Мэдээ мэдээлэл

Өөртөө хайртай хүн бүрийн УСАА хэмнэх тухай мэддэг 5 зүйл

Хуваалцах:
Усгүй амьдралыг төсөөлцгөөе. Нэг цаг, нэг өдөр ч бид эрүүл, аз жаргалтай амьдарч чадахгүй байх даа? Гэтэл бид үнэхээр өдөр тутамдаа усаа хэмнэж чаддаг билүү? 2050 он гэхэд манай улсын цэнгэг усны нөөц дуусаж болзошгүй гэсэн судалгаа бий. “Болзошгүй” гэсний учир нь хэрвээ бид яг одоо хэмнэж чадвал хадгалж чадна, үгүй бол шавхагдаж дуусна гэсэн үг. Саяхан л 2020 он маш хол мэт санагддаг байсан биш гэж үү? Тэгвэл өөртөө хайртай хүмүүс өөрийн болон ирээдүйнхээ төлөө усаа хэрхэн хэмнэдэг бол?
dotor-oroh-1 Өөртөө хайртай хүн бүрийн УСАА хэмнэх тухай мэддэг 5 зүйл
1. Тэд маш жижиг, энгийн зүйлээс эхэлдэг.
“Усаа хайрлая” гэсэн бичигтэй цамц өмсөж, фэйсбүүктээ пост бичихээс илүү тэд энгийн, жижигхэн зүйлээс эхэлдэг. Ердөө л өглөө босоод стаканд усаа хийж шүдээ угаах, аягаа угаах болон шүршүүрт орохдоо усаа хаах нь л усаа хэмнэхэд асар их ач тустай үйлдлүүд юм.
dotor-oroh-2 Өөртөө хайртай хүн бүрийн УСАА хэмнэх тухай мэддэг 5 зүйл
БАРИМТ: Манай улсын орон сууцанд амьдардаг нэг хүний хоногийн усны дундаж хэрэглээ дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглээнээс 2 дахин их буюу 230-280 литр байна.
2. Тэд үүнийг өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө хийдэг.
2050 онд бид хэдэн настай байх бол? 30,40, магадгүй 50… Хэрвээ энэ хэвээрээ бид усаа урсгаад л байвал гучхан жилийн дараа манай улс цэнгэг усны нөөцгүй болох нь. Хүүхэд минь төрөөд усгүй нийгэмд амьдарвал хэчнээн харамсалтай вэ? Өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө яг одоо хийх хамгийн амархан алхам бол яах аргагүй усаа хэмнэх юм.
dotor-oroh-3 Өөртөө хайртай хүн бүрийн УСАА хэмнэх тухай мэддэг 5 зүйл
БАРИМТ: Манай улсын нийт усны нөөцийн 80 гаруй хувийг гадаргын, 20 хүрэхгүй хувийг гүний ус эзэлдэг, усны нөөц багатай орны нэг юм. Харамсалтай нь хэрэглээний усныхаа 85 хувийг газрын гүний усаар хангаж байна.
3. Тэд үүнийг “хийх хэрэгтэй” бус “хийх ёстой” зүйл гэж боддог.
Ус дутагдаж, усны чанар муудсанаар булчин задрах өвчин, гэдэсний хижиг, туулга зэрэг ходоод гэдэсний замын өвчин болон халдварт өвчин нэмэгдэх аюултай. Мөн ус хомсдсоноор хараагүй болох аюултай бөгөөд нүдний халдвар, тахал, уяман өвчнийг үүсгэж болзошгүй юм. Усгүй л бол амьдрал үгүй гэдгийг тэд сайн мэддэг.
dotor-oroh-4 Өөртөө хайртай хүн бүрийн УСАА хэмнэх тухай мэддэг 5 зүйл
БАРИМТ: 2019 онд Монгол Улсын хэмжээнд 297 гол мөрөн ширгэж үгүй болжээ.
4. Тэд ном, кино, урлагаас хариултыг хайдаг.
Усгүй ирээдүйн тухай “Mad Max” киног санаж байна уу? Балгахан усны төлөө дайтаж, усны эрэлд гарсан аймшигт нийгмийг дүрсэлсэн уран зөгнөлт кино боловч хүний ухамсаргүй үйлдлээс болж биелэх ч боломжтой ертөнц. Ном, кино, урлагаас суралцаж, алдаж болох зүйлсээ сэрэмжилцгээе.
dotor-oroh-5 Өөртөө хайртай хүн бүрийн УСАА хэмнэх тухай мэддэг 5 зүйл
БАРИМТ: Дэлхий дээр байгаа нийт усны 1 хувийг цэвэр ус эзэлдэг бөгөөд яг одоо ойролцоогоор 1.5 тэрбум хүн ундны цэвэр усны хангамжгүй амьдарч байна.
5. Тэд мухар сүсэг бус бодит баримт мэдээ, судалгаанд итгэдэг.
“Ус бол дундаршгүй баялаг” хэмээн бодсоор хайр гамгүй урсгах уу? Эсвэл усны хомсдлын тухай албаныхны мэдээ мэдээллийг үндэслэн яг одоо хэмнэх үү? Энэ бидний сонголт. Нэг жинсэн өмд хийхийн тулд 10 мянган литр ус ашигладаг тухай тооцоолол бий. Зөвхөн усаа хэмнэхээс гадна ус ихээр зарцуулдаг хуванцар эд зүйлс худалдан авахгүй байх, цаасаа хэмнэх, ундны усыг маш ихээр ашигладаг тул “fast fashion” буюу чанар муутай хямд хувцас удаа дараа авахгүй байх нь чухал юм.
dotor-oroh-6 Өөртөө хайртай хүн бүрийн УСАА хэмнэх тухай мэддэг 5 зүйл
БАРИМТ: Нэг тонн будагтай даавуу гарган авахын тулд 200 тонн цэвэр ус ашигладаг.
Энэхүү нийтлэлийг “Сайн сайхныг санхүүжүүлэгч” Голомт банктай хамтран бэлтгэв.
Яг одоо усаа хэмнэн, эх дэлхийгээ хайрлацгаая.
dotor-oroh-8 Өөртөө хайртай хүн бүрийн УСАА хэмнэх тухай мэддэг 5 зүйл
Нийтлэлч: Г.Сүрэн /Ub.life/
скачать dle 12.0