Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б гэгч энэ сарын 28-нд салааны даргадаа зодуулан хүнд гэмтэж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн ч өнгөрсөн шөнө нас барсан харамсалтай хэрэг гарлаа.
Талийгаач 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний 326 дугаар ангид татагдан очиж алба хааж байсан юм байна. Түүнийг харуулын үүрэг гүйцэтгэж байх үед нь тухайн өдрийн харуулын дарга, салааны захирагч, дэслэгч Г дүрмийн бус харилцааны зөрчил гарган байлдагчийн биед халдсан тухай Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлсэн юм.
Сүүлийн жилүүдэд цэргийн албан хаагчийг дарга нь зодож гэмтээх, улмаар амь насыг нь хөнөөх хэргүүд ар араасаа гарсаар байгаа. Тухайн үедээ хэргийг үйлдсэн дарга нар нь гэмт хэрэгтэн болж, Зэвсэгт хүчнийн Жанжин штабын удирдлагуудад хариуцлага тооцох талаар ярьдагч цэргийн дэг гэх шалтгаанаар байлдагчид амь насаа алдах явдал тасрахгүй байсаар байна. Уг нь тус асуудалд анхаарал хандуулах, арга хэмжээ авах ёстой хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм.
Зэвсэгт хүчний Жанжин штаб /цаашид ЗХЖШ / нь төрийн цэргийн байгууллагуудыг цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллага билээ. ЗХЖШ-ын удирдлага шууд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулгад байдаг. Өөрөөр хэлбэл МУ-ын Ерөнхийлөгчид уг асуудалд шууд орох эрх нь бий бөгөөд уг асуудалд голчлон анхаарч дахин амиа алдах цэрэг залуусын амь насыг хамгаалах ёстой. Гэвч манай Ерөнхийлөгч энэ мэт асуудал гарахад бүлх залгисан мэт чимээгүй байсаар ирсэн. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ҮАБЗ-ийн дарга юм бол зэвсэгт хүчинд алба хааж байгаа эр цэргийнхээ энх цагт амь насаа алдаж байгаа асуудалд анхаарах цаг чинь болсон гэдгийг дээрх хэрэг санаалсаар байгааг хэлье.