Эдийн засаг:
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон цагаас хойш бараг бүтэн жил өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй эсэх маргаан өрнөлөө.
Учир нь Үндсэн хуульд Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаатай, зөвхөн нэг удаа сонгох тухай заалт орсон юм. Нэгэнт хууль өөрчлөгдсөн тул өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвшвэл зургаан жилээс илүү хугацаанд ажиллах болж таарна. Эсвэл хуулийн өөрчлөлттэй зэрэгцээд бүгд нэг гараанд ирж байгаа болохоор бүх хүн нэр дэвших эрхтэй гэсэн асуудал ч хөндөгдөнө. Ялангуяа энэ маргаан өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгад хүндээр туссан. Учир нь ирэх зургаадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох хүчтэй нэр дэвшигчийн нэг бол тэр мөн л дөө.
Олон нийтийн анхаарлын төвд байдаг хуульчдаас энэ асуудлаар байр сууриа илэрхийлээгүй хүн ч бараг үлдээгүй. Гэхдээ болно гэж тайлбарласан нь ч, болохгүй гэж хэлж байгаа нь ч цаанаа өөрийн талын улс төрийн хүчний хүсэл сонирхлыг илэрхийлж байв. Тиймээс ч энэ асуудал явсаар Үндсэн хуулийн цэцээр шийдэгдэх юм байна гэсэн дүгнэлтэд олон нийт хүрээд байсан юм. Үүнийг дагаад ҮХЦ дээр эрх баригч нам хүчтэй юу, Ерөнхийлөгч илүү нөлөөтэй юу гэдгийг харах гэсэн хүлээлт, таамаг ч бий боллоо. Гэвч Цэц өчигдөр энэ улс төрийн маргаанаас бултаж орхив.
Тодруулбал, Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын гишүүн Т.Доржханд, Д.Үүрцайх, МУИС-ийн багш О.Мөнхсайхан нарын иргэд “Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй” байх шаардлагыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй орхигдуулсан утгатай мэдээллийг өгөөд байсан. Энэ асуудлаар ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго маргаан үүсгэж, холбогдох байгууллагууд тэр дунд Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл гаргуулах хүсэлт гаргаж байв. Тэгвэл уг асуудлыг өчигдөр болсон ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаанаар хэлэлцээд ҮХЦ-ийн гишүүн Д.Солонгын шийдвэрийг хүчингүй болгосон аж. Нэг үгээр Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөж болох эсэх тухайд биш харин Д.Солонгын маргаан үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгосон гэсэн үг. Ийнхүү Цэц хүчтэй улстөрчдийн “зодоон”-д оролцохоос зугтлаа.
ҮХЦ-д мэдээлэл гаргадгаараа алдартай иргэн Д.Ламжав цахим хуудастаа “Цэцийн гишүүний тогтоол, Цэцийн Бага суудлын хуралдаан Үндсэн хуулийн маргааныг шийдвэрлэсэн шийдвэр гаргадаггүй. Харин Цэцийн гишүүний тогтоолыг Бага суудлаар хэлэлцэж болдог бөгөөд холбогдох өргөдөл, мэдээллийн талаар Үндсэн хуулийн маргааныг Цэцийн Дунд буюу Их суудлаар хэлэлцэх эсэх шийдвэр гаргах хуультай. 2021 оны сонгуульд хэн ч дахин нэр дэвших эрхтэй болсон мэтээр ноцтой буруу мэдээлэл цацаж байна. Цэцийн бага суудал энэ асуудлыг огт хөндөөгүй, улс төрийн маргаанаас зай барин бүрэн эрхийнхээ хүрээнд маш зөв шийдвэр гаргасан хэмээн би үзэж байна” гэсэн байна лээ. Цэцтэй өнгөрсөн 30 жилд хамгийн ойр явж ирсэн энэ хүн Цэц улс төрийн маргаанаас зайгаа барьж байна гэж шууд хэлжээ.
Мөн хуульч Б.Мэргэн “Цэцээс Х.Баттулга нэр дэвших эрхтэй гэдэг шийдвэр ерөөсөө гаргаагүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд дэвших эрхгүй гэж хуульчлаагүй байна гэж Цэцэд гаргасан мэдээллээр маргаан үүсгэхгүй л гэсэн. Маргаан үүсгэхгүй гэсэн нь дэвших эрхтэй гэж шийдсэн гэсэн үг огт биш буюу энэ талаар Цэц ямар нэг шийд гаргаагүй. Үндсэн асуудлыг хэлэлцээгүй. Маргаан үүссэн бол асуудлыг хэлэлцэж байж шийднэ. Өөрөөр хэлбэл хэлэлцэх эсэхээ л шийдсэн. Тэгээд хэлэлцэхгүй болсон. Шал өөр ойлголтууд шүү” гэсэн тайлбар цахим хуудастаа тавьсан байна лээ. Эдгээр хуульчид өнгөрсөн хугацаанд аль нэг намын талд байр суурь илэрхийлж байгаагүй болохоор зориуд сонгож авсан юм. Цэцийн хувьд хэрэв дээр дурдсан мэдээллийг хэлэлцэж эхлээд ямар ч шийдвэр гаргасан бай улстөржилтийн талцал хуваагдлын аль нэг талд гарсан мэт харагдах байсан. Тэгэхээр өөрийнх нь дээр зөвхөн хөх тэнгэр оршдог гэх Үндсэн хуулийн цэц магадгүй нэр төрөө “зугтаж” хамгаалж байгаа нь л энэ байх даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Бага насныхан богино хугацаанд
25-11-2024, 11:43
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49