Мэдээ мэдээлэл

Балбад халдвар авсан уулчдыг нүүлгэн шилгүүлжээ

Хуваалцах:


Балбад коронавирусний халдвар авсан байж болзошгүй, янз бүрийн орны 19 уулчныг Хималайн нурууны Даулагири буюу Цагаан уулын (8 167 м) баазуудаас нүүлгэн шилжүүлсэн тухай “Hindustan Times” сонин мэдээлжээ. Уулчдын долоогийнх нь коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд үлдсэн уулчдын хариу удахгүй гарна гэж Балбын аялал жуулчлалын “Seven Summit Trek Mingma Sherpa” компани тус сонинд мэдээлсэн байна.  Дэлхийн долоо дахь ноён оргил болох Даулагири нь Эверестээс баруун зүгт 345 км зайтай оршдог аж. Одоогийн байдлаар уулын бэлд байрлах бааз кэмпүүдээс түргэвчилсэн оношлуураар халдвар илэрсэн 30 уулчин болон Балбын газарчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Халдвар авсан уулчдыг Катманду хот руу нисдэг тэргээр хүргэж, эмнэлэгт хэвтүүлжээ.
Уулчдын гол баазад нийтдээ 1500 орчим хүн байгаа бөгөөд тэдний 408 нь Эверест рүү авирахаар бэлтгэж байгаа аж. Мөн  Лхоце уул руу (8516 м) авирахаар бэлдэж буй 100 орчим хүн хоёрдугаар баазад байрлаж байна. Уулчдад үзлэг хийж буй эмч нар баазуудын хооронд явахгүй байж, амны хаалт байнга зүүхийг тэдэнд уриалжээ. Мөн амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрвэл тэр даруй авиралтаа зогсоохыг зөвлөсөн байна.

Балбын эрх баригчид энэ жил дөрөв, тавдугаар сард Эверестэд авирахад тавьсан хязгаарлалтаа цуцалж, янз бүрийн орны уулчдын багт 394 зөвшөөрөл олгосон байна. Пүрэв гарагт Балбад халдварын 7660 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болжээ. Тус улсад халдвар авсан нийт хүний тоо 369 мянгад хүрч, 292 мянган хүн эдгэрсэн бол 3529 өвчтөн нас барсан байна. Халдварын тархалтыг хумихын тулд Балбын Засгийн газар энэ сарын 6-наас 14-ний хооронд дотоодын бүх нислэг, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ, мөн олон улсын нислэгийг зогсоожээ.

скачать dle 12.0