бий болгосон түмэн стрессийг Монголын ард түмэн саруул ухаан, тэвчээрээрээ маш удаан тэслээ. Эцэст нь харин манай иргэд дуу нэгтэйгээр „МУУ“ гэдэг дүнг коронатай тэмцэж байгаа шийдвэр гаргагчидад  албан ёсоор тавьлаа.

Ингээд үр дүнд нь засгийн газар ажлаа өглөө. Шинэ засгийн газар шуурхай байгуулагдаж байгаа нь мэдээллийн хэрэгслүүдээс харагдаж байна. Л.Оюун-Эрдэнийн засгийн газар өмнөх засгын газрын алдааг давтаж өвдөг бүү шороодоосой, коронатай тэмцэх ажлын зорилгоо оновчтой тодорхойлж ард иргэд, улс орныхоо амьдралыг зөв гольдролд нь оруулаасай гэдэг үүднээс дараахь саналуудыг шийдвэр гаргагчидад даймаар байна.
Нэг. Одоогын коронатай тэмцэж байгаа нүсэр бүтцээ өөрчилж эрүүл мэндийн яамандаа суурилсан цомхон, чадвартай, бүтээлч шинэ багыг бүрдүүлэх. Шинэ баг дотор чинь заавал энгэр дүүрэн одонтой, цүнх дүүрэн димломтой хүн байх албагүй. Харин сэтгэлгээний хурд сайтай, оюуны бядтай, асуудлыг олон талаас нь харах чадвартай, орчин цагтай хөл нийлүүлэх чадвартай хүмүүс зайлшгүй хэрэгтэй.  

Коронатай шинжлэх ухаанчаар тэмцэхийн тулд эрүүл мэндийн сайдаа сонгохдоо мэргэжлийн хүн гэж туйлшралгүй, аливаа асуудлыг олон талаас нь шүүн тунгаах оюуны бяд сайтай, баг аваад явчих нуруутай, ард иргэдийн итгэлийг олж чадах чадварлаг зохион байгуулагчыг олж тавих нь шинэ засгын газрын хувьд өнөөгийн байдлаар хамгийн хэцүү бөгөөд чухал асуудал болж харагдаж байна. 

Хоёр. Коронатай тэмцэх ажлыг удирдаж байгаа УОК чадал муутайдаа энэ ажлыг нураасан биш юм. Тэдний ажлын чиг үүрэг энэ ажлыг хийхэд арай л холдоод байна. Өнөөдрийн байдлаар тэдний ажлын үндсэн чиг үүрэг нь гал, усны аюул, байгалийн  гамшигтай тэмцдэг, эр хүний хүч, эр зориг, авхаалж шаардсан ажлууд бөгөөд уг байгууллага нь цэргийн зохион байгуулалттай юм.Гэтэл коронатай тэмцэх ажил нь маш олон төрлийн мэдээллийг зөв түргэн ойлгох, дүн шинжилгээг шуурхай хийх чадвар, зардал мөнгөний талаар зөв ойлголттой байх гэх мэт оюуны хөдөлмөр давамгайлсан, урт хугацааны төлөвлөгөөнд суурилсан үйл ажиллагаа юм. Иймд УОК зэрэг цэргийн болон, хүчний байгууллагын оролцоог коронатай тэмцэх ажилд шийдвэр гаргах төвшинд бус харин гүйцэтгэх ажилд, зөвхөн онцгой шаардлагатай үед л дайчлах нь оновчтой болов уу. Тэгээд ч эдгээр байгуулагад үндсэн чиг үүргээрээ хийх ажил хангалттай их байгаа нь эргэлзээгүй.
Гурав. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд коронатай тэмцэхэд зарцуулсан зардал дээрээ дүн шиншилгээ хийж зарцуулсан мөнгөнийхөө хичнээн хувийг гол асуудалдаа зориулсан байна гэдгээ тогтоох. Үүнийг хийж байж ямар их буруу зүйлд мөнгөө урсгаад байгаагаа олж тогтоовол бүтцээ сайжруулахад тустай.
Дөрөв. Эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа худалдан авалтуудаа аль болох нээлттэй ил мэдээлж байх. Худалдан авч байгаа оношлогооны багаж хэрэгсэлээ аль болох ирээдүйд өөр зориулалтаар ашиглаж болох байдлаар авахыг онцгой анхаарах нь зүйтэй. Нэг ашигладаг амны хаалт зэргийг дотроосоо ханган нийлүүлэхийг зорих. Мөн нарийвчлал өндөртэй, коронагийн түргэвчилсэн оношлогооны багажийг бүтээсэн Др.Д.Нямбаяр тэргүүтэй өөрийн эрдэмтдээ цаг алдалгүй дэмжиж оношлгооны багажаа хэтдээ дотроосоо нийлүүлэхийг зорьж, оношлогоог илүү түргэтгэж чанаржуулах.
Тав. Ямарч ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ тухайн ажлыг ямар зардлаар хийсэн бэ гэдэг үнэлгээний үндсэн шалгуур зарчимыг хатуу баримтлах нь аливаа ажлын үр өгөөжийг тооцдог гол арга юм. Иргэдийг ямагт бухимдуулж байгаа чоно борооноор гэдэг шиг хийгддэг гадны олон төрлийн чанаргүй багаж, оношлуур, эмийн худалдан авалтаас зайлс хийхийн тулд худалдан авах ажиллагааг иргэдэд нээлттэй байлгах нь зүйтэй.Ингэж чадвал ард иргэдийн төр засагтаа итгэх итгэл дээшилж, гаргасан аливаа шийдвэрийг нь иргэд маань илүү сайн хүлээж авна. Төр засгийн бодлого, шийдвэр зөв гарвал Монголын ард түмэн бусад ямарч ард түмнээс илүү түүнийг дагаж мөрдөх ухаантай, хатуужилтай, төрөө дээдэлдэг уламлжалтай ард түмэн гэдгийг шийдвэр гаргагчид ямагт санаж байвал бид хамтын хүчээр коронатай маш чадварлаг амжилттай тэмцэж чадна.   
 
П. Давааням ХБНГУ
скачать dle 12.0