Мэдээ мэдээлэл

Л.Онцгойбаяр: Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага, албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно

Хуваалцах:
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулж, гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяраас тодруулсан юм.Тэрбээр "Хуурай замын цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 22:40 цагт цэргийн дүрмийн бус харилцааны зөрчил гарсан. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ цэргийн дүрмийн бус харьцааны зөрчил гаргаж, харуулчин-байлдагч Б-гийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан харамсалтай хэрэг гарлаа. Гарсан асуудлыг мэдсэн даруйдаа ЗХЖШ-аас шуурхай арга хэмжээ авч, байлдагч Б-д анхан шатны тусламж үзүүлж, яаралтай Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн. Одоогоор байлдагчийн биеийн байдал хүндэвтэр, тогтворжуулах буюу тайвшруулах, биеийн амин дэмүүдийг дэмжих эмчилгээ хийлж байна. Үүний дараа Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт шилжүүлж, шаардлагатай мэс засал, эмчилгээг шат дараатай хийнэ.
Болсон асуудалтай холбогдуулан бид бүхэн байлдагч Б-гийн ар гэрийнхэнтэй уулзаж, уучлалт гуйсан. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж, эх орондоо эр цэргийн тангараг өргөн, алба хааж байгаа байлдагчийг зодож гэмтээнэ гэдэг бол хэзээ ч байж болшгүй бөгөөд эвлэршгүй зүйл юм. Үүндээ Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын удирдлагууд бид дахин уучлалт эрж байна.
Байлдагчийн биед халдаж, гэмтээсэн асуудалтай холбогдуулан Батлан хамгаалахын дэд сайдын ахалсан Дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогчийн ахалсан Дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл тус бүр хуралдаж, шат шатанд нь хариуцлага тооцохоор боллоо. Тухайлбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага, шат дараалсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно. Мэдээж Хуурай замын цэргийн командлалын удирдлагууд бид ч гэсэн хариуцлага хүлээхэд бэлэн байна.
Үүргээ гүйцэтгэж байсан байлдагчийн биед халдсан салааны захирагч Г-гийн цэрэг алба хаах хугацааг дуусгавар болгож, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Болсон асуудлыг хууль хяналтын байгууллага шалгахаас гадна Зэвсэгт хүчний Хяналт шалгалт, үнэлгээний газраас давхар шалгаж байна" гэлээ. 

скачать dle 12.0